Нийгэм


Мьянмарт Монгол улсын 14 иргэн оршин сууж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Мьянмарын цэргийн удирдагчид төрийн эргэлт хийснээс хойш эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр гэхэд л 18 хүн нас барж, 30 гаруй хүн гэмтэж шархадсан байна.

Өнөөдрийн байдлаар 14 хүн Тайланд дахь Элчин сайдын яаманд бүртгүүлжээ. Тэднээс 6 нь эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Мьянмарт Монголын Элчин сайдын яам байхгүй тул Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлтийг бүртгэж байгаа аж.

Эх орондоо буцах хүсэлтэй гэр бүлийг тусгай үүргийн нислэгээр дамжуулан татан авахад анхаарч байгаа ч тус улс руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаад байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбарлалаа.

Тус улсад олон улсын байгууллагын чиглэлээр ажилладаг, мөн гадаадын иргэдтэй гэр бүл болсон Монгол улсын иргэд амьдардаг ба одоогоор тэд гэрээсээ ажиллах дэглэм мөрдөж байгаа аж. Яаралтай буцах нэг гэр бүл хүсэлтээ илэрхийлсэн тул шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ яах вэ гэдгийг тодорхой болгоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.




Холбоотой мэдээлэл