Улс төр


Чуулган: 800 Хятадад виз олгосон асуудлыг тодорхой болгож хариуцлага тооцох ёстой

1 сар TIMES.MN

Чуулганы хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол Улсад байгаа гадаадын иргэд, тэр дундаа Хятад иргэдэд ямар хяналт тавьж байна вэ. Өнөөдөр Улаанбаатарт хэд хэдэн Чайна таун бий болж, Монгол хүнийг ч оруулахгүй байна. 100 айл орчимд юу болж байна вэ. Банкуудад орж ирж байгаа томоохон хадгаламж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хятад иргэд л хийж байна. Хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст ямар хяналт тавьж байна вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Гадаадын иргэдийг албан гаргах ажиллагааг удахгүй хийнэ. 10 гаруй жил Монголд амьдарсан, цалин авдаггүй, байгууллагын жижүүр хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Мөн Гадаадын иргэн харьяатын газар вьетнамын зарим иргэдэд хөрөнгө оруулагчийн виз олгосон байна лээ. Энэ чиглэлээр шалгалт хийж, холбогдох байгууллагад нь шалгуулж байгаа. Шинэ хуулиар нэгдсэн бүртгэлийн системтэй болж байгаа учраас бүх байгууллага дураараа виз олгодоггүй байх боломж бүрдэнэ.

Ажлын хэсэг: Гадаадын иргэдийн үл хөдлөхийн бүртгэл мэдээлэл УБЕГ-т бүртгэлтэй байдаг. Шаардлагатай бол дэлгэрэнгүй мэдээллийг хувь гишүүнд өгөх боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Монгол иргэдийг цахим гарцаар гардаг технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүний оролцоо шаардлагагүй болно. Олон улсын бүх боомт дээр цахим гарцыг нээж өгөх ёстой. Технологийн хоцрогдлоос гарах цахим гарц бий болгоё гэж байгаа учраас энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үндэсний аюулгүй байдлаа хадгалах ёстой. Зорчигчийн нэвтрэх систем рүү хакер хардлага их үйлдсэн. Үүнийг хамгаалах кибер аюулгүй орчныг бүрдүүлэх асуудал хурцаар тавигдана. Үүнд ХЗДХЯ анхааралдаа аваасай гэж хүсч байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 30 хүртэл хоногийн визийг тусгай төлөөлөгчийн газрууд олгодог. Дипломат төлөөлөгчийн газар тусгай визийг хариуцдаг.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гадаадын иргэдийн бүртгэлд тавих хяналт ямар хэмжээнд байна. Манай иргэдийн гэр бүл болсон талаар судалгаа байдаг болов уу.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: -Манай улс анх удаа биеийн давхцахгүй үйлдэл буюу хурууны хээгээр нь гадаадын иргэдийг бүртгэх бүртгэлтэй болж байгаа юм. Гадаадын иргэдийн нэгдсэн хяналт байдаггүй. Түүнээсээ болоод зөрчил гардаг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Бидний олон жил шаардсан цахим виз, нэгдсэн бүртгэлийн систем зэрэг олон асуудлыг шийднэ. 800 хятад иргэний асуудал, тамхи зөөж байгаа асуудлаар чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл сонсмоор байна. Энэ 800 хүнд хэн виз олгосон бэ, тамхи хэн зөөж байна вэ. Дипломат төлөөлөгчид хийж байна уу эсвэл өөр байгууллагаас томилогдсон хүн нь хийгээд байна уу гэдгийг нэг талд нь гаргамаар байна. Консулын газруудыг нэг шалгаж, цаашид гадаад яамны мэргэжлийн шалгуурыг тавьж, томилдог байх шаардлагыг Засгийн газарт өгмөөр байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Визний асуудал хөндөгдөхөд гадаад оюутны сурах асуудал мөн яригддаг. Гадаад оюутан нь Монголд ирээд суръя гэхэд виз нь маш хүнд сурталтай. Гадаад оюутанд олгодог С ангиллын визийг хөнгөвчлөх шаардлага байгаа. Хуулийн өөрчлөлтөөр хөнгөвчлөх заалт орж байгаа юу.

Ш.Раднаасэд гишүүн Монгол угсаатанд хөнгөлөлттэй виз олгох шаардлагатай гэсэн асуудлыг Байнгын хорооны хуралдааны үеэр хөндсөн. МУИС-д хазар үндэстэн сурдаг. Монголд сурдаг оюутныхаа тоог нэмэх сонирхолтой байдаг. Энэ асуудалд нааштай хандах заалт бий юу?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Визийг хуульчилсан учраас дэндүү хатуу зохицуулалттай байса. Одоо энэхүү хуулийн өөрчлөлтөөр визийг Засгийн газрын журмаар зохицуулах учраас уян хатан болно.

Монгол Улсад өнөөдөр 465 гадаад оюутан суралцаж байна. Covid-19 дэгдэхээс өмнө буюу 2019 онд 2300 гадаад оюутан Монголд суралцдаг байсан бол өнөөдөр 465 оюутан болсон.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хазар үндэстэнтэй холбоотой асуудлыг хаалттай хурадааны үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд ярилцсан нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар Монгол Улс дэлхийд сул байгаа. Хамгийн гол нь виз олгох эрхийг визний наймаа хийдэг хүмүүст тараагаад өгчихсөнөөс гэмт хэргийн шинж чанартай болж хувирсан. Хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг цэгцэлж чадах уу. Гол нь визний наймаа зогсох уу?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Визийн ангиллыг хуулиар зохицуулдаг байсныг Засгийн газрын журмаар зохицуулах нь олон улсын жишигт нийцэж байгаа. Хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулга хийх боломжтой болно, хяналтын систем сайжирна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газраас виз олгохдоо наймаалцаж байгаа асуудал бий. Хяналт шалгалт хийж, холбогдох байгууллагад асуудлыг хүргүүлсэн байгаа.

Визийн төвтэй болсноор хууль бус наймааг таслан зогсоох боломжтой болно.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Дэлхий нийт Араб зэрэг булангийн орноос хөрөнгө оруулалт татаад байхад манай улс эсрэгээрээ терроризм гэдэг үг наадаг. Гадаад улс орнуудын иргэд тэр дундаа булангийн орны иргэд Монголд ирэх болоход хэдэн төрлийн шалгуур тавьж байна вэ?

Хоёрт, гадаад орноос ирсэн хүмүүст хяналт тавиад байдаг хэрнээ гарсанд тавьдаг хяналт сул байна уу гэж харагддаг. Жишээлбэл, 800 Хятад мөнгө угааж байсан хэрэг нь энэнтэй л холбоотой.

Монголоос гарсан гадаадын хүмүүст хэн хяналт тавьдаг юм бэ.

Гурван улсын хил орчмын халуун рашаан, хилийн багана руу орж ирж зураг авахуулах зэрэг асуудал хуульд яаж туссан бэ?

Ажлын хэсэг: Гадаадын иргэнд олгодог 30 хүртэл хоногийн визийг Консулын газар, хилээр нэвтрүүлэхдээ Хил хамгаалах ерөнхий газар, орж ирсний дараа нь Гадаадын иргэн харъяатын газар хяналт тавьдаг. Нэгдсэн мэдээллийн сангүй байгаа нь асуудал үүсгэж байгаа.

Энэ асуудлыг одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр цэгцэлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Аль нэг улсын нэрийг дурдах нь гадаад харилцааны асуудал хөндөгдөх учраас бичгээр хариу өгье.




Холбоотой мэдээлэл