Улс төр


Дарханы төмөрлөгийн үйлдвэр технологийн шинэчлэл бүхий үйлдвэртэй болно

2 сар TIMES.MN

 Дархан-Уул аймагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нар ажиллалаа.

Жилд 10 сая малын түүхий эд боловсруулах цогцолбор төслийг танилцууллаа

    Манай улсын хувьд Үндэсний аж үйлдвэрийн парк байгуулах хүрээнд нийт 15 аж үйлдвэрийн парк санаачлан зарим тусгай зөвшөөрлийг олгоод байна. Үүний нэг нь Дархан арьс ширний цогцолбор төсөл юм. Тус төслийн зорилго нь жилд 10 сая малын түүхий эдийг боловсруулах юм байна.

    УИХ-ын 2020 оны 08 сарын 28-нд  Дархан арьс ширний цогцолбор төслийн бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, бараа материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдаж, Засгийн газраас барааны жагсаалтыг батлах талаарх ажил хийгдэж байна.


    Боломжит шийдлийн хувьд 2003 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар хэрэгжүүлж эхлэх ёстойг төслийн багийнхан онцолж байна.. 

    Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулахаар дээрх төсөлд тусгажээ. “Монгол экспорт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөөнд туссан байна.  

Дарханы төмөрлөгийн үйлдвэр технологийн шинэчлэл бүхий үйлдвэртэй болно

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг  үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.


    Харин Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 130 км-т үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус орд нь 229.3 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Тус уурхайд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц, шатахуун түгээх станц, оффис болон засварын төв, иж бүрэн ажилчдын кемп, хүдэр боловсруулах хуурай соронзон баяжуулах үйлдвэр, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 36.1 км дэлгэмэл урттай төмөр зам, ачих буулгах терминаль бүхий иж бүрэн Төмөртэй өртөө байгуулах, Дулаанханы уулзвараас Хүдэр сумын чиглэлд 95 км хатуу хучилттай автозам тавих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээ танилцууллаа. Хүндрэлтэй асуудал нь техник технологийн шинэчлэл төдийгүй үйлдвэрийн шинэ төслийг хэрэгжүүлэхгүй бол бүтээгдэхүүн борлуулалтгүй болж байгааг онцолсон. Мөн түүхий эдийн хосдол бий болсныг ч хэлж байлаа.


Баянгол уурхайд Сэлэнгэ аймгийн 630 ажилтан  байна

    Баянгол уурхай 1100 гаруй ажилтантайгаас 630 нь Сэлэнгэ аймгийн харьяат, 497 нь бусад орон нутгаас ажиллаж байна.  Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь Баянгол төмрийн хүдрийн ордын нарийвчилсан хайгуулын ажлыг 2004 оны 10 сараас өөрийн хөрөнгөөр хийж, 2007 оны хавраас ил уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагааг хийжээ. Ордны баруун, зүүн хэсгийн уурхайг ил аргаар ашиглаж, олборлосон төмрийн хүдрийг хуурай соронзон аргаар баяжуулж, нунтаг болон бүхэллэг төмрийн баяжмал үйлдвэрлэж байна. 


    Жилд ил уурхайн хүчин чадал хөрс хуулалт 15.6 сая тонн, хүдэр олборлолт 6 сая тонн байна. Мөн тус уурхайг дагаж 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд 12 км төмөр зам бүхий 3.5-4 сая  тонн бүхэллэг болон нунтаг хүдрийг нойтон аргаар баяжуулж, 66 хувиас дээш агуулгатай 2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал гаргах хүчин чадалтай үйлдвэрийг 2019 онд барьж эхэлсэн байна. Цаашлаад 2021 онд төмрийн хүдрийн баяжмалыг бөөнцөглөх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.  Мөн Баянгол уурхайнхан 2023-2025 онд жилд 1.0 сая тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай дунд оврын металлургийн  үйлдвэр байгуулах зорилт тавин ажилллаж байгаа аж. Үүнд арматур, лист, булан болон бусад төрлийн 500 мянган тонн,  ган бөмбөлөг 400 мянган тонн, дотоод гадаадын бусад хэрэгцээнд 100 мянган тонн төмөр үйлдвэрлэх төслийг танилцууллаа.




Холбоотой мэдээлэл