Нийгэм


Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийн барилга ашиглалтад орлоо

4 сар, 4 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, нийслэлийн Хүрээ амаржих газрын үйл ажиллагааг шилжүүлэх, тус газрын одоогийн барилгын суурин дээр хүүхдийн эмнэлэг байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх тогтоол гарсан билээ.

 

Энэ дагуу 2010 оноос хойш зогсонги байдалтай байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2018 оны 05 дугаар сараас эхлүүлж, 2020 оны 07 дугаар сард буюу өнөөдөр Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг нэртэйгээр 100 хувь ашиглалтад оруулж байна.
Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок, 8 давхартай.
Жилд 10-12 мянга гаруй эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 мянга гаруй хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, эмчилгээ үйлчилгээний 22 тасагтай юм.
Мөн дэлхийн банкны санхүүжилтээр 205 нэр төрлийн 10 багц 3580 ширхэг, нийт 17 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил нийлүүлэгдэх бөгөөд “COVID-19” халдварт цар тахал болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дэлгэн ажиллуулах 1000-1500 орны нөөцтэй аж.

Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг нь улс орон, ялангуяа нийслэлийн хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулахуйц онцгой нөхцөл байдал үүссэн үед зайлшгүй тусламж үйлчилгээнд шилжин ажиллахаар нөөц бололцоог бүрэн дүүрэн хангахуйц эмнэлэг юм. Үүнд:

  • Нийслэлийн хүн амын нягтарлын бүсээс зайтай, орц гарц саадгүй, замын түгжрэлгүй, хотын утаагүй бүс, цэвэр агаартай бүсэд байрлаж байгаа зэрэг давуу талтай;
  • Чингис хаан нисэх онгоцны буудлын зүүн урд байршилтай, нисэх онгоцны шинээр ашиглалтанд орж буй буудал руу чиглэсэн хурдны замтай шууд холбогдсноороо  халдварын эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааг стандартын дагуу урсгал, хөдөлгөөнийг зохицуулах боломжоор бүрэн хангагдсан;
  • Эмнэлгийн нэн яаралтай тусламж үйлчилгээ болох мэс засал, эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн тусламж үйлчилгээ шаардлагатай эмнэлгийн бүхий л ажлын эрэлтийг бүрэн хангасан хүчилтөрөгчийн ханын нэгдсэн систем, мөн цагт 10м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадал бүхий бие даасан үйлдвэртэй нь халдварыг хязгаарлах боломжтой;
  • Эрчим хүчний 3 эх үүсгэвэрийн хоёр нь төвийн шугамд холбогдсон, нэг нь эрсдэл, гамшгийн үед ашиглах зориулалт бүхий;
  • Эмнэлгийн барилга 34,200м.кв талбай 8 давхар 7 блокоос бүрдсэн. Блок тус бүр орц, гарцын зохион байгуулалттай баригдсан нь халдварын тархалтаас бүрэн сэргийлэх боломжийг бүрдүүлсэн;
  • Эмнэлгийн барилга нь 2.4 га бүхий эдэлбэр газартай;
  •  Эмнэлгийн барилгын өрөөнүүдийн дотор заслыг олон улсын жишигт нийцсэн материалаар доторлож, халдваргүйжүүлэх, ариутгал хийх зориулалттай, эрүүл ахуй халдвар хамгаалалтын шаардлага хангасан ариутгалын бодист тэсвэртэй материалуудыг ашиглаж хийсэн;
  • Эмнэлгийн дотоод орчны агаар сэлгэлт нь 100 хувь албадмал буюу олон шатны агаарын шүүлтүүр, агаар халаагч, агаар хөргөгч зэрэг өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан;
  • Эмнэлгийн өрөөнүүд нь стандартын шаардлагад бүрэн нийцсэн;
  • Эмнэлгийн гадна эко ногоон байгууламжтай, 350 автомашины зогсоолтой хангалттай,гадна таатай орчин бүрдсэн;
  • Эмнэлгийн орчинд албан хэрэгцээний автомашин, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг зөөвөрлөх тэргэнцэр, каталкны зам, цахилгаан шаттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээнийзам, талбайтай. Эмнэлгийн цэвэр бохир багаж, хэрэгсэл зөөвөрлөх, хүлээн авах, эмнэлгийн ажилчдын зоогийн газар, эмчлүүлэгчдийн хоолны заал болон хүнс зөөвөрлөх зориулалт бүхий нийт 19 цахилгаан шаттай;
  • Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж шаардлагатай эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий эрчимт эмчилгээний нэгжтэй;
  • Мэс заслын нэгдсэн тасаг нь агаар сэлгэлтийн иж бүрэн вакуум системтэй, онлайнаар мэс засал удирдах боломж бүхий цахим тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон;
  • Эмнэлгийн хэмжээнд өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дуудлагын нэгдсэн систем, гамшигийн үед яаралтай мэдээлэл солилцох шугамын радио, интернет, телефон  зэрэг холбооны бүхий л хэрэгслээр тоноглогдсон.

 

Тус эмнэлгийн барилгын ажлыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн концессын төслөөр “Томо бюлдинг” ХХК-иас хийж гүйцэтгэсэн байна.




Холбоотой мэдээлэл