Нийгэм


Мэдэгдэл: Г.Ёндон сайдыг улираан ажиллуулах хүсэлт гаргаж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

МЭДЭГДЭЛ

Коронавирусыг дотроо алдсан нэн эгзэгтэй бөгөөд эрсдэлтэй үед Монгол хүмүүс  бие биеэ ямар их энэрч хайрладаг, цагаан цайлган сэтгэлтэй, харин түүнийг нь хэдхэн нөхөр яаж ашиглаж улс төр хийж завхруулж болдгийг харж авлаа.

Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдлээс болж салбар хариуцсан сайд, дарга нар нь огцордгийг харж битүүхэндээ атаардаг байсан юм. Тэр жишгийг манай шинэ үеийн улс төрчид үзүүлж эхлэв. Гэхдээ цар тахлаас улбаатай эдийн засаг, нийгмийн уналтын үед асуудалд арай нухацтай хандах ёстой гэж үзэж байна.

Улс төрийн ч гэмээр, үнэхээр цаг үеэ мэдэрсэн хариуцлагын ч гэмээр үйл явц асар хурдан шийдэгдэж, бид бүхний олонхийн итгэлээ хүлээлгэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон нь улс орны нөлөө бүхий чухал салбар болох геологи, уул уурхайнханд харамсал төрүүлж байна. Мэргэжлийн салбарыг мэргэжлийн хүн удирдан  олон талт үйл ажиллагаа эхлүүлсэн цагаас  энэ салбарт олон эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж эхэлсэн юм. Мэргэжлийн хүмүүс болон салбарын олон нийтийн байгууллага, хувийн хэвшилийнхтэйгээ төр яаж хамтарч болдогийг харуулсан цаг хугацаа байв.   

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед мэргэжлийн сайдаар ахлуулсан баг хамт олон, энэ ахархан цаг хугацаанд мэргэжлийн чухал чухал ажлын эхлэлийг тавьсан юм. Нэг жишээ татахад л энэ хүнд үед ажлын байраа хадгалж, төлөвлөгөөт зорилтоо ханган биелүүлж, улсын эдийн засгийг даан ажиллаж байгаа гадаад, дотоодын компаниудыг урамшуулан ажиллаж байгаа нь салбарынханд итгэл, үнэмшил, урам зориг төрүүлсэн билээ.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг хүлээн авч болох ч, салбартаа шинэ гэрэл гэгээ нэмж, хөгжил, дэвшлийн суурийг тавьж байгаа мэргэжлийн сайд Г.Ёндонг үлдээх нь МАН-ын чухал хариуцлагатай  шийдвэр болно гэж үзэж байна.

Геологи, уул уурхайн салбарын хамт олон Г.Ёндон сайдтайгаа ойлголцож, хамтарч эхлүүлсэн ажлаа дуусгамаар байна, түүнчлэн Оюу толгойтой холбоотой маргаан дагуулсан олон асуудлыг шийдвэрлэвэл зохих энэ цаг үед сайдаа солих нь гарман дээр морио юүлэхтэй адил асуудал бус уу.

МАН-ын шийдвэр гаргах түвшний эрхэм Та бүхнээс геологи, уул уурхайн салбарын нөхцөл байдлыг чухалчлан үзэж, мэргэжлийн сайд Г.Ёндонг шинэ байгуулагдах Засгийн газартаа улираан ажиллуулахыг хүсэж байна, сайд маань та бүхний итгэлийг салбарын хамт олны амжилт бүтээлээр хариулах болно.

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ ТББ,

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ ТББ.

2021 оны 1 дүгээр сарын 22




Холбоотой мэдээлэл