Улс төр


З.Энхболдыг “Суруга Монгол”-той холбоотой хэргээр АТГ-аас шалгахаар болжээ

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод  прокурорын  газраас  хэрэг үүсгэн шалгах  үндэслэлтэй гэж үзсэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Ингэснээр түүнийг “Суруга Монгол” компани болон төрсөн дүүгийнх нь нэр дээр шилжсэн их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан мөрдөн шалгахаар болж байна. Энэ  тухайгаа нийслэлийн   прокурорын газраас иргэн Л.Наранбаатарт мэдэгдсэн байна.

  Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу мэдэгдэх хуудсыг  Л.Наранбаатарт өнөөдөр гардуулсан байна.  Уг албан бичиг нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө АН-ын даргын  зөвлөхөөр ажиллаж буй З.Энхболдод хэрэг үүсгэн шалгахаар болсон  талаарх мэдээлэл аж.  Л.Наранбаатарын хувьд  өнгөрсөн гуравдугаар сард “Суруга Монгол”-той холбоотой асуудлаар түүнийг шалгуулах хүсэлт гаргасан  ч хууль хүчнийхэн татгалзаж байсан юм.  

 Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзсэн учраас  эдийн засагч   Л.Наранбаатар  удаа дараа хүсэлт гаргасны дагуу ийнхүү хэрэг үүсгэж байгаа аж. Энэ талаар тэрбээр “З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад “Суруга  Монгол” компанийн захирал япон эрэгтэйг хар тамхины хэрэгт гүтгэж, хууль хүчний байгууллага төдийгүй тодорхой улс  төр болон бизнесийн бүлэглэлүүд нийлж хэлмэгдүүлсэн хэрэг гарч байсан. Япон захирал хоригдож гарч ирээд компаниа зараад  нутаг буцсан. Энэ хүн дахиж Монголд орж ирэхээргүй болсон.

Хамгийн сонирхолтой нь “Суруга Монгол”-ын эзэмшиж байгаад шилжүүлсэн газар дээр нь “Хүннү 2222”  гэх  том хороолол босгочихсон байгаа.  З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын үүсгэн байгуулсан “MGT” гэх компани бий. Энэ компани 2016 оны дундуур “Хүннү 2222” хорооллоос нийтдээ 1391.6   ам.метр  талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг  шилжүүлээд авчихсан байдаг.

Дээрээс нь 60 ам.метр дөрвөн ширхэг автомашины  зогсоол бий. Миний хувьд энэ хэргийг шалгуулах хүсэлт гаргасан. Улс төр, бизнесийн ямар бүлэглэл энэ газрыг нь дээрэмдэж авсан  юм бэ гэдгийг тодорхой болгохыг хүссэн. Дээрэмдэж авсан  гэж хэвлэлээр ярьдаг газар дээр  яахаараа З.Энхболдын төрсөн дүүгийн үүсгэн байгуулсан компани  яагаад ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг юм. Бидэнд ирсэн мэдээллээр “Хүннү 2222” хорооллын 110-118 дугаар байрны  найман  давхарт таван байр байна гэж байгаа юм.

Үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээ, компанийн лавлагаатай нь АТГ болон Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн. Гэтэл ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтсийн Т.Билгүүн гэдэг хүн “Энэ хэргийг шалгахгүй” гэдэг хүсэлтээ нийслэлийн прокурорын газарт өгсөн.  Тухайн хүсэлтийг нь нийслэлийн  прокурор Гансүлд гэдэг хүн авсан ч мөн л шалгахгүй гэх хариуг өгсөн. Хууль хүчний байгууллагууд яагаад энэ мэтээр З.Энхболдоос айгаад хэргийг нь шалгахгүй гээд байгаа юм, үүний цаана  гэмт хэргийн шинжтэй  үйлдэл байгаа юм биш биз дээ гэдэг шаардлагыг миний бие  тавьсаар ирсэн.

Үүний эцэст өнөөдөр нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээр болсноо хэллээ” гэв. Ямартай ч  Л.Наранбаатарын зүгээс  хууль шүүхэд удаа дараа хүсэлт гаргасны дагуу З.Энхболдыг ийнхүү шалгахаар боллоо. Нийслэлийн прокурорын газраас түүнд хэрэг үүсгэхээ мэдэгдсэн  АТГ-т шилжүүлснээр  мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар боллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.