Эдийн засаг


Уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжинэ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн энэ оны нэгдүгээр улирлын ээлжит хурлыг хоёрдугаар сарын 1-16-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ.

Эхний өдрийн хурлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн саналыг боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулан байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл орж ажиллав.

Хоёрдугаар сарын 16-ны өдрийн хурлаар эдийн засгийг сэргээх хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжих болон хөдөө аж ахуйн салбарт олгох хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын зорилттой уялдуулан репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх санал, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг танилцуулжээ.

Уг арга хэмжээний саналыг СТБЗ-ийн гишүүд дэмжсэн байна. СТБЗ-өөс гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас танилцуулж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг батлуулж, хэрэгжилтэнд хяналт тавихаар тогтжээ.




Холбоотой мэдээлэл