2020,3-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




TIMES Ярилцлага


Б.Долгор: Удирдах албанд эрэгтэй хүн л илүү тохирно гэх хандлага Монголд хүчтэй оршсоор байна

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Times.mn сайт ярилцлагын булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б. Долгорыг урин Монголд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо, учирдаг саад бэрхшээл, түүнээс гарах арга замын  талаар ярилцсан юм.




- Өнөөдөр монголд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?


Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар яагаад ярьж байгааг эхлээд ойлгох  нь  их чухал л даа. Монголд эмэгтэйчүүдийн, эсвэл жендэрийн асуудал ямар байгаа нь хүмүүсийн амьдрал дээр тодорхой байгаа. Манай эмэгтэйчүүдийн байдал харьцангуй хөгжингүй түвшинд яваагийн дээр ихэнх салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Гэтэл  яг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгааг хэн бүхэн мэднэ.Тиймээс ч энэ асуудлыг ярихаас аргагүй болдог. Тэгээд ч гол нь шийдвэр гаргах түвшин дэх оролцоо  хамгийн түлхүүр асуудал гэдэгт чухам учир нь оршино. Ямар шийдвэр гарч байна, амьдрал тийм л болно шүү дээ. Энд Монгол Улсыг хааш нь хөтөлж ирэв, монгол хүнийг ямар болгов гэдэгт хариулт нь байгаа. Өнөөдрийг хүртэл эрэгтэйчүүдээр бид удирдуулж ирлээ шүү дээ. Урьд үеийг орхъё л доо, сүүлийн гучин жилийг үзэхэд асар их алдаа дутагдал гаргаснаа бид харж байна. Гучин жилийн өмнөхтэй харьцуулахад нийгмийн буюу хүний хөгжлийн, жендэрийн  үзүүлэлтүүдээр ухарсан. Тиймээс энэ шийдвэрүүд буруу байсан гэдгийг нотолж байна. Нийгмийн шилжилтийг асар буруу хийж, үзэл санаа нь буруу байсан гэсэн ийм л дүгнэлтэд хүрч байна. Яагаад гэвэл тэнд шийдвэр гаргаж буй хүмүүс дотор эмэгтэйчүүд маш цөөн байсантай л холбоотой. Энэ бол дэлхий нийтийн жишигтэй бас холбогдоно л доо. Ийм дүгнэлтийг НҮБ хэдийнээ хийгээд Тогтвортой хөгжлийн бодлого дотроо эмэгтэйчүүдийн эрх мэдлийг эрэгтэйчүүдтэй ТЭНЦҮҮ болгох зорилгоо тунхагласан, үүнийг бүх улс орон биелүүлэх үүрэг хүлээсэн.  Угаасаа энэ Улс гэдэг бол нэг айл. Тэр айлд гэр бүлийн нэг багана нь байхгүй бол юу болох вэ? Тэгэхээр гэргийгүй ганц бие эцэг л өрх толгойлоод яваад ирсэн  ийм л дүр зураг шүү дээ. Тэр айл ямар байх вэ, үр хүүхдүүд яаж өсөх вэ? гэдэг ойлгомжтой.

-Төрд шийдвэр гаргах эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэхэд ямар гарц шийдэл байгаа бол?


Ер нь хоёр зүйл байгаа л даа. Бодлого буюу арга зам.  Бодлого нь зөв, түүнийг хэрэгжүүлдэг арга нь мөн зөв байх ёстой. Улс орны бодлого зөв байхын тулд алсын хараатай байх нь чухал. Тэр нь өөрөө байгалийн болон амьдралын жам ёсонд нийцсэн байх учиртай. Энэ бол ердөө хүмүүсээ эрх тэгш сайн сайхан амьдруулах. Тэгээд арга нь бол зорилгодоо хэрхэн хүрэх, юу хийх, ямар хэмжүүр хэрэглэх вэ? гэдэг асуудал. Гэтэл  бодлого нь буруу, түүнийг хэмжиж байгаа хэмжигдэхүүн нь буруу. Сүүлийн жилүүдийн Бодлого нь эдийн засгийг өсгөх, хэмжүүр нь дотоодын нийт бүтээгдэхүүн гээд, мөнгөний төлөө буюу мөнгөөр бүхнийг шийдэх гэж оролддог болчихсон. Тэгээд эрэгтэйчүүдийн нүдэнд зөвхөн уул уурхай л харагддаг. Тэгээд эх болсон байгаль дэлхийгээ сүйтгээд дуусч байна. Ийм зорилгоор, энэ аргаар монголчуудыг аз жаргалтай, сайн сайхан амьдруулж чадахгүй байгаа нь бодитоор нотлогдчихлоо.  

Тиймээс цоо шинэ бодлого гаргах хэрэгтэй болчихсон. 

Бодлогоо зөвтгөөгүй, хэмжигдэхүүн нь буруу байгаа тохиолдолд бид ямар ч асуудлыг, түүний дотор өнөөдрийн ярьж байгаа асуудлыг шийдэх боломжгүй. Гэтэл Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийн төсөлд ийм шинэ бодлого огт тусгаагүй. Зүй нь аз жаргалтай, хүнлэг монгол хүнийг хөгжүүлэх нь гол зорилго байх учиртай. Хэмжигдэхүүн нь дэлхий дахинд хэдийнээ хэрэглэж байгаа Хүний хөгжлийн индекс, Аз жаргалын индекс, Жендэрийн хөгжлийн индексүүд байж, дээрх зорилгодоо хүрч чадна.Жендэрийн хөгжлийн индекс дотор бидний ярьж байгаа шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцооны асуудал багтдаг, үүнийг нэмэгдүүлэх асуудал тодорхой хугацаатайгаар төлөвлөгдсөн байх учиртай. Иймд бидний хийх эхний ажил бол бодлогын өөрчлөлт, хэмжигдэхүүний өөрчлөлт хийх юм. Ингэж чадвал монгол хүнээ  зөв хөгжүүлж, байгаль дэлхийдээ ээлтэй бөгөөд аз жаргалтай амьдарч чадна.  Үүний дотор бидний ярьж байгаа Жендэрийн хууль, түүгээр тогтоосон квот, Жендэрийн үндэсний хөтөлбөр болон салбарын яамдын жендэрийн бодлого, аймаг, нийслэл, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрүүд зэрэг бодлогуудыг хэрэгжүүлэх замаар зорьсондоо хүрэх боломжтой.

 2011 онд Жендэрийн хуулийг батлахдаа УИХ-аас тогтоол гаргаж,  эхний квотуудыг 2016 онд хэрэгжүүлсэн байх үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд 2016 оноос хойш дээрх тогтоосон квотыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл 2020 он гарчихаад байхад эдгээр нь хэрэгжээгүй л явж байна. Жендэрийн хууль төрийн захиргааны албанд хэрхэн хэрэгжиж байгааг судлахад хуулийн зорилго хангагдаагүй, тогтоосон квотууд үндсэндээ хэрэгжээгүй гэсэн дүн гарсан. Одоо бид яах вэ гэхээр юуны өмнө хуулиар тогтоосон  квотуудыг хангах хэрэгтэй. Үүний хамт УИХ-ын сонгуульд болон орон нутгийн сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай Жендэрийн хорооноос хүйсийн квотыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнх 30 хувь, орон нутгийн сонгуульд 40 хувь болгох санал өгсөн.  Гэвч үүнийг хүлээж аваагүй. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар 20 хувиас доошгүйн квотод аль болох олон эмэгтэй гаргаж ирэхэд намууд анхаарах  хэрэгтэй болж байна.  Мөн бидний дэвшүүлж буй чухал санал бол суудлын квотыг хэрэглэх, хуульчлах хэрэгтэй гэсэн санал.  Нэр дэвшигчийн квот бага байгаа нөхцөлд цөөн эмэгтэй сонгогдсон хэвээр л байна. Суудлын квотыг илүү хэрэгжүүлсэн,илүү олон эмэгтэйг нэр дэвшүүлсэн, эсвэл сонгогдсон тохиолдолд намд өгөх санхүүжилтийг нэмэгдүүлэх урамшууллын тогтолцоо олон улс оронд хэрэгждэг. Үүнийг хэрэглэх боломжтой гэсэн санал мөн гаргаж байгаа.


- Арга замаа олчихлоо. Аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?


-Жендэрт оршиж байгаа хамгийн том саад бэрхшээл бол хүмүүсийн хандлага буюу жендэрийн хэвшмэл үзэл байдаг. Энэ нь эцгийн эрхт ёсноос уламжлан ирсэн эрэгтэй хүнийг эмэгтэйгээс дээрд үзэх үзэл хандлага юм. Үүний дотор эрэгтэй хүн л удирдах албан тушаалд илүү зохицно, эмэгтэй хүн бол зохицохгүй гэх хандлага Монголд их хүчтэй байна. Үүнээс шалтгаалан квотыг өндөр тогтоохгүй, тогтоосон квотоо ч төр засаг өөрөө хэрэгжүүлэхгүй, эмэгтэйчүүд олноор сонгогдохгүй буюу томилогдохгүй байна. Судалгаагаар, эмэгтэй төрийн албан хаагчид эрэгтэйгээсээ илүү хувиар удирдах албанд эрэгтэйг сонгоно гэсэн хариулт өгсөн байх жишээтэй.  Тийм учраас жендэрийн чиглэлээр бүх түвшинд хэрэгжүүлэх хамгийн гол ажил бол жендэрийн хэвшмэл үзлийг арилгах явдал юм. 

Түүнээс гадна шийдвэрлэхэд хамгийн төвөгтэй асар том бэрхшээл бол Монголын төрд, ялангуяа дээд түвшинд шударга бус, ёс зүйгүй, бизнес-эрх мэдэлтний бүлэглэл ноёрхсон явдал.Төрийн албаны дээд түвшин, улс төрийн сонгууль мөнгөний тогтолцоо болж хувирсан нь улс төрийг эерэг болгох, хүнлэг болгох, ёс зүйтэй эмэгтэйчүүд гарч ирэх бүх боломжийг хааж байна. Энэ нөхцөлд монгол хүн бүрийн ёс зүй, хандлага ухамсрын эерэг өөрчлөлт л бүхнийг шийдвэрлэх болно. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн алдарт үгийн утганд би ч гэсэн маш их итгэдэг. 

 

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.




Холбоотой мэдээлэл