Улс төр


Ерөнхийлөгч Орхон аймгийн 266 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Орхон аймагт ажиллаж, 266 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Тодруулбал, “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 14, Хоёрдугаар зэргийн одонг 252 ээжид тус тус хүртээлээ. Эдгээр ээжүүдийн дотор гурван ихэр хүүхэд төрүүлж Хоёрдугаар зэргийн одонгоо хүртэж буй Баян-Өндөр сумын иргэн Байгалмаагийн Цэрэннадмид байгаа юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч "Бидний хамгийн нандин эрдэнэ, хайр, бахархлын дээд болсон ЭХ хүний ач, гавьяаг төрийн хуулийн дагуу Алдарт эхийн одон өгч алдаршуулах нь нэг хэрэг. Харин тэдний цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой.

Эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудал төрийн бодлогод тусгалаа олох нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсролын түвшинг ахиулах суурь хүчин зүйл болно. Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь хамгаас чухал асуудал болоод байна.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, санаачилгатай ажиллаж байна.

Цаашид хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд  Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Орхон аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.




Холбоотой мэдээлэл