Нийгэм


"Хурд хэтрүүлэхэд үхэл отно"

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Үхэл, амьдралын зааг даар өр зүрх нь цохилох залуу ийн ярина.

Бороо зөөлөн шиврэхэд бодол болон сууж байсансан. Ээжтэйгээ байсан өдрүүдээ бодож тэр өдрүүд аз жаргалтай хэрнээ ямар хурдан өнгөрсөн юм бэ? Ижий минь намайг ганцааранг минь орхиж яваад хоёрхон л жил болсон. Харин би энэ хоёр жилийн хугацаанд ганцаараа биш дөрвүүлээ болсон байна. Энхрий хайрт эхнэр минь, эрвийж дэрвийсэн хоёр үрлүүгээ очоё хэмээн бодон суусан.

Утас дуугарлаа. Танихгүй дугаар байна. Байна уу? хэмээхэд чихний хэнгэрэг хангинам орилолдож байх нь тэр. Их сургуулийн ангийн маань залуу байлаа. “Бид нар бараг бүгдээрээ байна чи хурдан хүрээд ирээ” гэхэд нь шууд л за гээд догдлоод гараад гүйлээ.  

Арван хоёр жил уулзаагүй ангийнхантайгаа уулзана гэхээс сэтгэл минь цаанаа л нэг догдлоостой. Яг л оюутан ахуй насандаа оччихсон юм шиг. Догдолсон, баярласан явж байснаа л санаж байна. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Гэтэл би эмнэлэгийн орон дээр, эхнэр минь надад хоол халбагадаж өгөөд сууж байв.

Юу болсныг асууж, яагаад энд байгааг тодруулахад, нөгөө зөөлөн шивэрч байсан бороо маань ширүүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тэр үед би гэдэг хүн хурдаа тохируулаагүйгээс яг одоо энэ орон дээр хэвтэж байгаа юм байна.

Ингээд хэвтэж байхдаа бодлоо, судаллаа, мэдлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, олон улсын жишигт тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Энэ нь жолооч бид үүнээс хурдлах юм бол үйлдлийг таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, ослоос урьдчилан сэргийлэх зэрэг боломж үгүй болж, зам тээврийн осол гаргадаг байна.

Мөн жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоос болж нас бардаг гэх судалгаа байна. Үүний шалтгаан нөхцөлийг нь судлахад авто машин онхолдох хэлбэрээр 160 гаруй, явган зорчигч мөргөх хэлбэрээр 140 гаруй, мотоциклийн ослоор 150 гаруй, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцсон 2 тохиолдол байв.

Бид энэ хорвоо дэлхий дээр сайхан амьдарч, сайн явахыг л хичээдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, явганаар зорчихдоо гарцаар гарах гэдгийг та наснаасаа олон сонссон байх. Энэ нь бидний үнэт амийг л хайрлаж хамгаалсандаа байж.

Хэрвээ та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодохгүй бол, гарцаараа гарч хөдөлгөөнд оролцож буй өөрийгөө болон бусад жолоочийг хүндэтгэх юм бол, орон нутгийн замд явахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, гэрлээ шилжүүлэх, хурдаа хэтрүүлэхгүй байх юм бол маргааш аз жаргалтайгаар инээмсэглэн, хайртай дотны хүмүүстэйгээ баяр хөөртэй, өглөөний нар, үдшийн сарыг харах буй за.

Нэг л юм бодон сууна. Тээврийн хэрэгсэл бол тоглоом биш. Өнөөдөр инээгээд явж байгаа хэдий ч маргааш юу болохыг хэн ч таашгүй. Өөрийгөө болон бусдыг хүндэлж замын хөдөлгөөнд оролцоё.

Яараад яахав дээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.