TIMES Ярилцлага


Г.Дөлгөөн: Ард иргэдэд санхүүгийн дарамтыг бууруулах бодлогын зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа. 

- Арилжааны банкууд энэ цаг үед яг ямар зарчмаар ажиллаж байгаа вэ. Гадаад болон дотоод төлбөр тооцоонд ямар нэгэн саад учрахгүй гэх баталгаа байна уу?

- Арилжааны банкуудын төв оффис ажиллаж байгаа. Ялангуяа банкуудын төлбөр тооцоо, голлох бүтээгдэхүүн борлуулалтын нэгжүүд байнгын ажиллагаатай ажиллаж байгаа учраас өнөөдрийн байдлаар төлбөр тооцоонд ямар нэгэн саад учраагүй хэвийн байна. Хөл хорионы хугацаанд Монголбанкнаас болон банкууд лавлах утас ажиллуулан иргэд, харилцагчдаас ирэх ямарваа санал хүсэлтэд шуурхай  хариу өгч ажиллаж байгаа. Гадаад төлбөр тооцоо ч мөн хэвийн хийгдэж байна. Хэрэв гадаад төлбөр тооцоотой холбоотой ойлгомжгүй асуудал гарвал харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсанд холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо саадгүй хийх боломжтой.

 

Энэ үед аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа зогссоноос үүдэн  иргэдийн хамгийн түрүүнд сонирхож байгаа асуудал бол зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтүүд тавьж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

- Мэдээж тодорхой зохицуулалт хийх боломжтой. Өмнө нь 2020 оны 3 дугаар сард бэлэн байдлын зэрэгт шилжихэд УИХ, Засгийн газар, тэр дундаа Монголбанк, Сангийн яамны зүгээс нэлээд олон арга хэмжээ авч ажилласан. Төв банкны хувьд бол иргэдийн хэрэглээний болон бизнесийн, ипотекийн зээлийн нөхцөлүүдэд өөрчлөлт оруулж, цар тахлын үед ард иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулсан. Тэгэхээр төв банкнаас дээрх гаргасан шийдвэрүүдийн ипотекийн зээлээс бусад зээлийн төрлүүд дэх өөрчлөлтүүд 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр хэрэгжиж байгаа. Ипотекийн зээлийн хувьд 6-9 дүгээр сар хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, мөн хугацаанаас хойш хэвийн төлөлт рүүгээ шилжсэн. Харин одоогийн нөхцөл байдлын хувьд Монголбанкны зүгээс энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын үргэлжлэх хугацаа, санхүү, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ. Хэрэв нөхцөл байдал одоогийн байдлаас хүндэрч, эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хүндрэл бий болох эрсдэл тулгарвал Монголбанк дараагийн шат дараатай бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болно. Төв банк өнөөдрийн байдлаар УИХ-ын дарга, ЭЗБХ-ны дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чиглэл өгсний дагуу ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлээр дээрх асуудлын хүрээнд холбогдох  байгууллагуудын хооронд ажлууд яригдаж байна. Эцсийн шийдвэр энэ долоо хоногтоо гарах болов уу.

 

- Цаашлаад хүүг царцаах тухай асуудлыг иргэдээс тавьж байна шүү дээ.


- Хамгийн гол нь банкны системдээ доргио үүсгэхгүйгээр, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа харилцан уялдуулж, мөн зорилтот бүлгийн хувьд яг аль хэсэг рүү чиглэх вэ гэдгийг нэлээд нарийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ. 

- Хөл хорионы үед валютын ханшийн хөдөлгөөнд хэр зэрэг өөрчлөлт орохоор байна вэ,  хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

- Урсгал дансны алдагдлаас хамаарч Монгол Улсын төлбөрийн тэнцэл сүүлийн хугацаанд тогтмол алдагдалтай гарч байгаа. Үүн дээр хилийн хориг, аж ахуй нэгжийн бондын төлөлт хийгдсэний улмаас оны эхэнд ханшинд дарамт үүсч байсан ч сүүлийн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Оны эхнээс төгрөг, ам.долларын эсрэг ойролцоогоор 4.3 хувиар суларсан. Үүний ихэнх өөрчлөлт оны эхний хагаст ажиглагдсан. Оны эхнээс хойш импорт, экспортын хэмжээ буурсан ч 2 дугаар хагасаас эхэлж экспорт сэргэлээ. Олон улсад алтны үнэ өсөж байгаа нь эргээд манайх руу орох валютын урсгалыг нэмэгдүүлж байна. Цаашид ханшийг тогтвортой байлгахад экспортын хэмжээг өнөөгийн түвшинд буюу нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах ёстой. Өнөөдрийн байдлаар экспортод ямар нэгэн хориг, саад тавиагүй хэвийн үргэлжилж байгаа учраас ханшид ирэх дарамт бага байхаар байна.

- Ирэх оны мөнгөний бодлогоор инфляцыг 6 хувь орчимд барина гэж Монголбанк зорьсон ч хөл хорио тогтоож, эдийн засгийн идэвхжил буурахаар байна шүү дээ. Ийм тохиолдолд дээрх зорилт хэрэгжих боломжтой юу?

- Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд инфляц 1.4  хувьтай байна. Дэлхий дахинд шатахууны үнэ буурсан, мөн махны үнэ буурсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан  инфляц буурч байна. Тэгэхээр ирэх жил эдийн засаг өснө гэсэн хүлээлттэйгээр +/- 2 интервалтайгаар 6 хувийн инфляцын зорилтыг дэвшүүлсэн. Мөн бусад улс орны эдийн засгийн хүчин зүйлс, хүлээлттэйгээ уялдан энэхүү зорилтыг тодорхойлсон.  Удахгүй Ковид-19-ын вакцин гарах талаар дэлхий нийт мэдээлж эхэлж байгаа нь сайн хэрэг. Учир нь вирусний улмаас үүдэлтэй тодорхойгүй байдлаа шийдвэрлэх боломж харагдана гэсэн үг шүү дээ.

- Иргэдээс хамгийн их ирж байгаа асуултын нэг бол гэрийн хөл хорионд байгаа энэ үед  банкнаас мөнгөө авъя гэхээр банк ажиллахгүй байна, энэ тохиолдолд яах вэ гэдэгт тайлбар өгнө үү.

- Товчхондоо төлбөр тооцоог аль болох цахимаар буюу онлайнаар гүйцэтгэх хэрэгтэй. Гэхдээ цахим гүйлгээг ашигладаггүй иргэд бий. Таны асуусантай холбогдуулан хэлэхэд, ойрын өдрүүдэд халамж, тэтгэврийн мөнгө олгох хугацаа болсон нь энэ асуудлыг иргэд илүүтэй их тавьж байгаа байх. Үүнийг ойлгомжтой, цэгцтэй болгохын тулд Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэлээд идэвхтэй ажиллаж, үйлчилгээ үзүүлж буй томоохон салбар нэгжтэй банкуудтай харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж байна. Тиймээс иргэдэд аль болох хүндрэл дарамт үүсгэлгүйгээр шийдэхэд анхаарч байна. Гэхдээ аль болох бэлэн мөнгөтэй харьцахаас  зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байхыг  зөвлөж байна. Монголбанкны зүгээс энэ чиглэлээр банкуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.  

- Хадгаламжтай хүмүүс яах вэ?

- Хадгаламжтай иргэд мэдээж онлайнаар төлбөр, тооцоогоо хийх боломжтой. Хэрвээ томоохон дүнтэй гүйлгээ хийхээр болвол тухайн банкиндаа хандаад, төв оффис дээр нь очиж, үйлчилгээ авахад нээлттэй.  

Ярилцсанд баярлалаа.        




Холбоотой мэдээлэл