Улс төр


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 07 дугаар дүгнэлтийг сонсож танилцав

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 07 дугаар дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Үндсэн хуулийн цэц 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2, Тавин хоёрдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд 07 дугаар дүгнэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.”, 5 дахь хэсэгт “Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:”, 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц, ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Зарим хууль тогтоомжийн төслийг буцаах тогтоолын төслийг батлав

Дараа нь “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналыг харгалзан тогтоолын төслийг Байнгын хорооны дахин хэлэлцэж, ойлголт, саналаа нэгтгэн асуудлыг эцэслэх чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн. Энэ үндсэн дээр Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.


Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтоолын төсөлд тусгажээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байна.

Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулсан юм.


Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-д баримтат болон уран сайхны кино бүтээх эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Мөн Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Киноны тухай хуулийн төслийн боловсруулж батлуулахаар заасан.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, шаардлага болон монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-д зааснаар анхдагч хуулийн төсөл бөгөөд 6 бүлэг, 15 зүйлтэй юм.

Хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх, үүргийг шинээр тодорхойлж, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс аливаа улс өөрийн соёлын аюулгүй байдал, салбарын хэмжээнд баримтлах бодлого, улс орноо сурталчлах үүднээс кино урлагийн хүчтэй нөлөөлөл, ач холбогдлыг ашиглах, үндэсний соёл, өвөрмөц онцлог, өв уламжлалыг эерэгээр харуулсан, монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих, кино урлагаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах; Монгол киноны чанарыг сайжруулах, орчин үеийн техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын чиг хандлага, арга барилд суралцах, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх болон кино урлаг өндөр хөгжсөн орны сургалт, арга барил, сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, нутагшуулах, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

Хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд жил бүр улсын захиалгаар түүхэн сэдэвт уран сайхны, бүрэн хэмжээний кино туурвихад улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор заасны дагуу жил бүр улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх шаардлага үүснэ гэдгийг Соёлын сайд илтгэлдээ тодотголоо.

Уг хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Кино урлагийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Х.Баделхан, Ц.Анандбазар нар Соёлын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлэв.

Соёлын сайд С.Чулуун гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өнгөрсөн зуу шахам жилд үндэсний том хэмжээний цөөн хэдэн киног төрийн дэмжлэгээр бүтээсэн. Үүний нэг нь “Мандухай сэцэн хатан” кино, одоо ийм хэмжээний киног Монголд үй ажиллагаа явуулж байгаа 900 гаруй кино студийн аль нь ч хийж чадахгүй.

Үндэсний язгуур ахуй, өв соёл, амьдралын өвөрмөц хэв маягийг зөв утга агуулгаар гадаадад төдийгүй дотооддоо таниулж сурталчлахад сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсон гэж үзэж байгаа. Иймээс үүнийг зөв талаас нь таниулж залуу хойч үедээ ойлгуулах, түгээж сурталчлахад яамны зүгээс бүх талаар анхаарч ажиллана.


Төрийн бодлогыг авч явах тусгайлсан яамгүй олон жил явж ирснээс үүдэж боловсон хүчний чадвар, чадавх муудсан тал бий. Иймээс сумын соёлын төвийн ажилтнаас эхлээд яамны түвшинд хүртэлх бүх шатанд боловсон хүчнээ чадавхжуулах шаардлага тулгарч байна, энэ чиглэлээр тодорхой бодлого чиглэл гаргаж ажиллана гэдгээ хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нар үг хэлж, төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд ажлын хэсэг гарган төслийг нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Байнгын хорооны саналаар Кино урлагийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.    

Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг баталлаа

Дараа нь “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм.

Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллага, аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгалын байцаагчаас бүрдэнэ. Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна гэж заасан.

Үндэсний зөвлөл нь Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн; даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн; ажил олгогчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлсөн байгууллагыг төлөөлж гурван хүн, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх хуулийн зохицуулалттай.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүн С.Чинзориг, Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн дарга Д.Сарангэрэл нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх шаардлага үүсчээ. Энэ үндсэн дээр хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг томилуулахаар төсөлд тусгасан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат нар Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл жилд 100-гаад хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүйн улмаас гадаад улсыг зорьж хамаг байдгаа шавхаж эмчлүүлэхэд хүрдэг. Иймээс магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн гадагшаа явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай нэг өвчтөнд төрөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болмоор байна. Ийм аргаар Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санд байгаа 30 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж, гадаадад явж эмчлүүлэх 100 хүнд 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлдэг журам гаргавал их буян болно байх. Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авмаар байна гэсэн санал хэлсэн юм.   

Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив.

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилов. Түүнчлэн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөв. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.




Холбоотой мэдээлэл