Улс төр


“Эрдэнэт”-ийн 49-ийн бүлэглэл гомдогсдын амыг таглах ажлыг дааж авсан гэв үү?

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

АН-ын нэр дэвшигчдийг “бүлэглэлүүдийн онцгой комисс” шийдсэн нь  улам бүр тодорхой болж, мэдээлэл, баримтууд ч гарч эхлэв.  “Тооноор” орж ирсэн хүмүүс бүлэглэлүүдийнх болж таарсан. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар шатны 100  саяас дээших төгрөгийн дэнчин тушаасан олон залууг хаалганы цаана үлдээсэн нь энэ талаарх мэдээлэл ээлж дараалан  задрахад хүргэжээ. Хэдийгээр тэд мөнгөө тушаагаад ч нэр дэвших эрхээ авч чадаагүй ч   болсон процессыг  нүдээр үзэж, чихээр сонссон. Тийм ч учраас  АН доторх бүлэглэлүүд ямар хүчтэй тухай, УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах хуралдаан ямар хуйвалдаан болж  хувирсан тухай өвөр зуураа ярьж эхэлсэн байна.  АН-аас хөөгдсөн ч бие даан нэр дэвшихээр болсон ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр  шударга өрсөлдөхийг уриалан, АН-ын байранд очих үеэрээ энэ талаар шуум сонссоноо хэвлэлийнхэнд дуулгасан юм.

 

Тэрбээр томоохон бүлэглэлүүдийн нэг болох “Эрдэнэт”-ийн 49-ийнхний төлөөлөл АН-ыг худалдаж авсан талаар хэллээ. Энэ тухайд тэрбээр “Манай намын /АН/ мандатаас заримыг нь зарчихсан гэдэг шуум явж байна. Жишээлбэл, намд нэг өдөр явж үзээгүй, намын жирийн гишүүдийн үзэл бодлыг ойлгодоггүй, цагийн өмнө тооноор орж ирсэн хүмүүс нэр дэвшихээр болсон.

 

Олон жил явж байж намд өрсөлдөж ордог. Гэтэл цагийн өмнө ордог жишгийг залуучууд маань  сая харсан байна. Намын гишүүд, залуучууд  энэ талаар гайхаад ярьж байна.  Ерөнхийдөө Монголыг бараг бүхэлд нь худалдаж авдаг нэг том компани манай намыг худалдаад авчихжээ гэж АН-ын залуучууд ярьж байна” гэлээ. Харин 100 сая төгрөгөө тушаасан ч энэ мэт бүлэглэлүүдийн чихээсний хүмүүст дайруулан нэр дэвшиж чадаагүй гомдолтой үлдсэн залуучуудын гаргасан мөнгийг “сахал” Д.Эрдэнэбилэг төлж, амыг нь таглаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Хэвлэл мэдээллээр та бүхэн бүгд ярьж байгаа. Нэг л хүн байдаг, УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг. Энэ хүн 100  сая төгрөгөө нэхсэн хүмүүсийн мөнгийг төлөөд хэл амыг нь дарж байна гэх мэдээлэл байсан.  Би ч бас сая  энэ талаар сонслоо.  АН-ын  байран дээр хүмүүс ярьж байна. Гэхдээ миний хувьд лав 100 саяа буцаагаад авсан зүйл алга. Би тэр хүнийг танихгүй” гэлээ. Ямартай ч АН хэдийгээр нэр цэвэр, мэдлэг, боловсролтой залуусын боломжийг бүлэглэлүүдийн гарт шилжүүлсэн ч Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр  “Эрдэнэт”-ийн 49-ийн бүлэглэл гомдол тайлах хөрөнгийг хувиасаа гаргахаар болсон бололтой юм.  Нэр дэвших эрхээ авч чадаагүй ч тушаасан мөнгөө эргүүлээд авчихвал  АН-ын гомдогсод амаа таглах нь гарцаагүй гэж үзсэн учраас  бүлэглэлүүд хөшигний ард мөнгө цацах их ажилдаа орсон бололтой.




Холбоотой мэдээлэл