Монголд анх удаа хэвлийн гол судасны цүлхэнд суулгац тавих мэс заслыг амжилттай хийлээ

2 сар TIMES.MN

Улсын гуравдугаар төв эмнэлэгт хоёр ташааны тараагуур судсыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхний эмгэгтэй хүнд судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ нь тус эмнэлгийн  Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ы доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан дотуурх мэс засал болон зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг Монголд анх удаа бие даан хийсэн мэс засал юм. 



Хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад байсан 63 настай эмчлүүлэгчид ерөнхий унтуулгын дор хоёр гуяны тараагуур судсаар  дамжуулан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд нэхмэл полиэстр материал бүхий өмсгөлтэй стент графтийг байрлуулж, цүлхэн хагарч цус алдах хүндрэл болон улмаар амь нас эрсдэх аюулаас зайлсхийж чадлаа.

Судсан дотуурх эмчилгээний энэхүү арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч нас барахаас сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй шинэ дэвшилтэт технологи бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй нэвтэрч байгаа бөгөөд тус эмнэлэг энэхүү эмчилгээний технологийг Монгол Улсад, өөрийн эмнэлгийн зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байгаа юм.

Тус эмснэлэг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ гадаадын зочин профессорын удирдлага дор ажлын байрны сургалтаар бэлдэж чадавхжуулах, судсан дотуурх мэс засалд шаардлагатай нэг удаагийн эм, эмнэлгийн хэрэгслийг өндөр өртөгтэй мэс заслын хүрээнд захиалж худалдан авалт хийх зэргээр Монголд нутагшуулах чиглэлд анхаарал хандуулж ажилладаг. Монгол эмч нар бие даан гүйцэтгэсэн энэ удаагийн мэс заслыг Бээжингийн Нанжин Их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонг Жун онлайнаар холбогдож, алсын зайнаас шууд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлжээ.

Энэхүү мэс заслыг хийхэд хамтран ажиллаж, дэлхийд тэргүүлэгч брендийн чанартай эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлсэн “Чоногол Трейд” болон өндөр хурдны алсын зайн техник технологиор эмч нарыг холбон, мэс заслыг шууд дамжуулж дэмжлэг үзүүлсэн “Лайвстрийм Монголиа” байгууллагуудад дэмжлэг үзүүлсэн байна.

Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг Монголын эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улсруу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм.  





Холбоотой мэдээлэл


Эр зоригийн жигүүр
Эр зоригийн жигүүр
4 долоо хоног, 1 өдөр