Эдийн засаг


Амилдаггүй нэмэгдлээс илүү ажлын байр хэрэгтэй байна

4 жил, 4 сар TIMES.MN

Энэ сарын 1-нээс цалин тэтгэвэр нэмэх байсан ч Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байна. Гурван талт хэлэлцээрийн үр дүн алга. Үнийн хөөрөгдөлд иргэд хохирч байна хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон сүүлийн хэдэн өдөр үглэж байна. Өчигдөр аргаа барахдаа Засгийн газрыг шүүхэд өгнө гэж хүртэл сүрдүүлэв. Уг нь УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 90 тэрбум, тэтгэвэр нэмэхэд 13 тэрбум төгрөгийг нэмж суулгасан. МҮЭХ-ныхон энэ нэмэгдэл хаачсан бэ гэдгийг л асуугаад байгаа хэрэг.

Тэгвэл сангийн сайд Ж.Эрдэнэбат зөрүүлээд цалин тэтгэвэр нэмэх боломжгүй. Эдийн засгийн хүндрэлтэй үед  цалин нэмэхгүй гэж шулуухан хэлсэн. Харин цалин, тэтгэврийг өгч чадахгүй болсон гэдэг худлаа. Ямар боловч цалин тэтгэврээ өгөөд байхтайгаа байгаа бололтой.


УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс үнийн өсөлттэй уялдуулан цалин тэтгэвэр нэмэхгүй бол болохгүй. Ард түмэн чинь үнийн өсөлтөд дарлуулж дууслаа  хэмээн  хамтарсан ч сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлсээр. Эндээс харахад  цалин тэтгэвэр нэмэх гэж тусгасан 113 тэрбум төгрөг цаасан дээрх өсөлт. Энэ өсөлт бодит биеллээ олж иргэдийн халаасанд орохгүй нь тодорхой байна.

Эдийн засгийн хүндрэлтэй  хэмээн улстөрчдийн зөөлрүүлж хэлээд байгаа хямралын үед ажлын байраа олон тоогоор алдаж байгаа эгэл жирийн иргэдэд энэ хэрүүлээс илүүтэй тогтвортой, цаг хугацаанд нь цалингаа авдаг ажлын байр л чухал байна. Ажлын байртай хүн дараагийн асуудал буюу орлогоо нэмэгдүүлэхийг хүснэ. МҮЭХ, Засгийн газрын хэрүүл өртөөд байгаа 160 гаруй мянган төрийн албан хаагчаас давж бодох, сэтгэх хэрэгтэй байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн хямралын шуурганд уруудан цомхотгол, дампууралд өртөж байна. Энэ салбарт ажиллах иргэд ажлын байраа хадгалж үлдэх найдвар хумигдсаар.

Ийм байхад 113 тэрбумаас илүүтэй ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх талаар МҮЭХ, Засгийн газрын ажиллах, хэрэлдэх хэрэгтэй юм биш үү. Хямралын үед нийгмийнхээ дунд, доодд түвшнийхнээ эрсдэлгүй авч үлдэхийн төлөө ажилладаг байтал татвар авдаг болохоор дээгүүрээ ярилцаад эхэлсэн. Бас иргэдийнхээ халаасыг тэмтрэх хуучин засгийн үеийнх шиг бодлого үргэлжилсээр.





Холбоотой мэдээлэл


"Монголбанкинд өр төлбөргүй"
"Монголбанкинд өр төлбөргүй"
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.