Нийгэм


Хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо

1 сар TIMES.MN

Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны дагавар хүүхдээ санаатай хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долоодугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэж Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.

Хэргийг сануулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хүүхэд хойд эцэгтээ зодуулсан байж болзошгүй байдалтайгаар амь насаа алджээ.

Хэрэг гардаг өдөр Б.Хүлгэн, хүүгийн ээжтэй болон найз нөхдийн хамт гэртээ архи, согтууруулах ундаа уужээ. Талийгаач хүүгийн ээж, хамт байсан хүмүүстэй хамт дэлгүүр ороод ирэхэд нь Б.Хүлгэн хүүг нь унтуулчихсан хэмээн оронд нь хэвтүүлсэн байсан ч тухайн үед амиа алдсан байжээ. Урьдчилсан байдлаар хүүгийн элэг бяцарсны улмаас амиа алдсан нь тогтоогдсон юм.

Б.Хүлгэн нь 24 настай 2013, 2015, 2017, 2018 онуудад хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан байжээ.




Холбоотой мэдээлэл