Улс төр


Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Шүүхийн тухай хуулийг шинэчлэх нь МАН-ын хийх ажлын жагсаалтад улаанаар тодруулсан чухал ажлын нэг байсан. Иймдээ ч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 
Үндсэндээ, нийгэмд шударга ёс тогтоох, гэмтнийг гэсгээж, гэмгүйг хамгаалдаг Шүүх засаглал одоо төрийн тогтолцооны нэг хэсэг байхаа больсон гээд хэлчихэд нээх хилсдэхгүй. Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал гэсэн төрийн гурван тулгууртай Монгол Улсын хувьд одоо УИХ болон Засгийн газар нь Шүүх засаглалыг залгичихлаа. 

Мэдээж МАН УИХ, Засгийн газраа бүрдүүлж буй тул нэг цул болсон. Одоо 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хөлд ороогүй дэнчигнэж ирсэн шүүх засаглалыг жинхэнэ утгаар нь цул өөрийн нэг хэсэг болгож чадав. Шүүх засаглалыг ийнхүү тогтсон хэлбэргүй  “амёб” болгочихно гэдэг санаархал бол маш урт хугацаанд төлөвлөсөн ажил юм.
Одоо Монгол Улс Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалтай улс боллоо Шүүх засаглалыг нэгэн дээвэр дор нэгтгэж чадлаа, нэгдмэл хүч, нэг улс төрийн нам, нэг бодлого, нэг сонирхолтой улс, нэг бүлэглэл болсноо ер нь зарлачихвал яасан юм бэ.  Хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг шиг, одоо хэнд эрх мэдэл байна тэр бодлогоо захиалж, нийгмийг самрах ажлаа санаатайгаар болон санамсаргүйгээр гүйцэлдүүлнэ. Эцэс сүүлдээ төөрөгдөлд орж, хэт эрх мэдэл дунд нийгмийн завхарал үүснэ. МАН хүчирхэгжсэн энэ үед Ерөнхийлөгчийн зүгээс юу хийсэн бэ, эрх мэдлийг хазаарлахаар зүтгэсэн үү... Зүтгэсэн  ч тэрээр бараагүй харин өөрөө буланд шахагдчихсан нь баримтаар харагддаг. Иймдээ ч 2020 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслөө татаж авсан. Хуулийн төслөө татан авахдаа хэлсэн үгэндээ,  
“Магадгүй би шу­дарга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй гэж хэлж байв. Мэдээж тэрээр тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан анхны ерөнхийлөгч яалтгүй мөн бөгөөд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Х.Баттулгад одоо Шүүх засаглалын гажуудлыг засах ямар ч боломж үлдээгүй. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд тэрээр хориг тавих байх хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа ч үр дүнд хүрэхгүй нь мэдээж. 

Сонин үзэгдэл буюу Ж.Эрдэнэбат цагаадав

Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан Ж.Эрдэнэбатын хэрэг Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компанид авсан мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон” гэх асуудлаар буруутган зургаан жил энгийн хорих ангид ял эдлүүлэх мөн зургаан жил нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах шийтгэл ногдуулсан байсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. 
Ингээд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгосноор хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Одоо Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх сэргэж байна. 
Ийнхүү цахим орчин иргэд сонин үзэгдэл гэж томъёолж буй Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг түүхэн цаг хугацаа эрх мэдлийн гажуудлын улмаас хийсэн шүүх засаглалд гарсан ухралт, бодлогод нь  үүссэн сэв байсныг түүх харуулна. Шинэ цагийн түшмэдийн зүтгүүлсэн Шүүхийн тухай хууль дахь тэдний ашиг сонирхол нь өнөөдөр Монголд “нялхсын нэр алдрын өвчин” ямар аюултайг батлах мэт. Магадгүй зохиолч Расул Гамзатовын хэлсэн өнгөрсөн үе рүүгээ чи гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдэгчлэн МАН-ынхны өлгийдөн авсан Шүүхийн тухай хуулийн шинэчлэл нь хойч үе рүүгээ ч мөн ирээдүй үе рүүгээ давхар буудаж чадлаа. 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН




Холбоотой мэдээлэл