Нийгэм


Олон улсын чуулганыг эх орондоо зохион байгуулна

4 жил, 3 сар TIMES.MN

Зүүн хойд Азийн бүсийн хэмжээнд Монголын сайн дурынханы оролцоог тодорхойлох чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулган нь НҮБ-ийн Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо (ESCAP), Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн хамтран зохион байгуулдаг бүсийн хэмжээний онцлох арга хэмжээ юм. 2015 оны 6 сарын 25-наас 7-р сарын 02 хоорондУлаанбаатар хотноо гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгчид “Нийгмийн хөгжилд сайн дурын оролцоо” сэдвийн дор хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээ, энхтайван болон нийгмийн хөгжил дэх залуусын сайн дурын оролцоог дэмжих чиглэлээр чуулж “Улаанбаатарын уриалга”-ыг батлан тунхаглана. Чуулганы үр дүн, гаргасан шийдэл, уриалга нь олон улсын түвшинд даган мөрдөгдөж, хэрэгжилтээ олох юм.

Анхдугаар чуулган нь Ази, Номхон далайн бүсийг хамарч Бангкок хот дахь НҮБ-ын Ази номхон далайн бүсийн төв байранд зохион байгуулагдаж байсан бол хоёр дахь чуулга уулзалт Балба улсын нийслэл Катмандуд Өмнөд Азийн бүсийг хамран зохион байгуулагдаж байлаа. Харин Улаанбаатарын чуулган нь Зүүн хойд Азийн бүсийг хамарч буйгаараа онцлог юм. Улаанбаатарын чуулганы үргэлжлэл болж энэ оны наймдугаар сард АНУ-ын нийслэл Вашингтон, Нью Йорк хот дахь НҮБ-ны төв удирдлага, Дэлхийн банкны Төв удирдлага хамтран Олон улсын залуу манлайлагчдын чуулганыг зохион байгуулна.

2015 оны зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах“Нийгмийн хөгжилд сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн залуу манлайлагч нарын олон улсын чуулга уулзалтанд үндэсний хийгээд олон улсын нэр хүндтэй элч төлөөлөгч нар оролцоно. Чуулганд Монгол, БНСУ, БНАСУ, Япон, Австрали, Хятад, ОХУ, Балба зэрэг улсуудын сайн дурынханы шилдэг төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

Чуулга уулзалтын зорилго нь эрүүл мэндийн үйлчилгээ, залуучуудын бизнес эрхлэлт, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо сайн дурынханы хүчээр хамгаалах, сэргээх зэрэг нийгмийн цар хүрээтэй олон асуудлуудыг хөндөж салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн дурыханы хууль эрхзүйн таатай орчинг буй болгох,нийгмийн хөгжилд сайн дурынханы оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг сурталчилан таниулан, туршлага солилцоход чиглэсэн байх ба нийгмийн хөгжилд түлхэц өгөхүйц, цар хүрээтэй үйл явдал болох юм.

Чуулга уулзалт нь залуу манлайлагчдын соёлын солилцооны хөтөлбөрөөр үргэлжилнэ.Дөрвөн хоног үргэлжлэх соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хотын аялал, семинар, воркшопууд, мод тарих ёслол, бэсрэг наадам, монголын соёлыг сурталчилах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Ийнхүү монголын сайн дурынхан бүсийн хэмжээний олон улсын чуулганыг эх орондоо зохион байгуулж, өөрсдийн дуу хоолойг эх орондоо төдийгүй олон улсад, НҮБ-ийн Ерөнхий Ассамблейд хүргэх гэж байна. 

Чуулга уулзалтанд оролцохыг хүсвэл Volunteers.mn сайтаар бүртгүүлж болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.