Улс төр


С.Амарсайхан: Нийслэл дараагийн 20 жилийнхээ хөгжлийг тодорхойлсон

1 сар TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд парламентын гишүүнээр сонгогдож үүрэг ажлаа орлогч Ж.Батбаясгаланд шилжүүлэн өглөө. Энэ үеэр онцлох ажлуудаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хотын даргын ажлаа хүлээлгэн өгч байгаагийн хувьд цаашид ямар бодлого чиглэлийг баримталж ажлаасай гэж хүсэж байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хүлээлгэн өгч байна. Энэ бол зөвхөн хотын захирагчийн тамгыг шилжүүлэн өгч байгаа хэрэг биш юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлчүүдийн анхлан хийж хэрэгжүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөлт хөтөлбөрүүдийг, үргэлжлүүлэн үр дүнг үзэх их үүрэг хариуцлагыг давхар үүрүүлж байгаа хэрэг билээ. Хүнээ дээдэлсэн, иргэндээ ээлтэй хотыг цогцлоох нь хүн бүрийн хүсэл гэдгийг цохон тэмдэглэмээр байна.Төр залгамж халаатай, бодлого шийдвэр нь ойлгомжтой, ил тод байх ёстой.

-Та дэлхий даяар “Ковид-19” цар тахал дэгдсэн хүндхэн цаг үед хариуцлагатай албыг хашлаа шүү дээ?

-Тийм шүү. Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын үед дотооддоо халдвар тархаагүй цорын ганц орон  манай улс болохыг ДЭМБ зарлаад байна. Хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа нийслэлд цар тахлын халдварыг дотооддоо алдахгүй барьж чадсан нь нийслэлийн мянга мянган иргэн, оршин суугч, төрийн алба хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн юм. Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхнээрээ бахархаж байна.

-Бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд бүх нийтийн оролцоо чухал байдаг. Та энэ чиглэлд хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Хотоос гаргасан бодлого шийдвэрийг ойлгон дэмжиж, хамтран хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилласан иргэд болон хувийн хэвшлийнхний ачаар нэг жилийн хугацаанд нөр их ажлыг зэрэг амжууллаа. Мөн УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдын дэмжлэггүйгээр Улаанбаатар хотын асуудлын шийдэх боломжгүй  юм.

-Урт хугацааны баримт бичгүүдийг боловсруулж, батлуулсан.  Ач холбогдлыг цомхон онцолбол?

-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепци, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал алсын хараа 2050 зэрэг бодлогын баримт бичгүүдээ боловсруулж батлуулж чадлаа. Нийслэл хот болоод эх орон маань ирээдүйд хаашаа зорих хэрхэн хөгжих талаар чиг баримжаагаа тодорхойлсон түүхэн цаг хугацааны үед хотын захирагчийн албаа хүлээлгэн өгч байна.

Жил гаруйн хугацаанд хотын хөгжлийн жишгийг тогтоох урт хугацааны баримт бичгүүдээ боловсруулан УИХ, Засгийн газраар батлуулж чадлаа. Өнгөрсөн жил нийслэлчүүд бидний хувьд томоохон шалгуур, сорилтыг даван туулсан, түүхэн он байлаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш Улаанбаатар хотын хамгийн том асуудал болсон агаарын бохирдлыг шийдэхийн тулд Засгийн газар дорвитой шийдвэрүүдийг гаргасан. Энэ шийдвэрийг бодитойгоор хэрэгжүүлэх гол хүч бол нийслэл хотын иргэд, төрийн албан хаагчид байсан юм. Бид хамтдаа хүчээ нэгтгэн ажилласны үр дүнд өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадлаа. Нийслэлд тулгамдаж буй асуудлуудад үндэслэж хүний хөгжилд анхаарах ажлуудыг хийсэн. Хүнээ хөгжүүлж байж,  хот улс хөгждөг хуультай. Хүн төвтэй бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, авилга, хээл хахуульгүй, төрийн албан хаагчийн хариуцлага ёс зүй, сахилга батыг нэмэгдүүлэх, мөн иргэд оршин суугчдын оролцоонд суурилсан, хотын зөв хандлагатай соёлтой иргэнийг төлөвшүүлэх зэрэг стандартыг баримталсан. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, иргэддээ хурдан шуурхай үйлчлэх эхлэлийг тавилаа. Үүний тод жишээ нь иргэд заавал иргэний үнэмлэхгүйгээр, төрийн үйлчилгээ авдаг болсон.  Мөн сурах орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн 30 барилга баригдаж, ашиглалтад орсноор 15500 суудал нэмэгдэж байна. Цэцэрлэгийн барилга 17 ашиглалтад орж, цэцэрлэгийн хүүхдийн орон тоо 7000-аар нэмэгдсэн. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэх ажлууд хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн цагдаагийн газарт 140 авто машин, Нийслэлийн эрүүл мэндийн түргэн тусламжийн газарт 60 машин хүлээлгэн өгсөн. Хотын соёл төлөвшилгүйгээр хотын хөгжлийг тодорхойлох боломжгүй учраас“Хотын соёл” аяныг  хэрэгжүүлж байна.

-Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлыг дурдвал?

-Ухаалаг камерын хяналтыг оруулах, бүх уулзварыг цахим сүлжээний хяналтад оруулснаар механик ажиллагаа, замын ачаалал буурахаас гадна зөрчил дутагдлыг цаг алдалгүй илрүүлэх боломжтой. Мөн хяналтын камерт хүний царай, биеийн хэлбэрээр таньдаг системийг нэвтрүүлэх гэж  байна. “Улаанбаатар менежмент” ХХК гүйцэтгэсэн дөрвөн улирал ажилладаг мөсөн ордон, хөлбөмбөг, усан спортын цогцолборууд энэ жил ашиглалтад орохоор хүлээгдэж байна. 100 уулзварыг гэрэлтүүлэг, дохиололтой болгосон.

-Танд Засгийн газарт ажиллах санал ирвэл?

-Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал шүү дээ.


А.МАРАЛМАА

Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.