Сонголт


Багц мэдээ: ЭЕШ-д онлайнаар бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn хуудсаар, орон даяар эхэллээ. ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Бүх шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өгсөн байх ёстой бөгөөд тодорхой онооны шалгуур хангасны дараа ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ. 


ЭЕШ-д онлайнаар бүртгүүлэх шалгуулагчид дараах бичиг баримтыг бүртгүүлнэ
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол улсад оршин суух түр үнэмлэх/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар, цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Банкны интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/


Өмнөх онд төгссөн шалгуулагчдын анхааралд:  www.eec.mn цахим хаягаар зарласан бүртгэлийн хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана. Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгох боломжтой. Шалгалтын батламжийн хугацаа нь дуусаагүй буюу 2,5 жил дотроо болон онооны түвшин хүрч байвал монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил өгөхгүй байж болно. 


ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. МХБШ нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно.ЭЕШ-ын шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"-д нэвтэрч хэвлэн авна. Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч нь QR код бүхий энэ хуудсаа сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн "бүртгэлийн хуудас" нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна.


ЭЕШ өгөхөөр ирэхдээ заавар бүрдүүлэх материал


  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2021 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид бурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг






Холбоотой мэдээлэл