Нийгэм


Д.Эрдэнэбат: Нефть боловсруулах үйлдвэр барина

4 жил, 8 сар TIMES.MN

-2020 он гэхэд нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар  ам.долларын ханшийг бууруулах боломж бий-

Долоо хоног бүр уламжлал болгон зохиогддог “Сайдын цаг” уулзалтын зочноор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцсон юм. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Импортыг багасгаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд гаалийн тарифын ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-“Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг  УИХ-д өргөн барихад бэлтгэгдэж байна. Энэ хуулийг дагалдаж “Импортын гаалийн татварын тухай хууль” орж ирнэ. “Импортын гаалийн татварын тухай хууль”-д дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараа, бүтээгдэхүүний гаалийн татварт өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ асуудалд хүмүүс янз бүрийн байр, сууринаас хандаж, зөв, буруу гэцгээж байна. Миний хувьд үүнийг зөв алхам гэж бодож байгаа. Би нэг тоо хэлье. “Импортын гаалийн татварын тухай хууль”-иар найман нэрийн 300 гаруй төрлийн барааны импортын гаалийн татварт өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг би ганцаараа гаргахгүй. УИХ-аар хэлэлцээд импортын татварт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эцсийн шийдвэр гарна. Хэдийгээр нэг талаас нь харахад импортын татвар худалдаанд сөрөг нөлөөлөх мэт боловч нөгөөтэйгүүр үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд ашигтай, үр дүнтэй тусна гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна.

-“888” төсөл цаашид хэрэгжихгүй гэж ойлгож болох уу ?

-“888” гэдэг нэр өгөхөө одоо болъё. Яг үнэнийг хэлэхэд би аливаа зүйлд нэр өгч, зүтгүүлэхэд тийм ч таатай ханддаггүй. Энэ өдрөөс хойш Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогод нийцсэн төслүүд гэж ярьцгаая. Ийм төслүүдийг Аж үйлдвэрийн яам дэмжихэд бэлэн байна. Өнөөдрийн байдлаар Аж үйлдвэрийн яаманд 3000 гаруй төсөл хураалгаастай байгаа. Эдгээрээс үнэхээр шаардлагатай гэсэн төслүүдийг нь шалгаруулж, хэрэгжүүлнэ. Ингэхдээ ирэх сараас сонгон шалгаруулалт зарлана. Үнэхээр Монгол Улсад шаардлагатай, хэрэгцээтэй, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

-УИХ-аас Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан. Хууль батлагдсанаар та чөлөөт бүсийн цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ. 20 гаруй жилийн хугацаанд чөлөөт бүс байгуулахаар ярьсан ч өнөөг хүртэл төдийлөн амжилт олоогүй байна. Саяхан Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлчихлөө?

-Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Энэ хүрээнд шинэ бүтцийн дагуу чөлөөт бүсүүдийн захирагч нарыг чөлөөлсөн байгаа. Миний төсөөлөл, хүлээлт бол чөлөөт бүсийн хөгжил ирэх жилүүдэд  өмнөх жилийн гунигтай түүхийг давтахгүй  гэж бодож байна. Түүнээс биш  тийм хугацаанд чөлөөт бүс ингэж  хөгжинө гэдгийг яг одоо хэлэхэд арай эрт байна. 

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан энэ үед Аж үйлдвэрийн яам байгуулагдсан. Танай яам хэчнээн хэмжээний хөрөнгө татах төсөөлөл байна вэ?

-Концессын гэрээний асуудал манай яаманд шилжиж ирсэн. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш 17 төслийг концессоор хийхээр болоод байна. Энэ хүрээнд нийтдээ 7.3 их наяд төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж хүлээж байгаа.Үүнээс  2.3 их наяд төгрөгийн концессын төсөл энэ онд хэрэгжинэ. Концессын төслүүдийн тухайд эхний ээлжинд аймгийн төвүүдийг автозамтай холбох ажлыг гүйцээх ёстой. Баруун чиглэлийн аймгуудыг автозамтай холбох ажлыг энэ онд эхлүүлж, 2016 онд дуусгах ёстой. Мөн ДЦС-ууд барих, нийгмийн шинж чанартай зарим төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлнэ.Аж үйлдвэрийн яаманд баруун, зүүн хоёр гар хэрэгтэй. Нэг  нь сан, нөгөөх нь гадаадын хөрөнгө оруулалт. Түүнээс биш төсвийн хөрөнгөөр тоглож, нааддаг байгууллага нь Аж үйлдвэрийн яам биш.

-Төлөвлөгөөгөөр нефть боловсруулах үйлдвэрийг 2020 он гэхэд ашиглалтад оруулна гэж байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа бол жил гаруй хугацааны дараа л дуусна. Ард түмэн дүнгээ тавина. Энэ тохиолдолд нефть боловсруулах үйлдвэр 2020 он гэхэд үнэхээр бүрэн ашиглалтад орох төсөөлөл байна уу? 

-2020 онд ямар Засгийн газар байх нь хамаагүй. Харин 2020 он гэхэд Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болсон байх нь чухал. Түүхий эдийн гачигдлын асуудал байхгүй. Энэ Засгийн газрын үед, Аж үйлдвэрийн яам байх хугацаандаа ямар ч байсан нефть боловсруулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа.Суурийг нь зөв тавих нь чухал.  Дотооддоо нефтийн нөөцтэй хэрнээ  боловсруулах үйлдвэргүй  цорын ганц орон байгаа ньМонгол. Бид энэ байдлыг өөрчлөх ёстой. Нефть боловсруулах үйлдвэр байгуулснаар дотоодын нефтийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Дотооддоо нөөцтэй хэрнээ боловсруулах үйлдвэр барьж чадахгүй юм бол улс гэж байх хэрэг байна уу, үгүй юу. Байгаль орчны үнэлгээ хийх, урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсны дараа хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулна. Хөрөнгө оруулагчдыг шалгаруулах үед төр оролцох эсэхийг шийднэ. Үндсэн суурь  даалгаварыг хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ хугацаанд үйлдвэрүүдээ барьж амжих нь чухал. 2020 он гэхэд валютын савлагаанд өртөхгүй, импортын хараат байдлыг арилгах боломж байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.