Нийгэм


“Улаан бичин жил-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” ном Германд худалдаанд гарлаа

2 сар TIMES.MN

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын “ЗААГ” номын шинэчлэгдсэн хувилбар буюу “ЗААГ”, “ДУУДЛАГА”, “ЗААГ-ийг ЗАДЛАХУЙ” номуудаас урган гарсан шинэ ном Герман хэл дээр “Улаан бичин жил-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” нэртэй хэвлэгдэж, энэ 11-р сарын 20-нд уншигчдын гар дээр очжээ. ХБНГУ-ын нэр хүндтэй “Eulenspiegel” паблишинг Франкфуртын олон улсын номын яармагийн дижиталь үзэсгэлэнд хэд хэдэн шинэ ном танилцуулсны дотор Д.Тэрбишдагвын 496 хуудас, өнгөт зургийн цомогтой уг ном багтсан байна. “Eulenspiegel” группын эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлал, Монголын гайхамшигт түүхийг орчин цагтай нийцүүлсэн бүтээл болсон тул тус номонд дээрх нэр өгч, ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичжээ. 

Энэхүү ном нь Монголын улстөрчдөөс өөрийн бичсэн номоо ХБНГУ-д нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлж, улмаар олон улсын номын үзэсгэлэн яармагт тавигдаж буй анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм.  Монголын бүтээлүүдээс  ийнхүү олон улсын тавцанд гарч байгаа мэдээг  хүлээн аваад  сэтгүүлч миний хувьд баяртай байна. Тус хэвлэлийн газраас номны маркетингийг удирдаж байгаа бөгөөд онлайнаар зохиогч Д.Тэрбишдагваас Германы сонин хэвлэлүүд ярилцлага аваад эхэлсэн байна. Германы ба герман хэлтэй орнуудын уншигчид номын дэлгүүрүүдээс худалдан авалт хийхээс гадна Амазоноор болон номын дэлгүүрүүдээр эсвэл шууд хэвлэлийн газарт нь захиалгаа өгөн, гэртээ хүргүүлэн авдаг юм байна.




Холбоотой мэдээлэл