Дэлхий


Хятадын нүүрсний импортын хориг Австралид хэрхэн нөлөөлөх вэ?

3 сар, 4 долоо хоног TIMES.MN

Австрали улсын шар айраг, дарс, үхрийн мах, далайн хүнс, арвай гэсэн бүтээгдэхүүний импортод хориг тавиад байсан Хятад улс  нүүрсний импортод хориг тавьж байгаагаа мягмар гаригт албан ёсоор зарласан нь хамгийн их анхаарал татсан асуудал байв. Хятад Австралийн нүүрсний импортод хориг тавьж буйгаа есдүгээр сард албан бусаар мэдэгдсэн ч ямар нэгэн тайлбар өгөөгүй байсан юм. Тодруулбал, Хятадын талаас ачааг нэвтрүүлэх зөвшөөрөл олгоогүйгээс нүүрс ачсан Австралийн 60 гаруй хөлөг онгоц сар гаруй хугацаагаар Хятадын усан боомт дээр  гацсан талаар “Bloomberg” мэдээлж байв.  Ийн албан ёсны шийдвэр гарсан ч Хятадын боомт дээр гацсан 60 хөлөг онгоц энэ сардаа багтан буцаж чадахгүйд хүрээд байна.

Австрали улс эрчим хүчний нүүрсний экспортоороо дэлхийд хоёрдугаарт, метталургийн нүүрс буюу ган хийхэд ашигладаг нүүрсний экспортоороо нэгдүгээрт жагсдаг. Индонези улс эрчим хүчний нүүрсний 40 хувийг хангадаг бол Австрали 20 хувийг нь бэлтгэдэг юм. Өнгөрсөн онд Австрали 64 тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрс экспортолжээ.   Үүний 43 хувийг Япон, 18 хувийг Хятад улс руу экспортолсон байна.  Дэлхийн жилийн нүүрсний хэрэглээ ойролцоогоор долоон тэрбум тонн байдаг. Үүний 75 хувийг нь цахилгаан гаргаж авахад зарцуулдаг бөгөөд хамгийн том хэрэглэгч нь  БНХАУ, Энэтхэг улс юм.

Австралийн Худалдааны сайд Саймон Бирмингэм “Энэ хориг нь Хятад болон Австрали улсын 2015 онд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг зөрчсөн үйлдэл юм. Хятад импортоо хориглосон ч Япон, Солонгос, Энэтхэг рүү нүүрсээ экспортолж манай улс дэлхийн зах зээлд идэвхтэй хэвээр байх болно. Саяхан Вьетнам улс экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх санал тавьсан” гэж ярьжээ. Мөн энэ сард 100 гаруй нүүрс тээвэрлэгч Япон, Солонгос, Тайвань руу хөдлөх хуваарь гарсан байна.

Гэвч Япон, Өмнөд Солонгос гэсэн гол хэрэглэгч улс нь 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэг хувьд хүргэх зорилт тавьсан нь Австралийн нүүрсний экспортыг багасгана хэмээн шинжээчид үзэж байна. Тухайлбал, Австралийн эдийн засагчдын ажлын алба “Европ, Өмнөд Солонгос эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ бууруулахаар зорьж байна. Мөн дэлхийн хамгийн том хоёр хэрэглэгч орон болох Хятад, Энэтхэг ч нүүрсний импортоо бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа. Ингэснээр ирээдүйд эрчим хүчний нүүрсний үнийг бууруулах шаардлагатай болно” гэдгийг анхааруулжээ. Тус алба Австрали 2019-2020 онд 20.4 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон бол энэ тоо ирэх онд 14.5 тэрбум ам.доллар болж буурна гэж мэдэгдэв. Түүнчлэн энэ мэдээллийн дараагаар Австралийн нүүрс экспортлогч томоохон компаниудын хувьцаа 5.9-8.4 хувиар унажээ.

Сөрөг хүчний худалдааны төлөөлөгч Маделейне Кинг “Энэ хоригийн улмаас Австрали олон тэрбум ам.долларын алдагдалд орохоос гадна олон хүн ажилгүй болох эрсдэлд хүрлээ. Учир нь Хятад руу жилдээ 14 тэрбум ам.долларын нүүрс экспортлохын тулд 46 мянган Австрали иргэн нүүрсний уурхайд ажилладаг.

Мөн Энэтхэг, Индонези гэсэн чухал хөршүүдийн эдийн засгийн харилцаа энэ Засгийн газрын үед ухарсан” гэж ярьжээ. Цахим технологийн салбарын маргаанаас 2018 онд  муудсан Австрали, Хятад хоёр улсын харилцаа цар тахлын улмаас энэ жил эрчээ авсан. Энэ нь Австралийн Засгийн газар коронавирусын үүсэлд Хятадыг буруутган, шалгахыг олон улсад уриалсантай холбоотой юм. Эцэст нь эдийн засгийнх нь хамгийн чухал нөөцийг бүрдүүлдэг нүүрсний импортыг Хятад хориглосон нь том цохилт байв. Гэхдээ Австралиас бусад улсын нүүрсний импортыг хориглохгүй гэдгээ  Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдэгдсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


Ковидын үеийн старт-апууд
Ковидын үеийн старт-апууд
3 долоо хоног, 2 өдөр