Нийгэм


Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг

1 сар TIMES.MN

Хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөр олон байдаг ч барьцаа хөрөнгө шаардахгүй, ямар ч хүүгүй, эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамруулах онцлог хөтөлбөрийг аймаг дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, газрууд хэрэгжүүлдэг байна. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авсан, зөөлөн оёдол оёдог хөдөлмөрч нэгэн бүсгүйтэй хэсэг хором саатан ярилцсанаа уншигч танд хүргэе.

Түүнийг Б.Энхжаргал гэдэг. Мэргэжлийн сургуульд нь сураагүй ч өөрийн хүсэл, сонирхлоо дагаж уйгагүй хичээж, зүтгэсний үр дүнд оёдол оёж сураад, бүр ч болоогүй томоохон оёдлын үйлдвэрүүдэд ажиллаж байгаад хувиараа хөдөлмөр эрхлэхээр зориглон зүтгэсэн бүсгүй өнөөдөр байнгын үнэнч үйлчлүүлэгчидтэй, өөрийн гэсэн ажлын байртай төдийгүй хүсэл эрмэлзэлтэй залуусыг мөн ажлын байраар ханган, зааж сурган хөдөлмөрлөж явна. Тэрээр “хүн өөрөө хөдөлмөрлөж чадвал юуг ч сурч, амжилтанд хүрч чадна, гол нь сонирхсон зүйлдээ тууштай байх нь чухал” юм гэдгийг онцолсон юм.

-Төсөл хөтөлбөрт анх удаа хамрагдсан уу. Хүндрэл бэрхшээл байв уу?

-Би оёдол их сонирхдог учраас оёдлын танил ихтэй. Танилуудаасаа эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийн талаар сонссон. Уг дэмжлэгт хамрагдаж тоног төхөөрөмжөө сайжруулах боломжтой, ер нь давуу тал ихтэй талаар дам дамандаа хүмүүсээс сонсож өмнө нь нэг удаа орох гэж материалаа өгч байсан. Тухайн үед нас болоогүй байна гэсэн шалтгаанаар хамрагдаж чадаагүй. Өнгөрсөн жил хүнээс оёдлын машин зээлээр авч байгаад дахиад нөгөө төсөлдөө хамрагдах хүсэлтээ өгч тэнцсэн дээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжүүдээ өөрийн болгож авч чадсан. 35 наснаас дээш насны хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг дэмждэг гэдгээрээ их зүгээр юм билээ. 2 жилийн хугацаанд сар бүр төлөлт хийх замаар дэмжлэгт авсан мөнгөө буцаан төлөх гэрээтэй, гол нь хүүгүй, барьцаагүй гэдгээрээ бидэнд маш чухал хэрэгцээтэй хөтөлбөр болж чадсан.

-Оёдолчин хүнд тоног төхөөрөмж хамгийн чухал байх шүү.

-Тийм. Хэрээсний, шулуун оёдлын гээд олон төрлийн тоног төхөөрөмж хэрэг болдог.

-Тоног төхөөрөмжтэй болж чадсан гэхээр хөтөлбөр үр дүнгээ өгчээ. Нууц биш бол хэдэн төгрөгний санхүүжилт авсан бэ?

-Би гурван сая төгрөгний дэмжлэг авсан. Өмнө нь оёдлын машинуудаа сар бүр түрээс төлж түрээслэдэг байсан бол шууд худалдаж авч чадсан. Би ерөнхийдөө хувь хүний захиалга авдаггүй. Гол төлөв байгууллагуудтай гэрээлээд ажилладаг учраас цаг хугацааны хувьд шахуу, жижиг захиалга авах зав байдаггүй. Гадаах хаяг, самбар ч шаардлагагүй, олон жил хамтраад ажилласан болохоор өөрөө байхад л хэрэглэгчид маань олоод ирдэг. Байнгын үйлчлүүлэгчтэй болчихсон. Эсгэхээс эхлээд хэрэглэгчийн гарт хүртэлх бүх дамжлагыг өөрөө гардаж хийдэг. Өөрөө дурлаж оёдол сурсан болоод ч тэр юм уу хэцүү, хүнд санагдаж байгаагүй. 2000 оноос оёдол хийж сураад оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад бие даан хувиараа ажиллаж эхэлсэн. Яг мэргэжлийн сургалтад сууж оёдлын мэргэжил эзэмшээгүй. Хүний оёдол хийж байгааг харж, цайны цагаар өөрөө бие дааж уйгагүй хийсээр өөрийгөө хөгжүүлж сурсан даа. Бүх төрлийн даавуун оёдлыг оёно. Оёдлын салбар улирлын чанартай хэдий ч улирал бүрдээ тохирсон оёдлоо дагнаад явчихдаг. Цагаан сараар дан дээл, Монгол цамц түлхүү оёдог бол хавар, намартаа ажлын хувцас, зуны улиралд морины хүүхдийн хувцас, нимгэн дээл зэргийг түлхүү оёх жишээтэй. Дийлэнхдээ ганцаараа ажилладаг. Ачаалал ихтэй үед дуудлагын туслах ажилтангаа ажиллуулна. Мөн дээрээс нь оёдол хийх сонирхолтой хүүхэд, залуусыг дадлагажуулж цалинжуулж, ирээдүйн оёдолчдыг бэлдэхэд өөрийн хувь нэмрээ бага ч болтугай оруулж байна. Хүн ер нь өөрөө хичээвэл ямар ч ажил байсан амжилтанд хүрч чадна.

-Тийм шүү. Оёх сонирхолтой залуусыг дадлагажуулж сургадаг гэлээ. Залуучууд оёдол сонирхох нь хэр байна?

-Хүний өөрийнх нь хүчин чармайлт л чухал. Миний хувьд яг оёдлын мэргэжлээр хоёр жил хагастай суралцаад төгссөн охидуудыг нэмж сургаад хэдэн төгрөг өгч цалинжуулаад ажиллуулахаар бас болохгүй байна аа. Нэг тийм залхуу, хойрог ч юм уу. Үнэхээр өөрөө хүсэж, сонирхсон хүүхдүүдийг хувиар нь сургаж байна. Эхлээд чанартай юм хийж сурч байж дараа нь ашгаа бодох хэрэгтэй. Чанартай байж чадвал дараа нь ажил олдоно гэж  сургадаг. Их хэмжээгээр захиалга орж ирвэл нөхөр, хүүхдээс эхлээд бүгд тусална. Дөнгөж сая “Сод Монгол”-ын 500 орчим ажлын хувцасны захиалгыг дуусгаад, хүлээлгэж өгөөд сууж байна. Дангаараа оёход сарын хугацаанд 300 орчим ажлын хувцас оёдог. 365 хоногийн хоёр хоногт л амарвал их юм шүү дээ. Ер нь бүх оёдолчид л тийм завгүй ажилладаг байх. Ажиллаж байж амжилтанд хүрнэ гээд л сууж байна даа. Санасандаа хүрэхийн тулд сонирхсон зүйлдээ тууштай байгаарай гэж залуусдаа хэлмээр байна.

-Хөдөлмөр, халамжаас жил бүр гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөр зарлагддаг гэлээ. Нэг хамрагдсан хүн дахиад хамрагдах боломж байдаг юм болов уу?

-Гурван жил зээлээ төлж дуусчихаад дахиад төсөлдөө хамрагдах боломжтой гэж дуулсан. Хамгийн гол нь хүүгүй, хугацаа урт гэдэг нь бидний амьдралд маш дэмтэй байна. Адаглаад эргэлтийн материалаа авчихна. Зээлийн хэмжээгээ бага зэрэг нэмэгдүүлбэл зүгээр юм болов уу гэж бодогдсон. Бидний хувьд улсаас үзүүлж буй ямар ч зүйлд хамрагдах боломжгүй байдаг. Олсон хэдэн төгрөгөө бодоод нийгмийн даатгал хувиаараа төлж чаддаггүй. Өөрсдийнхөө хүчээр л амьдарч байна даа. Хувиараа нийгмийн даатгал төлсөн ч зээл олддоггүй юм билээ.

-Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа нь жижиг дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүд гэхэд буруудахгүй байх. Хувиараа бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал юу байна. Энэ асуудал дээр л төр засгийн зүгээс ч юм уу, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь анхаарвал бидний амьдрал ахуйд дэм тустай байна гэсэн зүйл бий юу?

-Миний хувьд өмнө нь том үйлдвэрүүдэд ажиллахад амар, сайхан байсан. Яг тусдаа гараад хувиараа бизнес эрхлээд явахад олдож байгаа ажлын байр нь подвол л байна. Бараг байр бүр подволтой, тэр бүхэн нь эзэнтэй. Подволд ажилласнаар наад зах нь хавагнахаас эхлээд бэрхшээл их. Тиймээс ажлын байран дээр нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Тус тусдаа жижиг өрөөтэй байж болно. Улсаас өгсөн их хэмжээний ажлыг хамтраад нийлээд хийчихдэг. Хэрэв тэгж чадвал үндэсний брэнд дахин хөл дээрээ босоход маш том дэмжлэг болж чадна гэж боддог. Хан-Уул дүүрэгт хуучны, ашиглахгүй маш олон том том үйлдвэрүүд байна ш дээ. Тэдгээрийг засаж янзлаад, нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад бүх оёдолчдыг ажлын байраар хангаад өгвөл түрээсээ өөрсдөө асуудалгүй төлөөд явчихна. Оёдолчид нэгдэж чадна. Улсаас хөнгөвчлөх юм юу ч байдаггүй учраас хямдаа бодож байрны подволд л ажиллаж байгаа.

Миний хувьд 20 жил оёдлоор явлаа. Энэ олон жилийн минь уйгагүй, тууштай хичээл зүтгэлийн хүчинд ажил өөрөө намайг олоод ирдэг боллоо. Энэ бол том амжилт гэж боддог. Ажлаа чанартай хийдэг учраас хэрэглэгчид маань надад итгэдэг. Хүмүүсийн итгэлийг алдалгүй явна гэдэг том амжилт, хичээж зүтгэж чадвал хүн олж чадна. Тэр бүхний эцэст өөрсдийнхөө санасан, зорьсон зүйлдээ хүрнэ гэж итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.