Нийгэм


Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Шинэ сар гарах болгонд ихэнх хүн шинэ ажил хэрэг эхлүүлж, эрч хүчээр дүүрэн байдаг билээ. Яг энэ үеэр “Эмийн сан хэзээ нээх бол, эмээ авч амжаагүй байхад дуусчих вий” гэсэн санаа зовнил  хөгшчүүдийн нойрыг хулжаадаг болоод цөөнгүй жилийг ардаа үдлээ. Сар бүхний эхэнд өглөө үүрээр шахам ахмадууд хаалттай эмийн сангийн үүдийг сахин өвлийн хүйтэн, хаврын хавсаргатайг ч үл анзааран дараалан зогсож байдаг дүр зургийг та олонтаа харсан байх. Тэд хөнгөлөлттэй эмээ амжиж авахын тулд зогсож байгаа нь энэ. Учир нь ийн эртлэн ирж авахгүй бол харьяа дүүргийн эмийн сангийнх нь санхүүжилт дуусдаг  тухай гомдол, хүсэлт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт  тогтмол ирдэг аж. 

 Тэгвэл  ирэх сарын 1-нээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эм авах боломжийг бүрдүүлснээ Засгийн газар бараг өдөр болгон шахам ярьж, гавьяатын тэмдэг авсан мэт хөөрч, энэ шийдвэрээ сурталчилж байна. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМДЕГ-ын  журамд хөнгөлөлттэй эмийг бүтэн сарын турш өдөр бүр олгох тухай өөрчлөлт оруулсан. Мөн зөвхөн өрх, сумын эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичдэг байсныг бүх шатны эмнэлэг, хувийн эмнэлгийн эмч нар бичдэг болгон өөрчилсөн.  Хэвлэл мэдээллийн  байгууллагууд ч ахмадуудын нуруун дээрх нэгэн том чулууг авч хаялаа гэсэн нийтлэлүүдээр нийгмийг  “бөмбөгдөв”. Гэвч  энэ нь хөөрч баясахаар тийм ч сайхан шийдвэр биш  болохыг хөндлөө.

Дэлхий нийтээр ахмад настан судлал буюу геронтологи хэмээх салбарыг тусад нь хөгжүүлж ахмад настнуудаа эрүүлээр хэрхэн урт наслуулах вэ гэдэгт анагаах ухааны салбараа чиглүүлэн ажиллаж байна. Гэтэл манай улсад “Ахмад настан бол өвдөх ёстой. Өвдвөл эмнэлэгт очно. Эмнэлэгт хэвтэх боломжгүй бол эмээ уугаад гэртээ суух нь зөв” гэсэн хандлага төлөвшөөд хэдэн арван жил болов. Хөнгөлөлттэй эмийг хаанаас ч авах боломжийг бүрдүүлсэн шийдвэр угтаа “Ахмадуудынхаа эрүүл мэндэд төр засаг анхаарч, эрүүлээр урт наслах боломжийг олгож чадахгүй ээ. Эмнэлгийн хүртээмж ч муу. Тэгэхээр ахмадууд өвдвөл эмээ аваад үүгээрээ өдөр хоногийг аргацааж бай” гэсэн  утгыг илтгэж байна. Олон улс даяар насжилт ихэсч байгаа энэ үед ахмад хэмээх “алдар” хүртсэн ч бие эрүүл, ухаан саруул хэнээс ч хараат бусаар өөрийн хүссэнээ хийгээд явах ёстой. Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, ахлах зэрэгтэй гериатр эмч Ч.Одгэрэл “Настны ээлтэй орчин бүрдсэн улсад ахмадууд  дуртай зүйлээ хийж, сонирхсон клубтээ явж, эрүүлээр урт наслах  бүрэн боломжтой. Чөлөөт цагаа өнгөрүүлэх сургалт, дугуйлан, өдөр өнжүүлэх төвийг нээх хэрэгтэй” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Гэтэл бидний өмнөх хэд хэдэн цуврал нийтлэлээр хөндөж байсан шиг төр ахмад настнаа хүний тооноос хассан, хэн ч биш гэж үзсэнийг энэ удаагийн нэмэлт өөрчлөлт дахин батлав.

 

Эмийн үнийн хөнгөлөлтөд 60 тэрбум төгрөг шаардлагатай

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад  2000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Үүний  1026  нь ЭМДЕГ-тай гэрээ байгуулан, даатгуулагчдад үнийн хөнгөлөлт бүхий эмээр үйлчилдэг. Энэ талаар ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран “Энэ онд эмийн үнийн хөнгөлөлтөд 33.8 тэрбум төгрөг буюу сард дунджаар 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн. Энэ санхүүжилтийг манайхтай гэрээ байгуулсан 1026 эмийн санд хувиарлан, эмийн сан бүрд тодорхой хэмжээний төсөв баталж өгдөг. Тухайлбал, жилийн 12 сая төгрөгийн төсөвтэй бол сард нэг сая төгрөг олгоно гэсэн үг.  Харин ирэх онд эмийн үнийн хөнгөлөлтөд 60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо хийгээд ирэх оны төсөвт суулгуулсан. УИХ-аар хэлэлцээд  батлагдах байх гэсэн хүлээлттэй байна” хэмээн ярьжээ. Эмийн хөнгөлөлттэй үнийн төсвөө нэмж,  60 тэрбум төгрөгөөр ахмадуудыг хордуулахын оронд 17 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод арван жил царцсан улсын цор ганцхан ахмад настны эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулчихвал 300 мянга гаруй  ахмад настны амьдрах хугацаа хэдэн жилээр уртсахсан. Харин манайх шиг эмийн зохистой хэрэглээгүй, хаана, хэзээ үйлдвэрлэсэн, юунд  ашиг тустай нь үл мэдэгдэх олон тооны эмийг импортолдог оронд эмийн үнийг хөнгөлнө гэдэг ахмадууддаа тус биш ус болж, амьдрах хоногийг нь хороосон л хэрэг болно. Тухайлбал, манай улсад худалдаалж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус,  үнийн хувьд 60 орчим хувийн нэмэгдэлтэй байдаг гэсэн  судалгаа байдаг талаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны  наймдугаар сарын 25-ны хуралдаанаар хэлэлцэж байв. 

Дэлхий дахинаа ахмадуудын тэтгэвэрт гарах хугацааг сунгаж, ер нь ахмад настан гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн шийдлийг ярилцаж байна. Гэтэл Монгол Улс 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэйг ахмад настан хэмээн үзнэ хэмээн Ахмад настны тухай хуулиндаа заасан. Гэвч  эрүүл мэнд, амьдралын зөв хэв маягт нь  санаа тавих эрх мэдэлтэн төрийн сэнтийд залраагүйн харгайгаар тэтгэвэрт гарч, ахмад настан болж “амжаагүй” байхдаа өвчний үүр болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь олонтаа. Гэвч энэ асуудлыг хариуцсан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэгш хүртээмжтэй ажиллах боломж бүрдэнэ.  Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангуудад гүйцэтгэлийнх нь дагуу санхүүжилт олгож эхэлнэ. Иргэд сарын эхэнд өглөө эрт дугаарлаж, хөнгөлөлттэй эм авахаа болино” хэмээн энэ сарын 16-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ярьсан юм.

Төсвөө нэмж,  хөнгөлөлттэй эмийг хаанаас ч авах боломжийг бүрдүүлснээ эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй олгох боломж бүрдлээ хэмээн ярьдаг сайдтайдаа ахмадууд гомдохоос өөр яалтай. Бидний өмнөх нийтлэлдээ дурдсан ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулдаг гэсэн ч хүрэх ёстой эзэндээ очоогүй 1.5 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд 60 тэрбум төгрөг зарцуулж байхаар  17 тэрбумын өртөг бүхий Ахмад настны эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулвал  ахмадуудын төлөө хийсэн оновчтой ажил хэрэг болох юм. Үгүй бол хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё. Ахмадуудаа эмээр “угждаг” тогтолцооноосоо салахгүй бол ахмадуудын эрүүлээр урт наслах хүсэл хоосон мөрөөдөл хэвээр үлдэх нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл