Дэлхий


COVID-19: Шинэ хувилбар “B117” вирус 30 гаруй оронд тархжээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Их Британид улсад хамгийн анх арванхоёрдугаар сарын 14-нд бүртгэгдэж байсан COVID-19-ийн шинэ хувилбар “B117” вирус энэ сарын 4-ний байдлаар дэлхийн 30 гаруй оронд тархжээ. Шинэ төрлийн вирус илэрч байгаа иргэдийн ихэнх нь Их Британиас буцаж ирсэн аялагчид байна. Өмнөх вирусаас 70 хувийн хурдацтай тархаж байгаа энэ вирусыг есдүгээр сарын дунд үеэр Английн хүн амын дунд тархсан гэж үзэж байгаа юм. Мөн энэ “B117” хэмээх COVID-19-ийн шинэ хувилбараас өөр “501.V2” хэмээх вирус Өмнөд Африкт,  “P681H” хэмээх хувилбар Нигерт бүртгэгдсэнийг зарлаад байна. Ийн шинэ хувилбарын вирус тархсан орнуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 14-нд шинэ хувил­барын вирусын анхны тохиолдол бүртгэгдэв

Англид шинэ хувил­барын вирусаар 1000 гаруй хүн халдварлаад байгааг тус улсын Эрүүл мэн­дийн сайд  Мэтт Хэнкок арванхоёрдугаар сарын 14-нд анх дэлхий нийтэд зарласан. Анх халдвар авсан хоёр хүн Өмнөд Африкаас ирсэн тул, тэндээс гаралтай гэж тайлбарласан юм. 

Арванхоёрдугаар сарын 19-нд
Лондон хотоос арван­хоёрдугаар сарын 19-нд ирсэн Францын иргэн CОVID-19-ийн шинэ хувил­барын халдвар авсан байв. Халдварын анхны тохиолдол Турс хотод бүртгэгдсэн. 

Арванхоёрдугаар сарын 20-нд
Итали улсад вирусын шинэ хувилбар анх арванхоёрдугаар сарын 20-нд Их Британиас ирсэн эмэгтэйгээс илэр­сэн юм. Үүний дараа арванхоёрдугаар сарын 23-нд бас нэгэн тохиолдол илэрсэн боловч Их Британитай эх үүсвэр нь холбоогүй байна.

Арванхоёрдугаар сарын 21-нд
Австрали улсад Их Британиас ирсэн хоёр аялагчаас COVID-19-ийн шинэ хувилбарын  вирус илэрснийг тус улсын Эрүүл мэндийн газар арванхоёрдугаар сарын 21-нд зарласан. 

Арванхоёдугаар сарын 24-нд
Нигер болон Сингапур улсад арванхоёрдугаар сарын 24-нд шинэ төрлийн вирус бүртгэгдсэн. Тухайлбал, Сингапур улсад арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 17-нд 31 хүн халдвар авахад  нэгээс нь “B117” хувилбарын вирус илэрсэн байна.

Арванхоёдугаар сарын 25-нд
Японд шинэ төрлийн вирусаар Британиас ирсэн таван иргэн халдварласныг зарлав. Тиймээс тус улс Их Британиас ирэх иргэдэд хилийн хориг тавьж, өөрийн орны иргэдийг хүлээн авахаар болсон. Ливан улсад энэ шинэ хувилбарын анхны тохиолдол мөн арванхоёрдугаар сарын 25-нд бүртгэгдсэн.

Арванхоёрдугаар сарын 26-нд
Дани улсад есөн тохиолдол,  Канадад Их Британиас ирсэн хоёр хүнээс, Испани улсад ирсэн дөрвөн хүнээс, Шведэд  COVID-19-ийн шинэ төрлийн вирус илэрснийг арванхоёрдугаар сарын 26-нд зарласан.

Арванхоёрдугаар сарын 28-нд
Лондонгоос арван­хоёрдугаар сарын 22-нд ирсэн гэр бүлийн гишүүдээс “B117” вирус илэрснийг Өмнөд Солонгос улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг арванхоёрдугаар сарын 28-нд зарлав. Мөн арванхоёрдугаар сарын эхээр Их Британи руу аяласан хоёр иргэнээс шинэ хувилбарын вирус илэрснийг Норвеги улс мөн өдөр мэдээлсэн.

Арванхоёрдугаар сарын 29-нд
Энэтхэг улсын зургаан иргэн, Пакистаны гурван иргэн, Чилийн нэг иргэн, Швейцарын таван иргэнээс Их Британиас гаралтай коронавирусын шинэ хувилбар илэрсэн. Мөн Швейцарын хоёр иргэнээс Өмнөд Африкаас гаралтай өөр нэг хувилбарын вирус илэрснийг Эрүүл мэндийн сайд нь зарласан.

Арванхоёрдугаар сарын 30-нд
АНУ-ын Колорадо мужид шинэ хувилбарын вирусын анхны тохиолдол бүртгэгдснийг мужийн захирагч Жаред Полис мэдэгдсэн.

Арванхоёрдугаар сарын 31-нд
Их Британиас гаралтай COVID-19-ийн шинэ хувилбарын вирусаар халдварласан анхны тохиолдол БНХАУ-д пүрэв гаригт бүртгэгджээ. Тодруулбал, Британиас арванхоёрдугаар сарын 14-нд Шанхай руу онгоцоор ирсэн 23 настай эмэгтэйгээс коронавирусын шинэ хувилбарын “B117” халдвар илэрсэн гэж Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн байна. 

Нэгдүгээр сарын 1
COVID-19-ийн шинэ төрлийн вирусын  анхны тохиолдол Туркт энэ сарын 1-нд илэрчээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр халдвар авсан 15 иргэн Их Британиас ирсэн аялагчид юм байна.

Нэгдүгээр сарын 3
Их Британиас Тайландад ирсэн гэр бүлийн дөрвөн гишүүнээс COVID-19-ийн шинэ хувилбар илэрчээ. Энэ тухай Бангкок дахь Чулалонгкорны их сургуулийн анагаах ухааны факультетын эмнэлзүйн вирус судлалын төвийн тэргүүн Йонг Пововраван мэдэгдсэн байна. 
Дэлхийн 30 гаруй улсад дэгдсэн шинэ хувилбарын вирусын талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл энэ сарын 1-нд мэдээлэл өгсөн.  Тэрээр “Англи улсаас гаралтай коронавирусын мутацид орсон шинэ хувилбар 30 гаруй улсад тархсан. Лондонгийн Империал коллежийн эрдэмтдийн судалгаагаар  энэ шинэ хувилбараар 20-оос доош насны залуус их халдварлаж байна. Халдварлалтын индекс нь COVID-19-ийн вирусаас 1.4-1.8 дахин их. Шинэ хувилбарын халдвар дамжих зам нь COVID-19-тэй адилхан байна” гэж ярьсан юм. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 




Холбоотой мэдээлэл