2021 оны 11-р сарын 3-ны өдөр
Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт бороо шивэрсэн, сэвшээ салхитай, чийглэг жиндүүхэн цаг агаартай өдөр Баваарын Хоф хотод болов. Хоф хотын номын санд зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Хоф хотын дарга, хатагтай Ангела Беер нээж үг хэллээ. Тэрээр “Алс холоос биднийг зорин ирсэн хүндтэй зочин манай хотод номоо танилцуулж байгаад баяртай байна. Үүгээр бид хамтдаа хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх нэг алхам хийж байна” хэмээн онцоллоо. Энэхүү арга хэмжээг номын зохиогчийн анд Уве Фикиншеер удирдан зохион байгуулсан юм. Уве Фикиншеер нь тус хотын нэртэй архитектор, бусдаас ялгарах давхар нарийн мэргэжилтэй нэгэн. Нарны энергийн талаар судалдаг, түүнийгээ өөрийнхөө үндсэн мэргэжилтэй уяж “архитектур-нарны энергийн хослол” бүхий эдийн засгийн өндөр үр ашигтай, ээлтэй технологи шингээсэн төрөл бүрийн барилгуудын төслүүд хийж олон нийтэд танилцуулдагаараа алдартай. Тэрээр номын уулзалт дээр “Монголын соёл үнэхээр агуу юм. Монгол гэрийн дулаанаа хадгалах, агаарын зөв солилцоо хийдэг зэрэг онцлогууд сонирхол их татсан. Монгол гэрийг нарийн судалж, түүнийг нарны энергиэр зардал багатай хэрхэн халаах боломжийг эрэлхийлж байгаа” гэв.
Биднийг очиход Хоф хотын төв номын сангийн танхимыг номын уулзалтад зориулж сэтгэл гарган донжтой тохижуулжээ. Ноён Фикиншеерийн компани дээр дадлага хийж байгаа Номин-Дарь, найз Аззаяагийн хамт Монгол сүүтэй цай чанаж бэлтгэн зочдыг дайлав. Борц, шар тостой хийцэлж чанасан цай нь амт, үнэр гэж онцгой сайхан байлаа. Хоёр бүсгүй Монголын зохиолч ирж номоо танилцуулахад үндэснийхээ цайгаар дайлахаар эх нутгаасаа цайны идээ зориуд захиж авчруулжээ. Амттай сайхан цайг зарим германууд бүүр хоёр, гурван удаа нэмүүлж харагдана лээ. Германд арга хэмжээг эртнээс төлөвлөдөг хэдий ч зохиолчийн найз Фикиншеер сэтгэл гарган богино хугацаанд зар гаргаж арга хэмжээг зохион байгуулж, 30 орчим хүн ирэхээр төлөвлөж байтал хоёр дахин илүү хүмүүс цугларав. Сүүлдээ хүн багтахаа байж, шатныхаа дээд, доод талд нэмж суудал зассан юм. Мөн Хөх Монгол хамтлагийнхан ирж ая дуугаа өргөн, арга хэмжээг хөгжөөв.
Номын үдэшлэг өндөрлөж, зорьж ирсэн уншигч, оролцогчид олон асуулт тавьж байлаа. Монголчуудын соёл, дэлхийн дулаарал Монголд хэрхэн нөлөөлж байгаа болон шашин шүтлэгийн талаар тодруулж, одон зурхайн судлалын тухай, хань ижлээ сонгоход ээлтэй жил, хуримлах өдөр гээд олон зүйлийг мэдэж болох уу зэрэг хувь хүнийхээ хувьд сонирхсон зүйлээ ч лавлаж байв.
Энэхүү номын танилцуулах уулзалтаа өндөрлөөд номын зохиогч Д.Тэрбишдагва маргааш өдөр нь Баваарын эдийн засгийн сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төвийн хөгжлийн хамтын ажиллагааны зөвлөх Мартин Бал хамт олныхоо хамт хүлээж авав. Богино хугацааны мэргэжлийн сургалтын чиглэлээр мэргэшсэн, үүгээрээ нэртэй төв аж. Эдийн засгийн дахин сургалт явуулах академи гэсэн нэртэйгээр анх 1986 онд байгуулагдсан түүхтэй юм билээ. Герман нь 16 муж буюу Бундесландуудаас тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Үүний 11 мужид нь энэхүү сургалтын төвийн салбарууд байх бөгөөд богино хугацааны сургалтаас гадна бүх төрлийн техникийн болон удирдлагын түвшний дахин сургалтууд явуулдаг юм байна. Энэ үеэр номын зохиогч Д.Тэрбишдагва “Ажилсаг Монгол” хөтөлбөрөө танилцуулж, Монголоос мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал бодлоо хуваалцлаа. Тус төвийнхөн цаашдаа мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлэв.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Сэтгэгдэл