Улс төр


Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар дүгнэлт гаргах тусгай хороо байгуулахаар шийдвэрлэжээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хороо нь 4 гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойс Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолж байна.

Мөн ашиглалтад орох хугацаа анх тооцоолж байснаас 16-20 сараар хойшлох талаар мэдээлсэн юм. Оюутолгой зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлоно гэж тооцоолж байгаа бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор “Оюутолгой” ХХК нь зэсийн олборлолтоор дэлхийд гуравдугаарт орох хэмжээний томоохон уурхай болох юм.  

“Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 34%-ийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх 66%-ийг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд давхар бүртгэлтэй “Туркойс Хилл Ресурс” компани тус тус эзэмшдэг. “Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт хувьцааны хяналтын багц буюу 50.8%-ийг эзэмшиж, Оюутолгой төслийн уурхайн оператор, менежерийн хувьд “Оюутолгой ХХК”-ийн өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлдэг.

Энэхүү шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой ХХК-ийн хэрэгжүүлж буй далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал анх төсөвлөсөн хэмжээнээс даруй 30 гаруй хувиар нэмэгдэж, далд уурхайн ашиглалтад орох хугацаа хоёр жил орчмоор хойшилсон шалтгааныг судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах чиглэлээр “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа нь сайн хэрэг. “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлөөс тавих хяналт сулралгүй, компанийн сайн засаглалын зарчмууд хэрэгжиж байгааг харахад баяртай байна. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бид дэмжиж байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болгох нь “Оюутолгой” ХХК-ийн болон бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэж, тус компанийн үйл ажиллагааны тогтвортой, үр ашигтай байдлыг урт хугацаанд хангахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.




Холбоотой мэдээлэл