Сонголт


Синглэчүүд намар ганцаардах нь ихэсдэг

1 сар TIMES.MN

      Д.Отгонжаргал


Намрын тухай та юу мэдэх вэ?

Намар төрсөн хүүхдүүд илүү ухаалаг байдаг гэдгийг та мэдэх үү? Магадгүй таны мэдэхгүй илүү олон мэдээлэл энд багтсан гэдэгт итгэлтэй байна. Ертөнцийн хамгийн олон өнгийг харж чадах цорын ганц улирлын тухай сонирхолтой мэдээллүүдийг уншигч танд багцлан хүргэж байна.

Image for post


Намрын тухай хачирхалтай баримтуудаас

1.Экватор орчмын зарим газруудад намрын улирал огт болдоггүй аж. Карибын тэнгисийн арлууд, аль эсвэл Пуэрто Рикод намрын саруудад зунаас ч илүү халуу дүүгэх нь бий.

2. “Намар”-тай кино Оскар авч байгаагүй. Сонирхуулахад, Оскарын кино наадмын түүхэнд нэрэндээ “намар” гэсэн үг орсон ганц ч кино оскарын шагнал хүртэж байгаагүй юм байна. Харин бусад улирлын нэртэй Оскарын эзэд бий. Жишээлбэл “Өвлийн арслан” (The Lion in Winter, 1968), “Шинэхэн хавар” (The Virgin Spring, 1960)

3.Дурлалт хосууд олширдог. Фэйсбүүк компанийн мэдээллийн санд анализ хийхэд “single” статусаа “in a relationship” эсвэл “engaged” болгох үйлдэл жилийн бусад улирлуудтай харьцуулахад намар хамгийн олон бүртгэгддэг байна. Харин хамгийн олон салалт зуны улиралд болдог гэнэ.

4.Намар төрсөн хүүхдүүд илүү ухаалаг байдаг. Намрын улиралд төрсөн (есдүгээр сараас арван хоёрдугаар сар) хүүхдүүд бусад улиралд төрсөн хүүхдүүдээс сурлагын чадвараар илүү байх хандлагатай байдаг гэнэ. Их Британийн боловсролын байгууллагад бүртгэгдсэн тоо мэдээгээр намрын хүүхдүүд сурлагын дүнгээрээ дээгүүр жагсдаг байна…


            

Намрын тухай шилдэг 10 дуу

                 

Монголын яруу найрагчдын намрын тухай шүлгүүдээс…


Ванчинбалын Гүнначүг (1832–1866)

Намарт уйтгарлав
Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе.

Ванчинбалын Сүнвэйданзан (1834–1898)

Намарт гунив
Намрын өвч цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт.
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай.

Ванчинбалын Инжаннаши (1837–1892)

Сэрүүн намар
4
Намрын салхи цэлмэгэр жихүүн үед
Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй.

5
Өрнө салхинаа огторгуйн өнгө цэлмэвэй
Өөрийг мэдэгчид олж үзэв үү, үгүй юу?
Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой.

Содномбалжирын Буяннэмэх (1902–1937)

Намрын навч
Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ
Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц
Өчүүхэн бага оготно хүртэл будаа буудай хураалцана.
Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол
Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно.
Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа
Малыг маллаж, тариаг тарьж, ажлыг хийгээгүй бол
Навч шарлаж, намар болж, нас тогтохын үед
Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина…

Намрын улиралд дурлах таван шалтгаан

Намар цагийг харуулсан гайхалтай гэрэл зургуудаас…

Image for post
                  Байгаль эх өөрийн өнгө будгийг энэ л үед дээд цэгт нь тулгадаг болов уу…

Аялал зугаалгын хамгийн таатай улирал

Image for post
Өдөр нь богиносох боловч нар мандах, жаргах үе нь улам л үлгэрийн мэт

Намар цаг — бүгдийг өөр өнцгөөс харж болно
Image for post
Романтик болзоо

Өөрийн бичсэн “Манан” байгалийн зураглалаар мэдээллээ төгсгөе...

Манан

Намар цагийн салхи намирч, зэрэглээ морины хатираа шиг эвхэрнэ. Зээрд адуу шиг нар газар үнэрлэж гэлдэрсээр тэртээд уусахуйд үдшийн бүрий үзэгдэх орчинг нөмрөн буулаа. Оюутны дотуур байрны, умгар өрөөний, жижигхэн цонхоор ширтэхүйд толгой гашилж, бодол минь ээдэж орхив. Цэцэг хагдарч, зунаа үдэх намрын зураглал атал, цэвүүн саарал шороо хөрс хучин гүйлдэх юм. Цэнгийн хэдэн шувуудын жигүүр халиасан халтар тэнгэрийн өөдөөс сарвалзан чичрэх нүцгэн модод салхинд гунигтайяа бөхөлзөх нь өнөө л намрын зураглал ажээ. Харанхуй нөмрөх үдшийг одод хучихыг хүлээсэн ч намрын тэнгэрт харвах ганц ч од үзэгдсэнгүй. Харин үүл мэлийн нөмөрчээ. Зэл шаргал гэгээ татсан үдшийн аниргүйг сандаачиж , ханын толгой шиг зөрөлдсөн хүрэн уулсаа манаж сая саяараа асгардаг “Шанагын тал”-ын оддоо санах шиг. Эль хуль хачин дүнсгэрт автсан тэнгэрийг тайтгаруулах мэт ганц сар л хаяанд нь бүүдийжээ. Сарнисан хөхөлбөр үүлс сарны гэрэлд тонгочино. Цэнхэр өглөө улбар үдшийг мартчихав уу гэмээр цэвдэг хүйтэн өнгөөр тэнгэр өөрийгөө буджээ. Энэ өдөр, энэ орчин, энэ сэтгэл минь тэр чигтээ гунигт автчихлаа. Сайхныг нь олж харсангүй…




Холбоотой мэдээлэл


“Ковид-19” БОЛОМЖ
“Ковид-19” БОЛОМЖ
1 долоо хоног, 6 өдөр