Газар дээрээс нь


ЭМЯ: БГД-т агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан байх магадлалтай

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Дэлхийн зарим оронд орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархсаныг тогтоосон талаар хэд хоногийн өмнө ЭСЯ анхааруулсан. Тэгвэл манай улсад ч мөн адил агааржуулалтын хоолойгоор дамжин халдвар тархсан байх магадлалтайг хэллээ. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.01.22/  хурлаар дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, БГД-ийн 6 дугаар хороонд нэгдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан дөрвөн  өрхийн найман  тохиолдол агаар сэлгэлтээс үүдэн халдвар тархсан гэж үзэх магадлал өндөртэй. 5 дугаар орцны 2-5 давхарын айлууд өвчилсөн. Өвчлөл бүртгэгдсэн айлууд агаар сэлгэлтийн нэг сувагтай, айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөөнд нь үнэртдэг. Энэ бол нэг айлаас нөгөө айл руу агаар нэвтэрч байгааг илтгэж байгаа юм. Тус орцны 1 ба 6 дугаар давхрын айлд өвчлөл бүртгэгдээгүй. Халуун агаар дээшээ урсгалтай тул 1 давхрын айл өвчлөөгүй. Харин 6 давхрын хувьд барилгын хамгийн дээд давхар бөгөөд барилгын хамгийн дээд давхрын хувьд агаар сэлгэлтийг өөр шугамаар авч, гадагшлуулдаг. Тийм учраас өвчлөөгүй байх магадлалтай байна. Тус байрны оршин суугчдын хувьд агааржуулалтын суваг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, хааж нээх хавхлаг байхгүй гэж хэлсэн. Ийм учраас агаар сэлгэлтийн системээр халдвар дамжсан байх магадлалтай гэсэн таамаглал гаргаж ирснийг хэллээ.

Тиймээс гэрийн нөхцөлд цонхоо нээх хэрэгтэй. Боломжтой бол бага хэмжээгээр 24 цагийн турш цонхоо онгорхой байлгах эсвэл ойрхон давтамжтайгаар нээж, хааж байгаарай.




Холбоотой мэдээлэл