Нийгэм


Хөвсгөл аймагт сумдын нислэг дахин сэргээсэн түүх буюу Ан-2 хөлгийн отгон экипажийн дурсамж

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN


 

Эрдэнэбулган сумын аэродром дээр 1997 оны 8 дугаар сард. Зүүн гараас: “Нисэх ТАС” компаний онгоцны дарга нисгэгч, зохиолч Т.Батжаргал, Эрдэнэбулган сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Намсрай, хоёрдугаар нисгэгч Баяржаргал, онгоцны техникч Д.Ариунсайхан, дарга нисгэгч И.Лхагвасүрэн.

 

Миний төрсөн нутаг унасан газар, угаасан ус минь Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Дэлгэрмөрөн голын дэлгүүхэн хөвөө билээ. Намайг бага байхад манайх Мөрөн хотын 7 дугаар хороо/одоогийн 4 дүгээр хороо/ алдарт “Цагаан мухлаг”-ын зүүн хойд гудамжинд байсан юм. Аав маань 1959 онд “Ардын зориг” нэгдэл анх байгуулагдахад хамаг малаа нийгэмчилж, манайх гэдэг айл аймгийн төврүү нүүж энд хашаагаа хатгасан гэдэг байлаа. Манай гудамжны зүүн талд онгоцны буудал байсан тул би мэдээ орсон цагаасаа л тэнд бууж, хөөрч байгаа онгоцны нүргэлсэн их дуу чимээг нь сонсож, шуудангийн цагаан онгоц, сумдын ногоон онгоц нисэхийг харж өссөн билээ. 

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 6 дугаар сарын 1-ний “Зарим аймагт агаарын шуудан ба тээврийн харилцааг байгуулах тухай” 272 дугаар тогтоолоор Улаанбаатар хотоос алслагдсан Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудын чиглэлд агаарын шуудан ба тээврийн харилцааг тогтмол хуваарьтай явуулахаар болжээ. Иргэний агаарын тээвэрчид Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр энэхүү тогтоолд дурьдсан чиглэлүүдэд Ан-2 онгоцоор шуудангийн тогтмол рейсийг хийснээр Мөрөн-Улаанбаатарын хоорондын агаарын тээврийн үйлчилгээ бий болжээ. 1960 оны 1 дүгээр сараас Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн нисэх буудалд Ан-2 онгоц, экипажийг суурин байрлуулж, сум хооронд үйлчилж эхлэв., Мөн оны 6 дугаар сараас Ренчинлхүмбэ сумруу, 1962 оноос Хатгал, Ихжаргалант, Эрдэнэбулган, Галт, Цагааннуур сумдыг агаарын тогтмол харилцаатай болгож ард иргэддээ үйлчлэх болсон байна.

Хожим би нисгэгч болж, Иргэний нисэхийн салбарт ажиллах болсноор төрөлх нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд 1995-1997 онуудад ажиллаж амьдрах хувь тавилан тохиолоо.

Миний бие эхлээд Батлан хамгаалах салбарт буюу Монголын Ардын армийн 137 дугаар нисэх тусгай хороонд сөнөөгч Миг-21 дуунаас хурдан онгоцны жагсаалын нисгэгчийн албанд зүтгэж байтал 1989 онд Батлан хамгаалах салбарын хүн хүч, зэвсэг техникийг цөөрүүлж цэргийн боловсон хүчнийг армийн эгнээнээс чөлөөлж Улс ардын аж ахуйн салбаруудад мэргэжлийн дагуу шилжүүлэн ажиллуулах төр засгийн бодлого шийдвэр гарав. 

Манай 137 дугаар нисэх тусгай хорооны 3 эскадрилийн нэгийг нь цомхотголд оруулахад бидний хэдэн залуус цэргийн албанаас чөлөөлөгдөв. Тэр үед Монголын Иргэний Агаарын Тээврийн “МИАТ” Нэгтгэлийг Даржаагийн Сүрэнхорлоо (хожим Монгол Улсын гавьяат нисгэгч цол хүртсэн) гэж ажил мэргэжлийн асар өндөр мэдлэг, туршлага, холч ухаан, далайцтай бодлого үйл ажиллагаа, алсын хараатай мундаг дарга удирдаж байсан бөгөөд цэргийн нисэхээс чөлөөлөгдсөн залуусыг авч алдарт “Царцаа ногоон” хэмээх АН-2 онгоцонд шилжүүлэн сургах 3 сарын дамжаанд сарын 200 төгрөгийн тэтгэлэгтэй суулгаж ажил амьдралтай залгуулсан юм. Тэр үед аль ч байгууллагыг удирдаж байсан ажлаа мэддэг зангарагтай дарга нарын хэлсэн үг, гаргасан тушаал шийдвэр нь тэр дороо ажил хэрэг болон хэрэгждэг, маш өндөр хариулага, сахилга бат нийгмийн бүх салбарт төлөвшиж хэвшсэн байсан юм.

Ийнхүү би иргэний агаарын тээврийн нисгэгч болсноор олон зориулалтаар ашиглагддаг Ан-2 хэмээх 12 зорчигч тээвэрлэх, давхар далавчит, дотоод шаталтын поршинт хөдөлгүүрт, сэнст онгоцоор хийж гүйцэтгэдэг олон төрлийн чухал ажлын амт, бахархалтай сайхныг мэдэрсэн юм. Иргэний агаарын тээвэрт ирснээр хөдөө сумдад зорчигч, ачаа шуудан тээврийн нислэг үйлдэн ард түмэндээ үйлчлэх болов. Тухайн үед “МИАТ” нэгтгэл нийт 60 шахам Ан-2 онгоцтой байв. Сэлэнгээс бусад 17 аймгийн 300 орчим сум, бригадад зорчигч, шуудан тээврийн нислэгээр 7 хоногт тогтмол 2 удаа нислэг үйлддэг, жилд дунджаар 1,5 - 2 сая га бэлчээрийн талбайг хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготноос хамгаалах, 200.000 га тариалангийн талбайн ургац хамгаалах, 150.000 га талбай ойн бүсийг хортон шавьжнаас хамгаалах, ой хээрийн түймрийн эргүүлд жилд 1000 гаруй цагийн нислэгийн үүрэг тус гүйцэтгэн улс орны хэмжээнд асар өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг чухал салбар болон хөгжиж нийгэм, эдийн засагт ихээхэн үр өгөөжөө өгч байв.

Зөвлөлт Холбоот Улсад 1980–аад оны дунд үеэс өрнөсөн перестройка, гласность буюу өөрчлөн байгуулалт, ил тод байдлын үр нөлөөнд социалист систем цаашид оршин тогтнох боломжгүй болж 90-ээд оны эхээр задран унав. Үүний нөлөөгөөр Монголд  ардчилсан хувьсгал өрнөж манай улс социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж, зах зээлийн чөлөөт эдийн засаг, нийгмийн шинэ харилцаанд шилжив. ЗХУ-аас авч байсан зээл тусламж бүр мөсөн зогсч, Монгол Улсад нийгмийн шилжилтийн үеийн эдийн засгийн хямрал үүсэхэд дагаад агаарын тээврийн үйл ажиллагаа хэсэг хугацаанд доголдов. Ардчилсан хувьсгалын далбаан доор өрнөсөн улс төржсөн шүүмжлэл ч энэ салбарыг тойролгүй дайрч, хөдөөгийн ард иргэдийн зорчих хэрэгцээнд чухал үүрэг гүйцэтгэж байсан сумдын нислэгийг хүртэл “гурван төгрөг зараад нэг төгрөгний орлого олдог алдагдалтай”, “коммунизмын суртал ухуулга болсон МАХН–ын “Үнэн” сонинг хөдөөгийн иргэдэд хүчээр тараах хэрэгсэл” хэмээн хэт улс төржсөн шүүмжлэл, элдвийн дайралт гарах болов.  Ёстой л “гүжрийн үгэнд хариу олдодгүй” гэдэг болов.

Улс орны нийгэм, эдийн засгийн олон чухал ажил үүргийг амжилттай гүйцэтгэлүүлэхийн тулд төр бодлогоор тогтоож байсан хямд өртөг, хөлсөөр зах зээлийн орчинд цаашид ажиллаж оршин тогтох  боломжгүй болж, 1991 онд АН-2 онгоцны нислэг үйлдвэрлэлийг зогсоов. 30 жилийн турш манай улсын 17 аймгийн 300 орчим сум, бригадын төвийг аймгийн төвүүдтэй нь агаарын тээврээр холбож, тээврийн салбарт тухайн үед хийж чадсан нэгэн том дэвшил болох сумдын зорчигч, шуудан тээврийн тогтмол нислэг ийнхүү улсын хэмжээнд бүрмөсөн зогсов Асар их өмч хөрөнгө үрэн таран болох үүд хаалга нээгдэж, олон зуун мэргэжлийн боловсон хүчин тарж бутран олон арван онгоц, техник сул зогсолтод шилжсэнээр байгаль орчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалж байсан тогтсон систем нурж, хөдөө орон нутгийн иргэд хөл мухардав. Бүх үйл ажиллагааг зах зээлийн хууль, шинэ шаардлага зарчмаар явах боллоо.

Нисэхийн салбарт 1991-1992 онд үүсгэсэн алдаа, завхралыг залруулж, цаашид үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой олон тооны Ан-2 онгоцны нислэг үйлчилгээг сэргээж дахин ашиглах зорилгоор Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний нисэх “Тас” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд нарын 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/10 дугаар  хамтарсан тушаалаар байгуулагдахад миний бие Ан-2 онгоцоо даган энэхүү компанид 2 дугаар нисгэгчээр томилогдов.

Шинэ тулгар компани байгуулагдсан эхэн үедээ хийх ажил орлогогүй шахам байсан ч намар нь Иргэний хамгаалалтын газар/одоогийн Онцгой байдлын ерөнхий газар/-ын захиалгаар ой хээрийн түймэртэй тэмцэх шүхэрчин гал сөнөөгчдийн буулт дадлагыг Мөрөнд хийх болов. Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл гэсэн ойн бүсийн 4 аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарын 80 гаран шүхэрчид цугларчээ. Тэнд шүхрийн буулт дадлага хийлгэх Ан-2 онгоцны экипажид онгоцны дарга Сүхбаатар, техникч Батсайхан нарын хамт хоёрдугаар нисгэгчээр нь миний бие томилогдон 1994 оны 9 дүгээр сарын дундуур Мөрөнд ирж, 7 хоног байрлан шүхэрчдийн дадлага буултын 30 орчим цагийн нислэгийг төрсөн нутгийнхаа  тэнгэрт анх удаа  үйлдсэн юм.

Ирэх жил нь буюу 1995 онд тохиох “Нисэх хүчний түүхт 70 жилийн ой”-д  ИНЕГ–аас өндөр ач холбогдол өгч, Батлан хамгаалах яамтай хамтран ёслол төгөлдөр тэмдэглэх, сүр дуулиантай зохион байгуулах санал санаачлага өрнөж, нисэхийн нийт хамт олон ч догдлон хүлээж байлаа.

Миний бие энэ ойд зориулан хуучин хийж байсан сумдын шуудан тээврийн нислэгийг сэргээн хөгжүүлэх саналаа 1994 оны намар нисэх “Тас” компанийн удирдлагад танилцуулахад ерөнхий захирал Х.Чулуун, дэд захирал М.Раднаасамбуу нар ихэд дэмжиж, эхний ээлжинд Хөвсгөл аймагт туршиж хэрэгжүүлэхийг зөвшөөрөв. Хөвсгөл аймгийг сонгох болсон олон хүчин зүйл байлаа. Учир нь хүн амын тоогоор улсдаа нэгдүгээрт ордог, зорчигч эргэлт хамгийн өндөр үзүүлэлттэй аймаг бөгөөд саяхан болтол Мөрөн нисэх буудлаас гурван Ан-2 онгоцоор сумдын нислэг үйлддэг байсан. Одоо ч иргэдийн зүгээс байнга хүсэлт тавьдаг, эрэлт хэрэгцээ их байлаа. Өвөл цас мөсөнд хаагддаг олон уул даваатай, зун нь олон гол мөрнийх нь шавар ус нь боодог гэх зэрэг байглын бартаа, саад их юм. Бас миний төрсөн нутаг гэхээс гадна Мөрөн нисэх буудалд 50 тонн Б91/115 хэмээх нэг кг-ын өртөг нь 140 төгрөгийн үнэтэй нисэхийн бензин агуулагдаж, мөн энд “Зил” сумлагч(шатахуун цэнэглэгч) машин бэлэн байсан ба Ан-2 онгоцны техникчээр олон жил энд ажилласан ажилсаг хичээнгүй Сундуйн Болд тус нисэх буудлын  онгоцны техникчийн үндсэн орон тоонд ажилладаг зэрэг нь нисэх онгоц суурин байрлаж үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлж байв.

Гэхдээ үндсэн хэрэглэгч, зорчигчид болох хөдөөгийн иргэд байнгын орлогогүй, бэлэн мөнгөний хомсдолтой, төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан нисэх онгоцоор зорчих тийзний төлбөрийг бэлэн мөнгөөр болон зах зээлд эрэлт их байгаа иргэдийн гар дээрх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд/хонины нэхий, үхэр, адууны шир, ноос, ноолуур, ан амьтны арьс үс, байгалийн жамаар унасан бугын ясан эвэр гэх мэт/-ээр тооцон хийж болох санаа төрж, төлбөр тооцоог түүхий эд бүтээгдэхүүн солилцоогоор зохицуулах журам зохион боловсруулан компанийхаа Захирлын зөвлөлд танилцуулж дэмжигдэв. Ингээд Монголын онцлогт тохируулж цаг зуурын хүндрэлийг шийдэх, нисэх онгоцоор зорчих хөлс, тийзийн төлбөрийг хөдөөгийн иргэдэд амар хялбар хэлбэрээр тооцох, дэлхийн практикт байгаагүй журмыг ИНЕГ, “Нисэх Тас” компанийн удирдлага зөвшөөрсөн юм. Миний бие энэ ажлын бэлтгэл хангахаар Ан-2 онгоцны дарга нисгэгч, уран сийлбэрч, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Лигдэнгийн Адилбиш, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, аэродромын инженер Цэрэндоржийн Эрдэнэбат(хожим Өвөрхангай аймгийн нисэх буудлын даргаар олон жил ажилласан) нарын хамт 1994 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт, Жаргал, Шинэ-Идэр, Ренчинлхүмбэ, Цагаан нуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Ханх, Рашаант, Цэцэрлэг, Цагаан-Уул зэрэг 15 сумын аэродромыг сэргээх, орон нутгаас нь хүн томилж хариуцуулах албан томилолт өвөрлөн Мөрөнд ирэв.

Бидний ирсэн зорилгыг аймгийн Засаг дарга С.Лувсандаш гуай талархан хүлээн авч  бүх талаар дэмжихийг сум орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов. 15 сумын нисэх буудлыг/аэродромыг/ орон нутгийн хүчээр нэг сарын дотор засч, сэргээх зохион байгуулах ажлыг шахуу хугацаанд амжуулахын тулд бид унтаж амрахыг умартан ажилласан юм. Өдөр нь нэг суманд ажиллаж, шөнө нь дараагийн сумруу хүргүүлнэ.

Эхний удаа бид 3-ыг нисэх буудлын дарга Базаргүрийн Батсүх гуай Шинэ-Идэр суманд өөрийнхөө УАЗ-469 машинаараа хүргэж өгөөд буцсан ба цааш зорчих унааны асуудлыг сумдын удирдлагууд өртөөлөн хүргэж өгч шийдэж байв. Очсон сумдын аэродромын хуучин хашаа хамгаалалтыг сэлбэж тордон, онгоц хөөрч буух шороо зурвасанд гарсан малын чийр, хонхор хотгорыг засч тэгшлэх, чулуу хог хаягдлыг нь түүж цэвэрлэх, оролт гаралтын шийт, хажуугийн тэмдэгт хийх ажлыг тухайн сумдын иргэдийг удирдан зохион байгуулж заавар зөвлөгөө өгч акт үйлдээд томилолтын хугацаанд зорьсон хэргээ амжуулаад 12 дугаар сарын дундуур нийслэлд буцаж ирэв. Ингээд зохих бэлтгэл хангаад 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн сумдын нислэг эхлүүлэхээр 415 дугаартай Ан-2 онгоцоо хөлөглөн Мөрөнг зорин нисч билээ. Улаанбаатараас хөөрөөд бид 3 цаг нисч ирэхдээ Мөрөнгийн хотын дээгүүр 3 эргэн шинэ оны хуанли бүхий сурталчилгааны хуудсыг онгоцноос цацаж бяцхан сурталчилгаа хийж амжив.  Бидний санаачилсан энэ ажлыг ИНЕГ-ын зүгээс анхаарч татвар хураамжаас чөлөөлөх зэргээр дэмжиж байсны дотор “Мөрөн” нисэх буудлын хамт олон ялангуяа нисэх буудлын дарга Батсүх гуай халуунаар дэмжиж зарим ажлыг бидний өмнөөс амжуулж, түүний гэргий, нисэх буудлын гуанзны эрхлэгч Бадамцэцэг эгч сэтгэл харамгүй туслаж байсан юм. Адилаа ах бид хоёрыг нисэх буудлын нэг жижиг өрөөг суллан тохижуулж үнэ төлбөргүй байрлуулах болов.

Ийнхүү 1995 оны нэгдүгээр сараас эхлэн Хөвсгөл аймгийн Галт, Жаргал, Шинэ-Идэр гурван сумыг нэг маршрутанд, Ренчинлхүмбэ-Цагааннуур–Улаан-Уул сумыг нэг багц, Цагаан-Үүр–Чандмань-Өндөр-Эрдэнэбулган сумыг нэг багц,  Ханх сумыг дангаар нь нэг маршрут болгон сумдын зорчигч тээврийн нислэгийг зах зээлийн шинэ орчинд төлбөрийн шинэ хэлбэрээр хийж эхэллээ. Тухайлбал, Цагааннуур сумаас зорчиход 20-25 кг хөлдөөсөн цагаан загас эсвэл 4 ширхэг хонины нэхий, Ренчинлхүмбээс зорчиход 3 ширхэг хонины нэхий эсвэл 1 ширхэг үхрийн шир, эсвэл 15 литр нэрс жимс, 5 кг байгалийн жамаар унасан бугын ясан эвэр гэх мэт түүхий эдийг зах зээлийн үнэ ханшнаас харьцангуй хямд үнээр тооцон төлбөр хийнэ.

 Эдгээрийг сумдын холбоочин бүртгэж данслан хуримтлуулж байгаад газраар аймгийн төврүү хүргүүлснийг зах дээр ченжүүдэд борлуулж мөнгө болгоод орлогод авдаг байлаа. Үйлчилгээний төлбөрийн энэ хэлбэр нь ажил явуулж байгаа бидэнд ихээхэн төвөгтэй ч хөдөөгийн иргэдэд хялбар дөхөм байлаа. Хэн дуртай нь арьс нэхийгээ шууд барьж ирээд тийз бичүүлээд онгоцоор нисдэг болов. Идэр есийн хүйтэн ид тачигнаж байхад Дархадын хотгорын Цагааннуур, Ренчинлхүмбэ суманд буухад мөн ч хүйтэнсэн. Энд шөнөдөө -40, –50 хэм хүйтэн хонодог, өдөртөө -30 хэмээс доош орж хүйтрэх нь олонтой байдаг, хойд туйл тундрын байгал цаг ууртай их төстэй битүү цас, мөсөнд хучигдсан цав цагаан орчинд очиход тун сонин бөгөөд биширмээр. Тэсгим өвлийн нөхцөлд гадаах температур -30 хэм хүйтэн байхад Цагааннуур суманд буугаад хөдөлгүүрээ унтраалгүй бага хаазан дээр ажиллуулж байгаад ачиж ирсэн ачаа шуудан, зорчигчдоо түргэхэн буулгаад явах зорчигчдоо бушуухан зөрүүлж суулган хаалгаа хааж цас манарган хөөрдөг байлаа. Хэрэв ийм хүйтэнд хөдөлгүүрээ унтрааж 5 минутаас илүү болоход л хөдөлгүүр царцаж улмаар хөлдөх аюултай. Бид хэдийгээр нисгэгчийн нэхий хувцас, нохой гутал зэрэг тун дулаан хувцас өмссөн хэдий ч цөөхөн минут онгоцноосоо гарах төдийд л хүйтэн жаварт хоёр чихээ час хийтэл хайруулж амждаг байв. Гэтэл нутгийн иргэд нимгэн хөвөнтэй дээл, бакал гуталтай хэрнээ уур савсуулан, цан хүүрэг татуулан явцгаах нь тэд их л өлчир чийрэг хүмүүс болохыг илтгэнэ. Би ихэд гайхан ийм хүйтэнд үстэй дээлээ өмсөхгүй яасан улс вэ гэхэд, тэд өөдөөс үстэй хүнд дээл өмсөөд өвдөгөөр татасан цас туулахад хөлрөөд явж болдоггүй, хөвөнтэй дээл нь биед хөнгөн, амар байдаг гэх.

Алс буйд нутгийн иргэд төвөөс шуудангийн онгоц ирж буух бүрийд олноор цугларч, ирэх, буцах хүмүүсийг сониучирхан харна. Ялангуяа сургуулийн дотуур байрны бололтой улаан хацартай бяцхан жаалууд зориуд ирж онгоц зогсоолоос хөдлөхөд сэнснээс үүсдэг салхинд орж туугдан хийсэх гэж учиргүй дурладаг байв.

Би эхлээд зөөлөн хаазаар зогсоолоос аажуухан хөдөлж эхэлснээ араас тэднийг шаваад ирэнгүүт нь гэнэт хазаа огцом нэмэхэд үүссэн их салхинд мөнөөх зүггүй хүүхдүүд хунгар цасан дээгүүр хамхуул шиг туугдан өнхөрч хийсэх бөгөөд түүндээ хязгааргүй хөөрөн баярлацгааж тас тас инээлдэн шуугиж хөгжин жаргацгаах нь туйлын эгдүүтэй хөөрхөн. Онгоцны сэнсний салхинд орох гэж хөөрч зугаацах гэнэн жаахан багачуудын энэхүү үзэгдэл манай улсын хөдөөгийн аль ч суманд элбэг тохиолддог байсан юм.

Өвлийн саруудад тэнгэр хачин тунгалаг тогтуун болдог тул зорчигч тээврийн нислэг үйлдэхэд мөн чиг таатай агаад энэ улиралд л хөдөөгийн иргэдийн зорчих хөдөлгөөн ид идэвхждэг байв. Харин хаврын сар гарангуут салхины хүч ширүүсч байнгын сэгсрэлтэнд өртөхөд зорчигчид их тух алдаж тавгүйтнэ. Ялангуяа Галт, Жаргал, Шинэ-Идэр чиглэлд Эрчим болон Бөгсийн нурууг даван нисэхэд агаарын босоо урсгалын нөлөөнд үүсдэг хүчтэй сэгсрэлтэнд онгоц маань дээш доош, хажуу тийш  огцом шидлэн зайлагдаж,  жолоодоход төвөгтэй болгодог байв. Гэвч давхар далавчит Ан-2 онгоцны аэродинамик чанар гайхалтай сайн билээ.

Зуны улиралд сумдын нислэгээ өглөө эрт гэгч нь төлөвлөж үдээс өмнө амжуулахгүй бол хангайд үдээс хойш гэнэт өтгөн хар үүл хуралдаж яаж ийхийн зуургүй дуу цахилгаантай аадар бороо асгарч замын агаар муутгана. Ялангуяа ийм цаг агаарын үзэгдлийн үед Дархадын хотгорыг зорин Хорьдил сарьдагийн нурууг даван нисэхэд маш хэцүү болдог тул нислэгийн замын цаг агаарын мэдээг сайтар нягталж маш хянуур болгоомжтой ажиллах шаардлагатай. Гэвч онгоцны дарга Адилбиш багш бол 10 гаран жил баруун Алтайн өндөр уулсын хүнд нөхцөлд онгоцны даргаар(Ховд, Говь-Алтай, Баянхонгорын нисэх буудлуудад нийт 15 жил ниссэн) ажилласан, асар их туршлагатай нислэгийн ур чадвар гойд сайн эзэмшсэн мундаг нисгэгч байлаа.

Хөвсгөлд 8 сар гараад усан бороо олон хоногоор цутган орж, хөдөө сумдын аэродромын шороон зурвасыг нэвштэл норгох тул сайтар загсахаас нааш нислэг үйлдэлгүй саатан хүлээх болдог. Зүг чиггүй, борооны цахилгаанжсан битүү үүлэн дотор ороход радио холбооны хоёр чихэвчинд аянгын чимээ “шарр шарр” хийхэд ар нуруугаар агзас хийлгэнэ. Тэртээ алсаас бүдэг бадаг дуулдах холбоочин Нэргүй, Дашням болон нислэг удирдагч залуусын биднийг тасралтгүй дуудах дуу хоолой байдлыг хөнгөлж, нөмөрч ирсэн аянгын өтгөн хар үүлийг нэвтлэн гарах итгэл зориг өгч тулгарсан бэрхшээлийг туулан гараад эсэн мэнд эргэж ирэн Мөрөнгийн буудалдаа зөөлөн буух мөн ч сайхандаа. Зогсоолдоо орж зогсон хөдөлгүүрээ унтрааж, зорчигчдоо буулган ачаа тээшийг нь хүлээлгэж өгчихөөд  онгоцоо уяа, хавчаараар нь сайтар бөхөлж бэхлээд даруй гэртээ харьж гэргийнхээ хийж зэхсэн гарын цай хоолийг идчихээд бяцхан үрсээ эрхлүүлэн амрах шиг аз жаргал өөр үгүй билээ.

Мөрөн нисэх буудалд намайг ажиллаж хугацаанд нислэгийн удирдагчаар Б.Мөнхтөр, Б.Баттулга нарын  туршлагатай залуусын хамт Иргэний агаарын тээврийг удирдах газрын дэргэдэх Сургалтын төвд мэргэжил олгох дамжааг дөнгөж төгссөн Д.Бадамсамбуу, Н.Баттөр, М.Мөнхтулга, П.Туул гэх дөрвөн  залуу, холбоочноор Жамъяанжавын Нэргүй гэж олон жил онгоцны холбоо барьсан догь эр, мөн Ганбатын Дашням гэх ажилсаг залуу, холбооны инженерээр Нямсүрэнгийн Зоригт, холбооны станцын техникчээр хожим ерөнхий инженер болсон Төмөрийн Энхээ гэх(Тосонцэнгэл сумын харьяат) сайхан сэтгэлтэй, нөхөрсөг залуу, цахилгааны техникч Увс аймгийн харьяат шаггүй барилддаг, хүнтэй их нөхөрсөг наргианч Жамбалсүрэнгийн Баттогтох гэдэг залуу ажиллаж байв. Ядамын Шаравдорж гуай даргалж байсан аймгийн Ус цагуурын станцаас Чүлтэмийн Мягмарсүрэн ах, Г.Баярсайхан гуай, Г.Сарантуяа нар ээлжлэн ирж, нислэгийн замын агаарыг шинжин бичиж өгдөг байлаа. Ерөнхий нягтлан бодогч Бадамхандын Бямбацогт/Баянзүрх сумын харьяат/ ах миний үйлдсэн нислэгийн зардал, орлого зарлагын тооцоо, тайланг сар бүр гаргаж өгч уйгагүй тусладаг байв. Касс, тийз бичигчээр Дэндэвийн Норов, Д.Намжилмаа нар, аж ахуйн нярав Н.Цэгмэд, сумлагч машины жолоочоор Ойдовын Эрдэнэбилэг гэж эвсэг, алиа зантай ах, ачааны машины жолоочоор Галт сумын харъяат Нямсүрэнгийн Ганбаатар гэж орос хүн шиг ханхар өндөр гүндүүгүй эр, хөнгөн тэрэгний жолооч, Батсүх даргын дунд хүү Гансүх, шатахууны нярав, цасны машины жолооч Жамбын Бат-Аюуш гэж их ажилсаг аж ахуйч ах, автобусны жолооч Лхамсүрэнгийн Оюунцэрэн гэж нугарашгүй хөдөлмөрч залуу, слесарь Төмөрбаатарын Доржпүрэв  хүнд их тусархуу даруухан залуу, мөн Ховд нутгийн уугуул Цогтын Батсуурь нар, ойрын чиглүүлэх станцын техникч Жамсүрэнгийн Галсандорж гэж цахилгаан, гагнуур, төмрийн дарх хийдэг алтан гартай сайхан сэтгэлтэй ах, холын чиглүүлэх станцын техникч Дэмбэрэлийн Намсрайжав, Шаравын Нямсүрэн, харуул талбайн журам сахиулагчаар Шашийн Даваажав гэж хэлэх үгээ хэнд ч хэлж чаддаг шудрага залуу, мөн Бямбажавын Мөнхбат, Ж.Бүргэдэй(холбоочин Нэргүйн төрсөн дүү) нарын ажилсаг, зоримог залуус, тогооч Хөх-Өвгөний Оюун-Эрдэнэ(хожим нисэхийн холбоочин болсон), Шаравпилийн Хандаа(нислэгийн удирдагч Мөнхтөрийн гэр бүл), Гэндэнгийн Ариунаа(манай техникч Болдын гэр бүл), үйлчлэгчээр Цагаан-Үүр сумын Уйлган голын уугуул Хажидмаагийн Нарантуая, Очирын Эрдэнэцэцэг ажилдаа эзэн болсон хүмүүс, уурын зуухны галч Цэцэнбадрах, Ганбилэг нар ажиллаж байв. Мөн Улаан-Уул суманд Норсмаагийн Марха, Ренчинлхүмбэ суманд Жамбалын Жаргалсайхан, Ханх суманд Ц.Сүхээ нар холбоочноор ажиллаж байв. Үнэн сэтгэлээсээ ажлаа хийдэг сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч даруу энэ сайхан хамт олныг Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, олон жил Ан-2, Ан-24 онгоцны дарга нисгэгч байсан Базаргүрийн Батсүх гэдэг хашир туршлагатай нисгэгч дарга чадварлаг удирдаж байсан юм. Батсүх гуай өмнөх дарга нар шиг аймгийн төвд байгууллагын мэдлийн орон сууцанд оролгүй, нисэх буудлынхаа хашаанд таван ханатай монгол гэр барин үр хүүхдүүдтэйгээ өнөр өтгөн амьдардаг байсны учир нь нислэгийн ачааллаар Улаанбаатарын дараа орох Мөрөн нисэх буудлын аюулгүй байдлыг чанд сахиулан хамт олноо сайтар зохион байгуулж амжилттай ажиллах хашир ухаан байсан юм. Түүний гэргий, Увс аймгийн Сагил сумын харьяат Рэгзэдийн Бадамцэцэг эгч нисэх буудлын гуанзны эрхлэгчээр ажиллаж, эр нөхрийнхөө ажилд маш их өмөг түшиг болж үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, бусдад сэтгэл харамгүй тусладаг, зөвд зөөлөн бурууд хатуу, шулуун шудрага зантай, их ажилсаг, жинхэнэ монгол эмэгтэй байсан юм. Мөрөн нисэх буудал үүрийн цагаан гэгээнээс шөнө дөл хүртэл зорчигчид, үдэгчид, угтагч олны хөлд дарагдан маш их ачаалалтай ажилладаг байлаа. Өдөр бүр Мөрөн Улаанбаатарын хооронд цагийн хуваарьт тогтмол нислэгээс гадна Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын тогтмол рейсийн онгоц заавал бууж шатахуунаар цэнэглэж/нисэхийн яриагаар “сумлагаа авах” гэдэг байсан/, нисэх экипаж нь түр амсхийн халуун цай, хоолоор үйлчлүүлэх зуур баруун аймгуудын зорчигчид ч түр бууж нисэх буудлаар үйлчлүүлээд гарна. Заримдаа замын агаар муудахад Мөрөнд бууж агаар сайжрахыг олон цагаар хүлээж бүр хоноглох тохиолдол ч гарна. Тийм үед багтах шингэхийн аргагүй олон хүн чихэлдэж, нисэх буудлын ачаалал маш их болно. Ялангуяа хавар, зуны улиралд агаар муудаж, үе үе дүүрэн зорчигчтой онгоц бууж саатан хүлээх явдал их гарна. Тэр олон хүнд хоол цайгаар үйлчлэх гэж гуанзны ажилчид шамдан ажиллана. Ихэвчлэн тарган хонины махтай, саран хэлбэрийн буузыг зогсоо зайгүй жигнэж байгаа харагдана. “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг. Гэргий маань их өрөвч нинжин сэтгэлтэй. Тэдгээр  ядарч зутарсан зорчигчдоос аль хөгшин хөвөө, нялх хүүхэдтэй хүмүүсийг гэртээ оруулж хооллож ундлан хонуулах ч тохиолдол гарна. Дундын зайд орших Мөрөн нисэх буудлын нэг ажилчин 3-4 хүний ажил үүргийг давхар хийж, ар гэртээ шөний бор хоногтоо харина. Хоёр нарны хооронд өчүүхэн ч завгүй ажиллана. Хавар, намарт тогтмол хийдэг навигацын үзлэг шалгалтаар төвөөс баахан хүн ирж, бүх цахилгаан тоног төхөөрөмж, холбооны станц, шөнийн гэрэл суултын систем, авто техникийн бэлэн байдал, шатахуун савны байдал, үлдэгдэл, галын хорны нөөц, аэрдром зурвасны байдал, хүмүүсийн бичиг баримтыг сайтар үзэж нягтлан дүн тавиад буцна. Мөн төвөөс томилолтоор ажиллах хүмүүс янз бүрийн хугацаанд ирж бүл нэмнэ. Бас нисэх онгоцны шатахуун ТС (керосин) ачсан нисэхийн баазын Зил-130 цистерн машинууд байнга ирнэ. Холын замд аяншиж ядран үс сахал нь ургаж,  өмссөн хувцсанд нь бензин тос шингэсэн жолоочид буудлын хашаан дотор машинуудаа зэрэгцүүлэн тавьж, кабиндаа хөнжил пүүгээгээ засч унтаж хоносон харагдана. Тэд 10 тонны чиргүүлтэй шатахуунаа Мөрөнд буулгаж орхиод дан толгойгоор Увс, Баян-Өлгийн нисэх буудалд хүргэхээр цааш замнана. Учир нь Эрчмийн нурууг алдарт “Хөх хөтөл”-өөр чиргүүлтэй машин давах боломжгүй тул холын тээврийн хашир жолоочид ингэж ачаагаа зохицуулдаг байв.

Зах зээлийн харилцаанд шилжээд агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийн анхны нисэх компани зорчигч тээврийн арилжааны нислэгийн үйл ажиллагаа явуулж эхлэв. 1993 онд “МИАТ” Нэгтгэлээс ИНЕГ-ыг салгахад даргаар ажилласан Лхагвасүрэнгийн Лхагва даргын 1991 онд байгуулсан хувийн “Хангарьд” авиа компани ОХУ-аас түрээслэн авсан Ан-24 онгоцоор Мөрөн-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 1 удаа, “МИАТ” компани 2 удаа нислэг үйлдэж байлаа. Энэхүү “Хангарьд” компанийн төлөөлөгчөөр Батсүх даргын дунд охин Чимгээ гэж их сэргэлэн цовоо бүсгүй, “МИАТ” компанийн байнгын төлөөлөгчөөр Дэмбэрэлийн Дашням гэж Мөрөнд олон жил Ан-2 онгоцны даргаар ниссэн туршлагатай нисгэгч ажилладаг байлаа. Мөн “МИАТ” компанийн 17 зорчигчийн суудалтай, сэнст тийрэлтэт, хоёр хөдөлгүүртэй Ю-12 онгоц 7 хоногт 2 удаа Улаанбаатараас ирж, Мөрөн-Ханх, Мөрөн-Ренчинлхүмбийн чиглэлд нислэг үйлдээд хотруу буцна. Энэ үед Хөвсгөлийн иргэд Ханх сумаар дамжин ОХУ руу ганзагын наймаа эрхэлж, амьдралаа тэтгэж байсан юм. Ханх, Мондоор дамжин ОХУ-д зорчдог ганзагын наймаачид хүнсний спирт ихээр оруулж ирдэг бөгөөд үүнийг дагаад архидалт газар авч байлаа. Энэ нь нисэхийн аюулгүй байдал, аэродромын сахилга батад харшлах явдал ч мэр сэр гарна. Согтуу, хөлчүү хүмүүс нисэх буудал дээр ирж ноцтой хэрэг тарьсан явдал ч байв. Онгоцонд үнэгүй хүн тээвэрлэх/туулайчлах гэдэг/ үзэгдэл түгээмэл байв. Ханх, Ренчинлхүмбэ сумын чиглэлд агаарын тээврийн өрсөлдөөн бий болж, эцэст нь бид үлдэж Ю-12 онгоцны нислэг бүр мөсөн цуцлагдав. Миний санаачилсан Хөвсгөл аймгийн сумдын зорчигч шуудан тээврийн нислэг 5 сарын дараа гэхэд үр дүнгээ өгч холын сумдыг зорих зорчигч урсгал илт сэргэж, улмаар УБ-Мөрөн чиглэлд “МИАТ” компани 7 хоногт 4 удаа, “Хангарьд” компани 2 удаа нислэг үйлддэг болсноор хот хоорондын нислэгийн давтамж эрс нэмэгдэв. 1995 онд улс орны нийгэм, эдийн засагт мэдрэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаа нь илт ажиглагдаж эхэллээ. Зорчигчид нислэгийн тийзийг түүхий эдээр үнэ тохирон төлбөр хийх нь багасч ихэвчлэн бэлэн мөнгөөр тооцоо хийх болсон нь бидэнд ч амар болов. Хавар зорчигч урсгал нэг хэсэг буурч Адилаа ах бид хоёр завтай боллоо. Үе үе Мөрөнгийн төв орж “Хөвсгөлийн долгио” радио станц, Мөрөн телевиз, “Эрх чөлөө” сонины редакцаар зочилно. Монголын радиогийн Мөрөн дахь  суурин сурвалжлагч, зохиолч Балдангийн Бат-Эрдэнэ найзын ажлын өрөөнд бидний хэдэн утга зохиолын хорхойтнууд цугларан утга зохиолын халуун яриа өрнүүлж, хол ойрын сонин хачныг хүүрнэлдэнэ.  Яаж зүгээр байхав ганц нэг лонх гашуун сархад зооглох.

Тэнд “Хотгойдын хошин урлаг” театрын эрхлэгч “Азтай бадарчин” наадмын тэргүүн байрын шагналт Моломын Гонгорсүрэн, яруу найрагч Баттөрийн Мягмаржав(хожим “Болор цом”-ын эзэн болсон), яруу найрагч, зохиолч Гүржавын Нямдорж, “Мөрөн” телевизийн сурвалжлагч, Дархадын их яруу найрагч Намдагийн Цэгмэд, сэтгүүлч яруу найрагч Баадайн Хадбаатар, мөн телевизийн эрхлэгч, хөгжмийн багш Цэдэн-Ишийн Баттөмөр, Пүрэвийн Баасанжав, яруу найрагч Чулууны Баасанхүү, “Морин хуур-93” наадмын тэргүүн байрын шагналт хөгжмийн зохиолч Жигжидийн Жаргалсайхан, Мөрөн дахь үнэн сонины тусгай сурвалжлагч, хожим “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д албаны дарга болсон Шархүүгийн Энхтөр асан, Хөгжимт драмын театрын дарга Жамбын Нямаа гуай нарын нутгийн уран бүтээлчид цуглана. Хотоос хүүхдийн зохиолч Долгорын Батжаргал найз хаа нэг ирж бидэнтэй нэгдэнэ. Эд бүгд наймайг бодвол аль хэдийн бүтээл, номоо хэвлүүлж туурвин олонд танигдсан том хүмүүс байлаа. Балдангийн Бат-Эрдэнэ зохиолчтой миний бие 1994 онд “Өдрийн оддын зүгт” уран сайхны киногоо Мөрөнд авч ирж үзүүлэх үед танилцан уран бүтээлийн андууд болсон юм. Энэ л нөхдөөсөө миний бие хойшдын бүтээл туурвих их эрч хүч, цэнэг авдаг байсан билээ.

Удалгүй 3 дугаар сар гараад ойн түймрийн эргүүлийн нислэг үйлдэх болов. Нэг өдөр өнжөөд л 10 шүхэрчин гал сөнөөгчдийг суулган Хөвсгөлийн районд түймрийн эргүүлийн нислэг үйлдэж байв. Тэр үед аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарын даргаар хошууч, шүхрийн спортын мастер, ахмад Лувсангийн Ганхуяг, зааварлагч хошууч Түмэнгийн Баттөмөр нар ажиллаж байлаа. Тэд олон жил энэ ажлыг зохион байгуулж нисэх багтай харилцан ажиллах ажлын маш их туршлагатай, ажил хэрэгч хүмүүс байсан юм. Түймрийн эргүүлийн нислэгт ихэвчлэн Түмэнгийн Баттөмөр хошууч шүхэрчдээ авч нислэгт хамт явдаг ба тэрээр хоёр нисгэгчийн дундах зайд төмөр дамнан тавьж суугаад өмнөх орон зайг нягтлан шинжиж нүдээ чилтэл ширтэж явахдаа дариу 150 км алсад гарч байгаа түймрийн утааг олж харж танин, чиглүүлсэн зүгт нь ойртон очиход шатсан модны хөх утаа баагиж, үнэхээр тэнд нь нэг хоёр модонд гал асан дүрэлзэж байдаг байв. Ингээд түймрийн цар, хэмжээг тодорхойлоод шүхэрчиддээ агаарт даалгавар өгөөд галын аль талд нь шүхэрчдийг буулгахыг нисгэгч бидэнд хэлж өгдөг, газар орны байдлыг ёстой арван хуруу шигээ мэддэг нисэхийн хэллэгээр “амьд газрын зураг” гэгдэх болсон хашир туршлагатай хүн байсан юм. Би Хөвсгөл нутагтаа ирж сумдад зорчигч тээврийн үндсэн нислэг үйлдэхийн зэрэгцээ ойн түймрийн эргүүлйин захиалгат нислэг гүйцэтгэн нислэгийн цагаа нэмэх сайхан завшаан болж байлаа.

Онгоц тогтмол нисч эхлэхтэй зэрэг алс холын сумдад оршин суугчид, нутгийн иргэдийн урам зориг, сэтгэл илт сэргээд ирж байгаа нь ажиглагдаж, яарсан, зовсон олон хүнд үйлчилж тэднээс чин сэтгэлийн сайшаал, талархалыг нь хүлээх сайхан байлаа. Энэ зуур Ан-2 онгоцны 2 дугаар нисгэгч миний нислэгийн цаг даруй 2000 гаруй цагт хүрч зохих болзол хангасан тул хөлгийн дарга/капитан/ нисгэгч болох хүсэлтээ албан ёсоор бичиж, компанийн удирдлагадаа хандсанд дэмжин “Шалган байцаах газар”-т уламжилсан байв.

Нисэхий салбарын хамт олны хүсэн хүлээсэн Нисэх хүчний 70 жилийн ойн баяр сүрдуулиантэй, хүн бүрт хүртээмжтэй, нижгэр сайхан болов. Манай салбараас хөдөлмөрийн баатар нэг, гавъяат нисгэгч хэд хэд төрөв.

Хэдэн жил сул зогссон Ан-2 онгоцны нислэг үйлчилгээг сэргээж, сумдын нислэг үйлдэх ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгааг маань “Нисэх Тас” компанийн удирдлага ихэд дэмждэг төдийгүй ИНЕГ гээд олон газраас талархаж байсан билээ. Гэтэл “гай газар дороос” гэгчээр 1995 оны 6 дугаар сарын тэр нэгэн өдөр Мөрөнгөөс Ханх сумын чиглэлд 11 зорчигч тээн нисч очоод аэродромд буулт үйлдэн явгалан гүйж явтал гэнэт газар цөмөрч хамраараа газар мөргөн сэнсээрээ газар хатгаж копут хийж осол гаргах нь тэр. Бид хоёр буух үйлдлийг дүрмийн дагуу салхиа сөрөн гүйцэтгэсэн юм. Гэтэл хэвийн газардсаны дараа 300 метр гүйгээд гэнэт намс хийн онгоц маань хамраараа газар шаан гозойж ирснээр тар, няр хийтэл газар цохиж гурван дугуй нь далд ортол газарлуу шигдэж өехий нь газартай наалдсан байлаа.

Аз болоход нэг ч зорчигч бэртэж гэмтээгүй юм. Болсон явдлыг тэр даруй төвд мэдээлж байдлыг илтгэв. Дэлхийн дулаарлын улмаас Хөвсгөл нуур орчмын газрын хөрсөн доорх мөнх цэвдэг гэсч байгаагийн нэг илрэл нь ийнхүү уршиг тарих юм гэж хэн ч урьдчилж мэдсэнгүй. Өмнө нь ачааны Ан-26 онгоц буудаг байсан төдийгүй 7 хоногийн өмнө биднийг буухад зүгээр байсан шороон зурвас ийнхүү Ан-2 онгоцыг ч даахгүй болжээ. Адилаа ах угийн үг дуу цөөтэйн дээр энэ явдлаас болж бүүр ч дуугаа хураав. Бид хоёр холбоочин Сүхбаатарын жижиг байшинд толгой хоргодож, цахлай шувууны чансан өндөг, утсан “балиус” загасаар 4 хоног хоол залгуулаад сүүлдээ уйдаж айлаас хонь авч идэв. Орой болгон Ханх сумын төвд айлд очиж Венесуэлийн телевизийн олон ангит “Халтар царайт” кино үзэхийн тулд нэг талдаа 17 км алхах хэрэг гарна. Хотоос ослын шинжлэн шалгахаар байцаагч Даваасүрэнгийн Ганбаатар, Бямбаахүүгийн Дашаахүү, “Тас” компаниас инженер М.Мөнхжаргалан, техникч Бадарчийн Дорж(нисэхийнхэн түүнийг Миша гэдэг байв) нарын 4 хүнтэй ирсэн багийг нисэх буудлын дарга Б.Батсүх дарга запас сэлбэг ачих унаа машин зохицуулан Ханх сумруу хүргэх гэж Сантын нурууг даван бүтэн нэг хоног шавар ус туулан зүтгэж ирээд буцав. Шалгалтын баг осол болсон газар дээр нь нарийвчлан шалгалт үзлэг хийж сэнсээ солиод асааж шалган нисч гэж болох дүгнэлт гаргав. Ингээд 8 хоногийн дараа Мөрөнгийн нисэх буудалдаа нисч ирэв. Айж түгшсэн гэргий хүүхэд, буудлын хамт олныхоо санааг сая л нэг амраав. Ослын акт гарч нисэх багийн гишүүн биднийг буруугүй гэж тогтоов. Ханхын аэродромыг хааж нислэг үйлдэхийг хориглов. Харин онгоцны даргаар дэвших шалгалт өгөхөөр өмнө нь гаргасан миний өргөдөл хүсэлтийг нааштайгаар шийдсэн тушаал шийдвэр гарсан байсныг Шалган байцаах газрын улсын байцаагч, инженер нисгэгч Д.Ганбаатар энэ удаагийн ирэлтээрээ нэг мөр шийдэх болов. Тэр нэгэн тунгалаг сайхан өглөө Адилбиш ах бид хоёртой шалгалт авах нислэгийг Мөрөнгийн тэнгэрт үйлдэв.

Ингээд миний экипажийн командир Адилбиш ахад багш нисгэгчийн эрх өгч намайг онгоцны даргаар зөөн нисгэх зөвшөөрөл олгов. Энэ зунаас миний бие зүүн суудлаас онгоцоо жолоодон нислэг үйлдэх болж, харин Адилбиш ах багш нисгэгчийн ёсоор баруун суудалд шилжин сууж намайг даргын суудлаас хэрхэн онгоцоо жолоодохыг хянаж, зааж сургах болов. Адилбиш ах бол Ан-2 онгоц жолоодох нислэгийн ур чадварыг гойд сайн эзэмшсэн маш туршлагатай авьяаслаг нисгэгч байлаа. Тэрээр ЗХУ-д байлдааны Миг-17 онгоцны нисгэгчийн сургуульд суралцахаасаа өмнө Урчуудын эвлэлийн хороонд уран сийлбэрчнээр ажиллаж байжээ. Адилаа ах завтай байхдаа сийлбэрийн хутга, шөвгөө уутнаас нь гарган хөх билүүгээр ирлэж хурцлаад хуш модоор хачин гоё  монгол шатар сийлдэг маш уран хүн тул түүнээс сурах зүйл их байлаа.

Зуны улиралд Хөвсгөл нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын урсгал эрс нэмэгдэж хот хоорондын өдөр тутмын цагийн хуваарьт нислэг багталгүй шөнөөр үйлддэг байлаа. Мөн төр засгийн өндөр дээд албан тушаалын эрхмүүд үе үе ирэхэд аймаг орон нутгийн удирдлагууд тосч авах, үдэж мордуулах гэж бөөн хөл хөдөлгөөн болно. Нисэх буудлын дэргэд барьсан 10-аад зуслангийн байшин байх агаад би нэг байшинг сонгон  картон цаасаар доторлон бага зэрэг засвар хийгээд хотоос эхнэр хүүхдүүдээ татаж авч зусланд гарах болов. Зуслангийн хэдэн байшинд буудлын ажилчид айлсан зусч хүүхэд багачууд гадаа тоглон наадах нь нэн жаргалтай. Үе үе айлууд хонь гаргаж, ногоонд цадсан хонины гэдэс чанан хөршүүддээ шинэ шөл түгээж амсуулах нь монгол ёс заншил билээ. Намайг өдөржин нисээд орой нар жаргахын алдад нислэгээс бууж ирэхэд гэргий минь Хашцолмон, Номондалай хоёр жаахан охиноо гараасаа хөтөлсөөр зогсоол дээр хүрч ирж тосч авдаг нь  гэр бүлийн нэг аз жаргал эдлүүлдэг билээ.

 Хөвсгөл нутгийн зун үнэхээрийн сайхан агаад байгалийн үзэсгэлэн, агаарын ариуханыг энд л мэдэрнэ. Зуны дэлгэр цагт Батсүх дарга Хатгалын усан замынхантай ярьж нисэх буудлынхаа хамт олныг гэр бүлтэй нь хамт авч, тус буудалд тийз бүртгэгч Намжилмаа эгчийн нөхрийн барьдаг бүрхүүлтэй Зил-130 машинаар Хатгалд хүргүүлэн Хөвсгөл далайгаар усан  онгоцоор аялуулж, нэгэн эзгүй хошуу арал дээр буулган өдрийн амралт, зугаалга зохион байгуулахад  би хоёр бяцхан охиноо авч явж далайн захад ханатал тоглуулсан юм.

Тэр цагт “Цагаан эрэг”-т байрлах нисэх буудал аймгийн төвийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй, хувийн машинтай хүн тун цөөхөн, гар утас нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байсан юм. Гэргий бид хоёр, хоёр охиноо гэрт орхиод аймгийн төв орж аахар шаахар юм, хүнсний зүйл цуглуулаад нисэх буудалруу буцах болоход тэр болгон унаа тааралдахгүй. Бид хоёр олон ч удаа 9 км замыг зэлүүд талаар явган туулж, Жамцын Бадраа гуайн тансаг шүлгээр бүтсэн уянгалаг дуунуудыг хоолой нийлүүлэн дуулсаар харихад гэрт үлдсэн хоёр бяцхан охид минь өөдөөс тосон гүйж ирэхийг хараад учиргүй их хайр хүрдэгсэн.

Хөглөгөр их тайга, цэнгэг хөх усны орон Хөвсгөл нутгийн баян хангайн  самар, жимс нь 8 дугаар сарын дундуур боловсроно. Мөрөнгийн төвөөр хаа сайгүй нэрс, үхрийн нүд зарагдаж, шинэхэн жимс идсэн, нил хөх уруул амтай багачууд, хүүхдүүд гүйлдэнэ. Нисэх буудлын хэдэн ажилчдыг Бадамцэцэг эгч ахлан Улаан-Уул сумруу 7 хоног жимсэнд явав. Хөвсгөлийн аль ч суманд буухад нутгийн иргэд дөнгөж сая түүсэн шинэхэн нэрс, үхрийн нүд жимсийг онгоцны буудал дээр сав саваар дүүргэн авч ирж, маш хямд үнээр буюу 1 литрийг нь нэг зуун төгрөгөөр бодож авахыг санал болгоно. Баян хангайн хишиг өгөөж айл өрх бүрт хүрэлцээтэйн дээр нийслэл хотруу их хэмжээгээр илгээнэ. Хотоос  ирэх рейсийн онгоцонд нисэхийнхэн, танил хүмүүс битон сав дайж явуулан жимс захиж авахуулна. Миний гэргий Оюунтунгалаг говь нутгийн бүсгүй гэхэд нэрс, үхрийн нүдээр хачин амттай жимсний чанамал хийж жаал нөөцлөв. Буудлын ажилчид хааяа нэг зав гарвал өмнүүр мэлтэлзэн урсах Дэлгэр мөрний хөвөөндөө очиж жаахан ч болов амсхийж алжаал тайлан усанд шумбан булхана. Наранд халсан эргийн торгон элсэн дээр нь хэвтэж, хөвөөгөөрх ширдэг шиг зүлэг ногоон дээр хөл нүцгэн алхаж сэнгэнэсэн чийглэг агаараар нь цээж дүүрэн амьсгалах шиг сайхан амралт хаана байх билээ. Загасанд дуртай нэг нь дэгээ шидэж тохойн чинээ урт “зэвэг” загас суга татан гаргаж ирнэ. Зарим үед аз нь таарч нэг метр гаран урт тул загас дэгээг нь үмхэж усны толион дээр булигуулж байхыг харах ч мөн сүртэйсэн.

Намар болохтой зэрэг орон нутгаас нийслэл хотыг зорих зорчигч урсгал огцом өсч олон хоногоор урт дараалал үүснэ. Тухайн үед орон нутаг хот хоорондын нислэгийн зорчигчийн тийзийн үнэ хямд, хүртээмжтэй байж, нийт зорчигч эргэлтийн ихээхэн хувийг агаарын тээвэр дааж байлаа. Буудлын хэдэн ажилчдаас тийз бичүүлэх танил талын гуйлга тасрахгүй. “Шуудангийн цагаан” гэж алдаршсан  “МИАТ”-ын Ан-24 онгоцны экипажууд бидэнд сайн хандаж, нааш цааш зорчиход олонтаа туслаж байсныг мартаж болохгүй билээ. Мөрөнд үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл жуулчин” компаний захирал Ширэндэвийн Пүрэвдорж гадаадын загасчин жуулчдыг 9 дүгээр сард Ренчинлхүмбэ, Шишгэд, Тэнгисийн бэлчирт тээвэрлэх гэрээ байгуулав. Энэ нислэг 8 дугаар сарын 20-оос 10 дугаар сар гартал үргэлжилж, манай компанид валютын орлого оруулж байлаа. Нислэгийг ирэх жил нь буюу 1996 оны зун, намар дахин хийх гэрээ хийгдлээ. Ингээд Мөрөн нисэх буудалд байрлах манай нисэх багийн ажлыг дахин нэг жил сунгахаар компаний удирдлага шийдэж буудлын хамт олон ч манай ажилд сэтгэлээсээ тусалж, дэмжив.

Миний бие энэ жилдээ сумдын нислэгээ үргэлжүүлж, Мөрөнд өвөлжих болов. Нисэх буудлын дэргэд Батсүх даргынхтай айлсан эхнэр бид хоёр таньдаг хүнийхээ жижиг 4 ханатай гэрийг зээлдэн барьж өвөлжихөөр болов. Манайх бага насны 2 охинтой. Том нь долоотой, бага нь дөнгөж гуравтай байв. Ингээд жижиг 4 ханатай гэрт тов хийтэл багтан, Галсандорж ахын гаапуу төмрөөр гагнаж хийж өгсөн шинэ загварын зуухан дээрээ ширмэн тогоо тавьж, хар модон түлээний гал дээр 4 ам бүлийнхээ цай, хоолыг хийж ёстой л “бор гэртээ Богд, хар гэртээ хаан” шиг амьдарлаа. Хааяа нэг сайн танилууд баянхангайн хишиг хүртээж зэрлэг гахайн жирээг бор гөрөөсний хавиргатай хавчин шарж зэрлэг сонгинотой хольж идэх мөн ч сайхансан. Манайхыг нисэх буудлын хашаанд гэр барьж өвөлжих болсонтой зэрэг Батсүх дарга дахин нэг 5 ханатай гэр барьж нислэг удирдагч залуучуудыг оруулснаар гурван гэрээр айлсан өвөлжив. 1996 оны өвлийн нислэг ихэвчлэн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханхын чиглэлд үйлдэгдэж байв. Хавар нь Адилбиш багш бид хоёрыг 3 дугаар сард Булган, Хөвсгөл, Архангайн Байгалийн гамшигтай тэмцэх салбарын гал сөнөөгч шүхэрчдийн буулт дадлагыг 3 дугаар сард гүйцэтгээд байтал төврүү  татан ирүүлж, компанийн удирдлагаас Хэнтийн Галшар, Баян-Овоо суманд 60.000 га талбай бэлчээрт оготны хор цацах нислэгийн үүрэг гүйцэтгэх даалгавар өгөв. Онгоцны даргаар зөөгдөж байгаа надад энэ нь туйлын завшаантай ажил боллоо. Ургамал хамгааллын улсын албанаас Батсүх гэж олон жил энэ ажлыг удирдан хийсэн их туршлагатай ах биднийг хариуцан очиж ажиллсан юм. Ингээд 1996 оны 4 дүгээр сарын турш Хэнтийн Галшар, Баян-Овоо сумдад бэлчээр сүйтгэгч үлийн цагаан оготны устгалын нислэг үйлдэх далимаар хавар цагийн тал нутгийн хүчит салхитай хээрийн аэродром дээр хэдэн зуун буулт, хөөрөлт үйлдэх сайхан дадлага сургуулилт хийж авлаа. Биднийг 5 дугаар сарын эхээр Мөрөнд буцаж ирвэл Булган, Хөвсгөл, Архангайд ойн түймэр ид дүрэлзэж байлаа. Гэрт үлдсэн гурав маань дажгүй байцгааж, гэргий маань том охиноо Мөрөнгийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн бэлтгэл ангид суулгаад амжжээ. Хавар, намрын хуурайшилттай улиралд үүсдэг ой, хээрийн түймэр энэ хавар газар сайгүй гарлаа.

Засгийн газраас бүх хүч боломжоо дайчлаад ч ой хээрийн түймэр унтрааж хүчрэхгүй боллоо. Гагцхүү өргөсөн тангараг, ажил мэрэгжилдээ үнэнчээ харуулан гал сөнөөгч шүхэрчид цаг наргүй эцэж цуцахыг мэдэхгүй түймрийн галтай тулалдаж байлаа. Дөнгөж сая түймрээс бууж ирсэн шүхэрчин гал сөнөөгчдийг ганцхан хоног амраагаад л  дараагийн түймэр унтраалгахаар ачин ниснэ. Би түймрийн голомтын  дээр ирээд нэг бүтэн эргэлт хийгээд туршигч буулган салхины чигийг тогтоосны дараа 700 метр өндрөөс шүхэрчдээ буулгаж эхлэнэ. Тэд онгоцны хаалгаар гарвуут л  гар хөл нь сарвалзан хөлгүй тэнгэрээс доош унаж явснаа төдхөн шүхэр нь дэлгэрч харагдана. Намайг дээр эргэлдэх хооронд шүхэрчид маань баагисан хөх утааны аль нэгтээ буунгуутаа шүхрээ хурдан хумьж авах нь эсэн мэнд буусныг илтгэх дохио болдог тул бид ч буцаад явна. 

Тэр жил улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийн тоо, хохирол эх захаа алдсан бөгөөд Хөвсгөл аймгийн хувьд Намнангийн нуруу болон, Тарвагатайн нуруунд маш их түймэр гарч асар их ой мод  галдан шатаагдаж,  мөн Сантын нуруунд ч үе үе гарч байсан юм. Олон хоног сунжирсан ойн түймэрийг 6 дугаар сард хангайд бороо орж байж сая нэг юм дарагдав. Харин Улсын их хурлын ээлжит сонгуулийн сүр дуулиан хот хөдөөгүй орон даяар түгж байв.

Мөрөн нисэх буудалд ирж ажилласан миний хувьд Хөвсгөл нутгийн тэнгэр ээлээ өгч сэдэж эхлүүлсэн ажил үйлс ч өөдрөг бүтэмжтэй байж онгоцны даргын бэлтгэл хангах зөөлтийн нислэгийн цагаа гүйцээлээ.

Удалгүй 7 сарын сүүлчээр “Нисэх Тас” компанийн нислэг эрхэлсэн орлогч захирал, туршлагатай багш нисгэгч С.Цогтсайхан Мөрөнд ирж намайг шалгах нислэг хийв. Шалгалтыг Мөрөн-Ханх-Мөрөн чиглэлийн маршрутаар болон Мөрөн нисэх буудлын аэродром дээр 1000 метр өндөрт олны нүдэн дээр төрөл бүрийн дасгалаар маневр үйлдүүлж, нислэгийн ур чадвар хэрхэн суусныг шалгаж дүн тавив. Ийнхүү иргэний нисэхийн нисгэгч хүний нэгэн том баяр “сам нислэг” гэдэг “самостоятельный вылет” буюу даргын суудлаас анхны бие даасан нислэгээ хийх болов. Компанийн удирдлага миний 2 дугаар нисгэгчээр гавьяат нисгэгч Даштуаны отгон хүү Есболот гэдэг залууг томилон ирүүлэв. Маргааш өдөр нь миний бие “сам нислэг” гүйцэтгэхэд мөнөөх Баттөмөр дэд хурандаа хамт явсан юм. Би хөөрөлтийг дүрмийн дагуу гүйцэтгэж, Мөрөн хотын дээгүүр нэг тойрог үйлдээд үргэлжлүүлэн нисэх буудлын хайрцагт орж хоёр бүтэн тойрог  хийгээд суултанд орсон юм. Газраас нислэгийн удирдагч дүү нар болон холбоочид байнга холбоотой байж, хайрт хань үр хүүхдүүд, нисэх буудлын дарга Батсүх гуай болон шалгалтын хүмүүс, буудлын хамт олон нөхөд маань нүдээ чилтэл харуулдан сэтгэлээрээ дэмжиж байсан юм. Би суулт үйлдээд зурвасаа чөлөөлөн Ан-2 онгоцныхоо уяа зогсоолд орж зогсоход олон хүн тосч авч баяр хүргэсэн юм. Ингээд би Ан-2 онгоцны капитан хэмээх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм алдрын эзэн болов.

Мөрөн нисэх буудалд үе үеийн олон нисгэгчид “сам” нислэгээ үйлдэж, баяраа тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Нисэх буудлын хамт олон миний “сам” нислэгийн баярыг хамтдаа тэмдэглэж, олон хүний ширээ засан томоохон хүлээн авалт хийж тэмдэглэв. Энэ бүхэнд Батсүх дарга, Бадамцэцэг эгч хоёр үнэн сэтгэлээсээ тусалсан билээ. Магадгүй Мөрөн нисэх буудалд Ан-2 агаарын хөлгийн дарга болсны “сам” нислэгийн баяр хийсэн хамгийн отгон командир нь би болж байгаа ч юм билүү.

Ингээд хоёр өдрийн дараа Мөрөнгөөс Улаанбаатарын чиглэлд холын маршрутын анхны “сам” нислэг гүйцэтгэхэд замын агаар маш хүнд байсан бөгөөд үе үе усан бороотой үүлэн дундуур зүтгүүлсээр яваад Буянт-Ухаад ирж буухад Нисэх “Тас” компанийн хамт олон тосон авч халуун дотноор баяр хүргэв. Намайг хот нисэхэд Мөрөнгийн нисэх буудлын хамт олон, найзууд, техникч С.Болд нараас  40 бетонд хийж бэлтгэж өгсөн  ямааны боодогоор “ТАС” компанийхаа хамт олныг дайлж бяцхан ёслол хийв. Компанийн удирдлага намайг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Улсыг Батлан Хамгаалах Нийгэмлэгийн шугамаар зохиогддог “Уран уургач бугуйлчдын улсын уралдаан” наадам Гүнчийш даргын үед Мөрөн хотод “Саадаг толгой”-д зохиогдох болж тэнд шүхэрчдийг буулгахаар шинэхэн капитан би 8 дугаар сарын дундуур нийслэлээс Мөрөнг зорин нисэв. Энэ удаа би Ан-2 агаарын хөлгийн жинхэнэ капитан нисгэгч буюу экипажийн даргаар явж, хоёрдугаар нисгэгчээр надтай цэргийн нисэхээс хамт ирсэн Очиржавын Нацагдорж  найзаа авч явсан юм.

“Хөвсгөл жуулчин” компанитай өнгөрсөн жил нь хийсэн гэрээний дагуу Мөрөнгөөс Тэнгис-Шишгэд голын бэлчир, Эг-Үүрийн чиглэлд загас агнуурын гадаадын жуулчид тээвэрлэх нислэг үйлдэх болов. Би компаний удирдлагын зөвшөөрснөөр Цагаан нуур сумын нутагт орших Тэнгис, Шишгэд голын бэлчирт очиж буух аэродромыг өөрийн биеэр очиж сонгосон юм. Манай компанид валютын орлого нэмэгдэн дараа жилийн 9 дүгээр сард дахин захиалгат нислэг хийх гэрээ хийгдэв. Мөрөн нисэх буудалд хадгалагдаж байсан 50 тонн Б-91/115 нисэхийн бензиний нөөц илт багасч байв. 

Тэр жил болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнд төрийн байгууллагуудын удирдлагуудыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан олон мянгаар нь хоморголон халж солив. ИНЕГ-ын дарга, техникийн шинжлэх ухааны доктор Л.Лхагвааг чөлөөлж, оронд нь нислэгийн хөдөлгөөн удирдлагын инженер Гонгорын Ганбаатар томилогдов. Мөрөн нисэх буудлын дарга Б.Батсүхыг чөлөөлж, түүний оронд Мөрөн дэх “МИАТ” компанийн төлөөлөгч, Ан-2 онгоцны туршлагатай нисгэгч Д.Дашнямыг томилов. Шинээр эмхэлэгдсэн Засгийн газраас ам.долларын ханшийг чөлөөлснөөр 400 төгрөгтэй тэнцэж байсан 1 ам.долларын ханш 900 төгрөг болон огцом өсч, инфляцын түвшин эрс нэмэгдэв. Нисэхийн Б91/115 бензин худалдан авалт, нийлүүлэлт хийх ажил тасалдаж, цаашид сумдын тогтмол нислэгийг үргэлжлүүлэхэд хүндрэл учирлаа. Хөвсгөл аймгийн туршлага дээр тулгуурлан Архангай, Булган, Говь-Алтай, Увс аймгуудад сумдын нислэг сэргээхээр төлөвлөж байсан ажил цуцлагдав.

 Нисэх хүчнийхээ 70 жилийн ойд бэлэг барихаар санаачлан, олон хүний гар бие, халуун сэтгэлийн дэмжлэгээр ажил хэрэг болон жигдэрч, хөдөөгийн иргэд, хэрэглэгчдэд танигдан үйл ажиллагаа нь тогтворжиж байсан сумдын нислэг маань энд хүрээд зогслоо. Мөрөн нисэх буудлын түүхэнд сумдын нислэгт үүрэг гүйцэтгэж байсан сүүлчийн Ан-2 онгоц, экипажийг нийслэл хотруу буцаан татах болов. Миний том охин Хашцолмон ч сургуульд орох болж гэр бүлээрээ нийслэл Улаанбаатар хотруугаа буцлаа.

Төрөлх нутгийн минь тэнгэр, уулс ус тэтгэж, түмэн олныхоо төлөө хийсэн, санаж сэдсэн, хичээл зүтгэл минь үр өгөөжөө харамгүй өглөө. Ард түмний унаа болсон Ан-2 хэмээх жигүүрт хөлгийн ач буяныг эдэлж, зорьж тэмүүлсэн онгоцны дарга нисгэгчийн шалгуурыг ханган, урам зориг орж, цаашид итгэл төгс ажиллах,  өсөн дэвших шат, амьдралын том сургууль минь боллоо. Мөрөн нисэх буудалд хоёр жил ажиллаж, амьдарч олж авсан ажил хөдөлмөрийн туршлага, мэдлэгийн ачаар миний бие иргэний нисэхийн салбартаа он удаан жил Захиргааны даргаар амжилт бүтээлтэй, тогтвортой ажиллаж байгаагийн зэрэгцээ уран бүтээл туурвих онгод хийморь авьяас билэг минь тэнд л хөглөгдсөн билээ.

Миний бие мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран Хотгойдын шадар ван Чингүнжавын 10 метр өндөр морьт хүрэл хөшөө баримлыг Мөрөн хотынхоо төв талбайд 2010 онд, жанжин Д.Сүхбаатар, Маршал Х.Чойлбалсан нарын хүрэл хөшөөг нийслэлийн төв талбайд 2011 онд, Булган аймгийн төвд талбайд Халхын Цогт хунтайжийн 10 метр өндөр морьт хүрэл хөшөөг 2012 онд,  анхны нисгэгч, хурандаа Д.Жамбаа, партизан О.Лувсанжамбаа нарын хүрэл цээж баримлыг 2014, 2015 онд Тосонцэнгэл суманд бүтээн босгов. Мөн Монгол Улсын баатар, гавьяат нисгэгч, хошууч генерал Хөвсгөл нутгийн унаган хүү Дугарын Гунгаа агсны хүрэл цээж баримлыг 2015 онд өөрийн гараар урлан 2 хувь бүтээж, нэгийг нь Төмөрбулаг суманд, нөгөөг нь Мөрөн нисэх буудлын хойморт залсан билээ. Мөн 2019 онд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойгоор Халх голд Баянцагааны нуруун дээр Зөвлөлт-Монголын зоригт нисгэгчдийн дурсгалыг мөнхжүүлж гэрэлт хөшөөг санаачлан ЗТХЯ, ИНЕГ-ын дэмжлэгээр босгов.

Гэвч мэргэжлийн байгууллагын бидний хийх ёстой, ард түмэндээ үйлчлэх ёстой дотоодын агаарын тээврийн орон нутгийн нислэг тэр тусмаа сумдын нислэг зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил болж байхад уналтаас гарахгүй, сэргэж чадахгүй байсаар байна. Миний бие энэ асуудлын учир шалтгааныг шинжлэх ухаанчаар судлан тогтоохоор сүүлийн үед шаргуу ажиллаж байгаагаа энэ дашрамд дурьдах нь зүйтэй юм.

Ийнхүү сэтгэл зүрхэнд уяатай явдаг төрөлх нутгийнхаа Мөрөн нисэх буудалтай өөрийн эрхэлж буй ажил, албан үүргийн шугамаар болон уран бүтээлээрээ байнгын холбоотой байдаг, Ан-2 агаарын хөлгийн отгон капитан миний бие  нисэх буудлынхаа номонд зориулж өөрийн өчүүхэн дурсамжийг тэрлэв.

Мөрөн нисэх буудалд үе үеийн ажиллаж ирсэн ахмад буурлууд, хамт олон Та бүхний минь ажил үйлс нь бүтэмжтэй, аж амьдрал нь өөдрөг сайхан байхыг ерөөе.

 

 

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, инженер нисгэгч                                                  Т.Батжаргал

 

 

                                                                  2020.03.31

 

 

 




Холбоотой мэдээлэл