Нийгэм


О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийг хоригийг хуулийн үндэслэлтэй эсэхийг гишүүд тайлбарлах эрхгүй

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны Улсын төсөв болон дагалдах хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Гэвч парламентад олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудал ярихаасаа өмнө Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэл  зөв буруу гэх асуудалд анхаарал хандуулж байна. Уг нь Ерөнхийлөгчийн тавьсан хуулийн хоригийн үндэслэлтэй эсэх асуудлыг зөвхөн Үндсэн хуулийн Цэц шийдэх ёстой. Энэ асуудлаар хуульчдын байр суурийг  хүргэж байна.


О.Алтангэрэл:- Монгол Улс төсөвөө жил бүр хуулиар шийддэг. 2017,2019, 2020 гээд цааш үргэлжлээд явах ёстой. Хуульд хориг тавих Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийг зөв тавьсан байна, буруу тавьсан байна гэж шүүдэг эрх хэнд ч байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн шийдвэр ямар нэг байдлаар хуульд нийцэх эсэхийг шалгаж хянадаг ганцхан субьект нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц юм. Засгийн газрын сайд хүн Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн институцын бүрэн эрхийг хууль бус байна, буруу байна гэж дүгнэлт хийгээд явж байгаа зохисгүй зүйл  харагдана лээ. Тийм зүйл байхгүй. Ерөнхийлөгч бол ямар ч хууль дээр хориг тавих бүрэн эрхтэй. Харин түүнийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрх.

-Коронавируст цар тахлын улмаас тавиад буй хөл хорионы  энэ хүнд цаг үед иргэдийн амьдрал хүндэрч идэх хоолгүй, түлэх түлээгүй хэцүүдэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

О.Алтангэрэл:-Коронавирусын цар тахлын үед бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл мөнгө хэрэгтэй. Өнөөдөр айл өрхөд мах, талх, гурил, будаа  хэрэгтэй байна. Хүйтрэх тутам махны үнэ нэмэгдэнэ. Хэцүү болж байна. Иргэд амьдралаа залгуулдаг багахан үйл ажиллагаагаа явуулж орлого олмоор байна. Үр хүүхдүүд маань өлсөж даарахгүй, гэдэс цатгалан баймаар байна. Энэ бүхэнд дахиад юу хэрэгтэй вэ гэвэл мөнгө л хэрэгтэй. Тэгэхээр улсын төсөв  энэ хөрөнгө мөнгөний асуудлыг зохицуулж байгаа учраас гарцаа байхгүй энэ асуудлаар хэн нэгэн нь дуугарах л ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг сануулж  харж дээ, тийм учраас   сануулга өгч төсөвт хориг тавилаа даа гэж харж байгаа. Мөн ард иргэд маань  эрүүл байх хэрэгтэй. Өнөөдөр   дэлхий нийтээр вакцин гаргах асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарим улс орон вакцин үйлдвэрлэж, түүнийгээ улс орнуудад өгөх гэж байна. Гэтэл манайд вакцин худалдаж авах мөнгө байхгүй байна. Тэгсэн мөртөө   хөлбөмбөгийн талбай, халуун усны байр, соёлын төв, музей, төрөл бүрийн барилгын өргөтгөлүүд барих гээд 160 тэрбум төгрөг төсөвт суулгачихсан байна.Нөгөө вакцин авах төсөв хөрөнгө хаана байна. Ийм л төсөв явж байна. 

Н.Ариунболд:- Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавих эрхтэй юу, эрхгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байна. Улсын төсөв болон нэгдсэн төсвийн хувьд хууль зүйн ойлголт байдаг. Нэгдсэн төсөв болохоор  улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын төсөв, эрүүл мэндийн даатгалын төсөв гэсэн цогц дөрвөн ойлголтоос бүрддэг.  Улсын төсвийг УИХ баталдаг утгаар нь улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан нөхцөл байдалтай  байна. Мэдээж хоригийн үндсэн шалтгаан нь хориг тавих дуртайдаа биш цар тахал улсын хэмжээнд тархсантай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан гэж ойлгож байгаа. Ард иргэдийн эрүүл мэндийн асуудалд онцлон анхаарал хандуулж 2021 оны улсын төсөвт  бүхэлд нь  Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэх байх.

-Эрх баригч МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дөрөв дэх удаагаа хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байгаа гэж ойлгож байгаа. Улс төрийн хүрээнээс харах юм бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг үргэлж татгалзаж байна гэж ойлгож болох уу

Н.Ариунболд:- Урьд нь зарим асуудлаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад алдаагаа засаад явсан нөхцөл байдал олон байсан. Нийт иргэдийн аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ  хамгаалуулах асуудлыг ярьж байгаа учраас тодорхой боломж байна гэдэг юмуу, явцуу эрх ашгийн хүрээнд, улс төрийн агуулгаар битгий хараасай гэж харж байгаа. Яагаад гэвэл иргэд Үндсэн хуульд зааснаар эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй.

Ерөнхийлөгч төсөвт хориг тавих албан бичигтээ өрх бүрд 800 мянган төгрөгийн ваучер, 200 мянган төгрөгийн эрхийн бичиг олгоно гэж онцолсон байсан. Энэ нь улсын эдийн засаг ийм байгаа нөхцөлд боломжтой гэж харж байна уу. Хэрвээ олгохоор бол энэ төсвийг хаанаас гаргах боломжтой гэж та харж байна.

Н.Ариунболд:-Ерөнхийлөгч санал гаргахдаа байхгүй мөнгийг биш төсвийн үргэлгэн, шаардлагагүй зардлаа хэмнээд өрх бүрд дэмжлэг үзүүлэх, вакцинжуулахад зарцуулах зардалд зарцуулаасай гэсэн шаардлагыг тавьсан гэж ойлгож байгаа. 2021 оны улсын төсөвт вакцин худалдаж авах мөнгөн дүн тавиагүй, харин малыг вакцинжуулахад 25 тэрбум төгрөг тавьсан . Угаасаа нийт иргэдээ вакцинжуулах нь тодорхой байсан. Гэтэл иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гадны улс оронд найдаад явж байгаа нь туйлын хангалтгүй байна гэж ойлгож байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Гэхдээ тэд улс төрийн шийдвэр гаргах нь нэн тэргүүний ажил уу, коронавирусын цар тахалтай үед иргэн бүр гэрийн хорионд байгаа ийм үед өрх бүр идэх хоолтой дулаан өвөлжих нь чухал уу гэдгийг ялгаж салгаж  чадахгүй байна.

МАН-ын эдийн засагч гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээж авах цаг хугацаа байхгүй гэх тайлбарыг хэлж Цар тахалтай тэмцэх хуулиар Засгийн газар төсвийг дотор нь зохицуулах боломжтой хэмээн тайлбарлаж байна. Гэтэл тэд 2021 төсөвт тавьсан үндэслэлгүй урсгал зардлуудаа танах дургүй, байшин барилга, соёлын төв, музей барих зэрэг ажлаасаа татгалзаж чадахгүй Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэж байгаа юм.

Ийнхүү парламентад олонхийг бүрдүүлж хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа УИХ-ын гишүүд монголын нийт ард түмний төлөө ажиллахаасаа илүү нэг намын дотоод улс төрийн шийдвэрийг дагаж асуудалд хандаж байна. Ерөнхийлөгчийн хууль ёсны дагуу тавьсан төсвийн хоригийг Сангийн сайд нь хуулийн үндэслэлтэй, үндэслэлгүй гэхчлэн Төрийн ордонд ярьж нийт гишүүдийг улс төрийн шийдвэрийг дагах ёстой гэж асуудалд хандаж байна. Харин нөгөө талд нь давагдашгүй нөхцөл байдал үүсэж өрх бүрд эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа энэ цаг үед төрийн нүд, чих сохорч асуудлыг эрүүл нүдээр харж чадахгүй байгааг ийнхүү хуульчид  шүүмжиллээ.




Холбоотой мэдээлэл