Улс төр


Ахмад сэтгүүлчид уриалж байна

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар танаа 


2020.04.10

“Ковид-19” гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн “Их-8”, “G-20”-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний амь насыг хар салхи мэт хаман авч явж байгаа тухай дуулдах юм. Харин Төв Азийн ядуу буурай жижигхэн Монгол Улс бусдаас танагтай явааг дэлхий өнөөдөр бишрэн харж байна. Энэ бол Улсын Онцгой комиссын бие бүрэлдэхүүний дайчин шуурхай ажиллагаа, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн ажилтан ажилчдын ач буян. Сайд Сарангэрэл та салбарынхаа хамт олныг чадварлаг зохион байгуулж, төр засгийн эрх баригчдын анхаарлыг тэр зүгт хандуулан дэмжлэг авч, тэдний бодлого шийдвэрийг аюулт өвчний эсрэг оновчтой чиглүүлж, өөрсдөө санал санаачилга, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагийн үр дүн хэмээн үзэж ахмад сэтгүүлчид бид гүнээ талархаж байна.

Ө.Энхтүвшин, Д.Сарангарал нартай Монголын сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллаж Монгол Улсад чөлөөт сэтгүүл зүйг үүсгэж хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж явснаа ахмад сэтгүүлчид бид энэ цаг дор дурсан бахархаж Та бүхний өнөөдөр зохион байгуулж байгаа нөр их ажлыг тань дэмжиж байна. Та нараар уламжлан Монгол орны өнцөг булан бүрт аюулт өвчнийг сөрөн зогсож, сэрэмжлэн сэргийлэх, эмчлан эдгэрүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэн, сувилагч асрагч, ажилтан албан хаагчид, ялангуяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, мөн Улсын Онцгой Комиссын бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлж тусгай чиг үүргийн салбаруудаа ухаалаг бодлого, оновчтой шийдвэр, шуурхай удирдлагаар хангаж, улам эрмэг зоримог, эрч хүчтэй, сонор сэрэмжтэй, өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье.

Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэгт ахмад сэтгүүлчид бид сэтгэл зовниж байна. Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдэлийг хохирол багатай даван туулах болно. Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна. Иймд  манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид эв нэгдэлтэй байж атгасан шагай шиг хамтарч ажиллахыг ахмад сэтгүүлчид бид уриалж байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Ахмад сэтгүүлчдийг төлөөлж

Д.Амбасэлмаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Т.Баасансүрэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

Л.Гүнсэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Б.Ганболд. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Ц. Дашдондов. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Д.Дорждулам. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Н.Дариймаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Г.Дамба. Ахмад сэтгүүлч, зохиолч

Г.Жамъян. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

С.Зэвсэг. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

Б.Пүрэвдаш. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

Я.Сумъяа. Ахмад сэтгүүлч, редактор

Х.Цэвлээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Д.Цэдэн-Иш. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Д.Шагдарсүрэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Р.Чулуун. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Ц.Энхбат. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.