Нийгэм


"Саруул маркет"-ыг 20 сая төгрөгөөр торгожээ

2 долоо хоног TIMES.MN

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн зургаан дүүргийн нутагт дэвсэрт байрлах 12 зах, 18 дэлгүүр, 3 эмийн санд өчигдөр хяналт шалгалт хийлээ.

Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор улсын байцаагчдыг 12 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцуулаагүй тул улсын байцаагчид тодорхой байршил дээр хяналт тавьж ажиллажээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний барааны үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлж зарим төрлийн хүнсний барааны үнийг нэг түвшинд барих зорилгоор зах, дэлгүүрүүдэд худалдаалах үнийн дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл, танилцуулгын хамт Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад хүргүүлээд байна.
Хүчит шонхор захын үнийг 11 дүгээр сарын 18-ны өглөөний 9 цагийн байдлаар өмнөх өдрийн 9 цагийн байдлаарх үнэтэй харьцуулахад хонины махны жижиглэнгийн үнэ өмнөх өдрийнхөөс 500 төгрөгөөр, үхрийн жижиглэнгийн махны үнэ 1000 төгрөгөөр, ямааны жижиглэнгийн махны үнэ 300 төгрөгөөр тус тус буурч бөөний үнэ тогтвортой байна. Хүчит шонхор зах дээр 11 дүгээр сарын 18-ны өглөөний байдлаар 50.5 тонн мах нийлүүлэгдэж, өмнөх өдрөөсөө махны нийлүүлэлт нэмэгдсэн байна.
Хяналт шалгалтаар Саруул группын “Саруул маркет” нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Хан-Уул дүүрэгт байрлах Оранж супермаркетад миний монголын сүүний үнэ 3150, өндөг 450 төгрөгөөр худалдаалагдаж байна гэх гомдлын дагуу шалгалт хийхэд тус бараа бүтээгдэхүүнүүдийг дээрх үнээр худалдаалж байсан нь тогтоогдсон ба үнийг бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Органик захад худалдаалж буй үхрийн махны үнийг буулгах шаардлага тавьж ястай махыг 12500 төгрөгөөр зарж байсныг 12000 төгрөг, үхрийн хаа, хүзүүний цул махыг 12500 төгрөгөөр зарж байсныг 12000 төгрөг болгож бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. 

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар




Холбоотой мэдээлэл