Спорт


Улсын цолд хамгийн ойрхон бөхчүүд

1 сар TIMES.MN

Энэ жил улсын баяр наадмын бөх ямар болохыг таахад бэрх. Яагаад гэвэл нэгдүгээр сараас хойш ямар ч барилдаан болоогүйн учир хэн гэдэг аавын хүүгийн бэлтгэл ямар байгааг хэн ч хэлж мэдэх боломжгүй байгаа. Гэхдээ бөхийн галууд наадмын өмнөх бэлтгэлээ эрчимтэй базааж буй юм. Наадмаар хэдэн ч бөх улсын цолд хүрч болох тал бий. Тэгвэл бөх сонирхогчид хамгийн ихээр найдвар тавьж байгаа таван хүчтэнийг нэрлэж байна.

 

Аймгийн заан М.Лхагвагэрэл

 

Завхан аймгийн Яруу сумын уугуул энэ залуу 2014 оноос "Аварга" дээд сургуулиас чөлөөт бөхөөр спортын гараагаа эхэлсэн юм билээ. Улмаар үндэсний бөхөөр 2017 онд аймгийнхаа баяр наадамд барилдаж шууд аймгийн харцага цолд хүрсэн бол дараа жил нь аймгийн заан болсон. 2019 онд уг цолоо баталж барилдсан. Улсын гарьд Б.Гончигдамбын удирддаг "Даян" бөхийн дэвжээнд харьяалагддаг "Жем интернэшнл" компанийн бөх. Тэр хэдийгээр улсын шигшээ багийн чөлөөт бөхийн 125 кг-д барилдаж 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ирээдүйтэй тамирчин гэгдэж байгаа ч бөхийн мэргэжилтнүүд үндэсний бөхөөр илүү амжилт гаргах хүн гэж байна. М.Лхагвагэрэл энэ онд хамгийн сүүлд Бөхийн өргөөнд болсон томоохон барилдааны нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын харцага О.Хангайг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг давж түрүүлсэн юм. Энэ бол хэн ч таашгүй онцгой амжилт байлаа.

 

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр

 

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээгээр цоллуулж барилддаг бөх. Тэр анх 2013 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин болсон бол 2016 онд Төв аймгийн баяр наадмаар улсын начин Г.Ганжадыг аймгийн арслан цолтой байхад хаяж анхны түрүүгээ авч аймгийн арслан цол хүртсэн юм. Тэгвэл 2018 онд мөн аймгийнхаа баяр наадамд дахин түрүүлж аймгийн хурц арслан болжээ. Түүнээс хойш аймаг, цэргийн цолтон болон улс, аймгийн цолтнуудын олон удаагийн барилдаанд шөвгөрч заримд нь түрүүлсэн, үзүүрлэсэн бий. Э.Ууганбаярыг ясны бяртай, суурь сайтай учир унаа холтой бөх гэж бөхийн хүрээнийхэн хэлдэг юм билээ. Тиймээс улсын цолд хамгийн ойрхон яваа бөхийн нэгээр нэрлэж байна.

 

Аймгийн арслан Ц.Сандагдорж

 

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж ноднин улсын начин болно гээд Улсын их баяр наадамд "ногт ганзагалж" ирээд тавын даваанд Сэлэнгэ аймгийн бөх Б.Орхонбаяртай тунаж барилдаад түүнд тун амархан уначихад ихэд харамсан унасан газраа удаан гэгч хэвтсэн гэдэг. Тавын даваанд өөртэйгөө адилхан аймгийн цолтонтой таарсан хүн давна даа л гэж бодсон биз. Гэтэл чадаагүй. Тиймээс энэ жил хүссэн цолдоо хүрнэ гээд шаргуухан бэлтгэж байгаа гэсэн. Ц.Сандагдорж анх 2015 онд Хөвсгөлийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн аймгийн харцага цолд хүрсэн бол 2016 онд мөн аймгийнхаа баяр наадмаар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Нэг удаа Бөхийн өргөөнөө Наурызын баярын барилдаанд түрүүлсэн удаатай. Ц.Сандагдоржийг хэнээс ч бяраар, бие хаагаар дутахгүй сайн бөх гэж бөхийн мэргэжилтнүүд хэлдэг юм билээ.

 

Аймгийн арслан Б.Бат-Амгалан

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сум улсын цолтой бөхөөр аймагтаа тэргүүлдэг. Энэ сумаас  төрсөн улсын харцага, начин цолтон олон. Тэгвэл бас улсын цолд ойрхон бөхчүүд ч бий. Түүний нэг нь аймгийн арслан Б.Бат-Амгалан юм. Түүнийг ноднингийн наадмаар улсын цол хүртэнэ гэж бөх сонирхогчид тааварлаж байсан ч тавын даваанд түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын харцага Б.Бат-Өлзийд амлуулж тун ч үнэн хүчийг үзэн барилдсан ч дийлээгүй юм. Тэгвэл энэ жил даагаа нэхэж хэнтэй ч таарсан унахын зовлонгүй давна даа гэсэн сэтгэгдэлтэй бэлтгэлээ чамбай хийж байгаа гэсэн. Тэрбээр 2012 онд аймгийнхаа баяр наадамд зургаа давж шөвгөрсөн бол дараа жил нь Н.Золбоог аймгийн заан байхад нь түвэггүйхэн хаяад түрүүлж аймгийн заан болсон. 2014 онд мөн аймгийнхаа баяр наадамд нөгөө Золбоодоо өвдөг шороодон үзүүрлэж байжээ.

 

Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл

 

Энэ цаг үед аймаг, цэргийн цолтнуудыг тэргүүлэн тогтмол сайн барилдаж байгаа бөхийн нэг нь Булган аймгийн Орхон сумын уугуул аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл гэж хэлж болно.

2015 онд анх аймгийнхаа баяр наадамд зодоглохдоо үзүүрлэж аймгийн заан болсон бол 2017, 2018 онд Булганыхаа наадамд, мөн бүх цэргийн наадмаар аймгийн заан цолоо баталсан юм. Дараа нь 2018 онд нийслэлийн Налайх дүүргийн барилдаанд найм даван түрүүлж аймгийн арслан болов. Өмнө нь аймагтаа хоёр удаа, бүх цэргийн баяр наадам, Хүрээ цамын нэрэмжит барилдаан, нийтийн монгол бөх гээд долоон барилдаанд үзүүрлэсэн юм гэдэг.

Б.Түмэндэмбэрэлийг жин багатай ч нягт, зуунги барилдаантай, даваа өгсөх тусам чангардаг онцлогтой бөх гэж бөхийн хүрээнийхэн үнэлдэг. Энэ тухай их нурших нь илүүц. Тэртээ тэргүй түмэн мэднэ. Тэр сумын заан байхдаа баруун тонгороо, давхар ачаа хоёроороо гайхагдаж байсан бөхийн удамтай нэгэн. Өвөө Б.Одонгарав нь онцгой бяртай, сайн бөх байсан гэдэг. Тиймээс Б.Түмэндэмбэрэл улсын цолд дэндүү ойрхон бөхийн нэг ээ.


Д.НАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.