Энтертаймент


Д.Тэрбишдагвын “ЗААГ” номны шинэчлэгдсэн хувилбар герман хэл дээр “УЛААН БИЧИН ЖИЛ - МОНГОЛ ГЭРЭЭС БРАНДЕНБУРГИЙН ХААЛГА ХҮРСЭН НҮҮДЭЛЧИН” нэртэйгээр хэвлэгдэн гарна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN


УИХ-ын гишүүн асан, ХБНГУ-д элчин сайдаар ажиллаж байсан Д.Тэрбишдагвын “ЗААГ” номны шинэчлэгдсэн хувилбар буюу “ЗААГ”, “ДУУДЛАГА”, “ЗААГИЙГ ЗАДЛАХУЙ” номнуудаас урган гарсан “УЛААН БИЧИН ЖИЛ - МОНГОЛ ГЭРЭЭС БРАНДЕНБУРГИЙН ХААЛГА ХҮРСЭН НҮҮДЭЛЧИН” ном Герман хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, 11-р сарын 20-нд уншигчдадаа хүргэх тухай ХБНГУ-н нэр хүндтэй  “Eulenspiegel”  паблишингийн цахим хуудас, шинэ номны каталогтоо мэдээлжээ. Тус паблишинг  Франкфуртын олон улсын номын яармагийн дижиталь үзэсгэлэнд хэд хэдэн шинэ ном танилцуулсны дотор Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛ - МОНГОЛ ГЭРЭЭС БРАНДЕНБУРГИЙН ХААЛГА ХҮРСЭН НҮҮДЭЛЧИН”  нэртэй 496 хуудас, өнгөт зургийн цомогтой уг ном багтсан байна.

Eulenspiegel Grupp-н эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн  номын нэрийг өөрчилж,  ХБНГУ-н нэрт улстөрч Курт Веск оршил үг бичжээ.

Хэвлэлийн газраас онцлон бичсэн тайлбартаа “Зуу зуун жилийн тэртээгээс 4 улирлын эрс тэс уур амьсгалтай нутгийн нүүдэлчин монголчуудын хүүхдүүд хүртэл гэрийн яндангаас гарах утааг хараад тухайн өдрийн цаг агаарыг таамаглах чадвартай. Европоос алс хол нууцлаг хийгээд үзэсгэлэнт Монгол оронд монгол гэрт төрсөн “хүү” номын зохиогч маань өвөг дээдэс Чингис хаан шигээ тун ч адармаатай амьдралын хол замыг туулж, мөн БНАГУ-д сурч, ажиллаж олон найзуудтай болж, эрин зууны өөрчлөлтийг нүдээр үзэж, биеэр туулсан нэгэн. Буддын зан заншлаа даган нандин бүхнээ хадганд боож хадгалдаг шиг өөрөө нурааж авсан Берлиний хананы хэсгийг өнөөг хүртэл хадгалж явдаг нэгэн. Улс орноо хөгжүүлэхийн төлөө бизнесийн салбараас улс төрийн тавцанд идэвхтэй гарч чин сэтгэлээсээ ажиллаж байгаа нэгэн. Монголын зарим олигархууд улс төрийн намуудад шургалан нуугдаж, байгалийн баялагийг тэгш бусаар хүртэж, улмаар Монгол орон баялагаа бусдад алдаж, ашгийг нь хувьдаа завшин, алдагдлыг нь нийгэмчилж  буйг зоригтойгоор шүүмжлэгч дуу хоолой болж, уг номоороо бидний амьдралд тохиолдож буй асуудлуудыг ил тод хэлж, бидний сэтгэлийг хөндсөн мэдээ хүргэж  буй нэгэн.” хэмээжээ.

Энэхүү ном нь Монголын улстөрчдөөс өөрийн бичсэн номоо ХБНГУ-д нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлж, улмаар олон улсын яармагт тавигдаж буй анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм байна.

Та уг номын болон зохиогчийн тухай мэдээллийг  “Eulenspiegel”  паблишингийн цахим хуудасны  “намтар зохиол” хэсгээс 50 гаруй хуудас зохиол, зургийн альбомын хэсэгтэй танилцах боломжтой юм. Үүнээс гадна Амазон болон бусад Европын орнуудын номын томоохон дэлгүүрүүдээр захиалгаа аваад эхэлжээ.  

https://www.eulenspiegel.com/verlage/neues-leben/titel/im-jahr-des-roten-affen.html


https://www.amazon.de/Im-Jahr-roten-Affen-Brandenburger/dp/335501897X


Дашрамд дурдахад “ЗААГ” ном нь 2017 онд хэвлэгдэн гарсныхаа дараа Монголд бестсэллэр болж байсан аж. “ЗААГ” номны шинэчлэгдсэн хувилбар орос хэл дээр орчуулагдан, хуучин монгол бичигт хөрвүүлэн хэвлэгдсэн бөгөөд уг ном одоо хятад, солонгос хэл дээрх орчуулга нь хэвлэлтэнд бэлтгэгдэж байгаа юм байна.

“ЗААГ” номны дараа “ДУУДЛАГА”, “ЗААГИЙГ ЗАДЛАХУЙ” гэсэн 2 цуврал ном 2020 оны хавар нээлтээ бас хийж, уншигчдын гар дээр аль хэдийн хүрчээ.

Сэтгүүлч Д.Доржпагма




Холбоотой мэдээлэл