Нийгэм


"Хүүхдийн төв сувилал" хүүхдийн сувилгаа, сэргээн засах үйлчилгээ, сургалт эрхлэгч байгууллага болно

1 сар TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 16-ны хамтарсан уулзалтаар Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэг хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэг танилцуулгадаа: Сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд жилд төрсөн нярайн 4-4.5% нь бага жинтэй буюу дутуу төрсөн байна.  2016 оны байдлаар дээрх нярайн 2.8% нь л "Хүүхдийн төв сувилал"-д эмчлүүлж, торниж байсан бол энэ тоо жил бүр тасралтгүй өссөөр 14%-д хүрээд байна. Цаашид ч дээрх үзүүлэлтийг ахиулж, тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2015 он хүртэл "Хүүхдийн төв сувилал"-ын үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь асран халамжлах үйл ажиллагаанд чиглэж ирсэн бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эмчлэн сувилах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах үйл ажиллагааг түлхүү хөгжүүлж байна. Харин 2021-2024 онд яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг, нярайн эмгэг судлалын хэсгийг байгуулж, хүүхдийн сувилгаа, сэргээн засах үйлчилгээ, сургалт эрхлэгч байгууллага болохыг зорьж байна. Ингэхийн тулд хүний нөөц болон лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Одоогоор хүүхдийн төв сувилалд бариа засал, хөдөлгөөн засал, хоол эмчилгээ, усан эмчилгээг үзүүлж байна. Цаашид сэтгэл засал, хэл засал, ахуй заслын үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна гэсэн юм.
 





Холбоотой мэдээлэл