Нийгэм


ТЕГ:ОХУ-ын эрдэмтэд коронавирусыг дөрөвдүгээр сарын дундуур намжина гэж тооцоолж байна

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

ТЕГ-аас коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ гаргаад байна.  Тухайн мэдээллээс онцлон хүргэе.

-Гуравдугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагийн байдлаар 192 улс орон, нутаг дэвсгэрт нийт 339.234 хүн халдвар авч, 14.703 хүн амь насаа алдаад байна. Итали, Испани, Иран, Герман, Америк, Франц, Швейцарь зэрэг оронд халдвар авсан (1500-6000 хүртэл) болон нас барсан хүний (100-600 гаруй) тоо огцом нэмэгдэж байна.

-Дэлхийн улс орнууд цар тахлыг зогсоох гол арга нь халдварын сэжигтэй хүмүүсийг тусгаарлах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хэмээн санал нэгдэж байна. Өнөөгийн байдлаар 900 гаруй сая хүн хөл хорионд ороод байна.

-Герман, Швейцарийн эрдэмтэд коронавирус нь “SARS”, “MERS”-тэй харьцуулахад спиртэнд тэсвэргүй бөгөөд 30 болон түүнээс дээш хувийн этанолын уусмалд устдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Судлаачид энэхүү туршилтыг лабораторийн нөхцөлд хийсэн тул иргэд согтууруулах ундааг ариутгалын журмаар хэрэглэж болохгүй хэмээн анхааруулж байна.

АНУ-д коронавирусын дэгдэлт ойрын 10 хоногт хурдацтай нэмэгдэж 70 мянгад хүрч болзошгүй гэж тус улсын судлаачид үзэж байна. Нийт тохиолдлын 50 орчим хувь нь ногдож буй Нью-Йорк хотод 12 мянган хүн халдвар авч өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаас эмнэлгүүдэд амны хаалт, эмнэлгийн ор болон шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэх төлөвтэйг албаныхан анхааруулж байна.

-Мөн АНУ-ын Хүнсний болон эмнэлгийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар “Cepheid Inc” компанийн бүтээсэн 45 минутын дотор вирусийн халдварыг тодорхойлох чадвартай түргэвчилсэн оношлуурыг баталсан тул энэ долоо хоногоос үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

-Америкийн банк /Bank of America/”-аас “Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж байна” хэмээн мэдэгдэв.

-Турк улсын Ерөнхийлөгч Р.Эрдоан  зарлиг гаргаж, нислэг цуцлагдсан Их Британи, Ирланд, Швейцарь, Польш, Итали, Египет, Саудын Араб, АНЭУ-д байгаа оюутнууд өөрсдөө хүсвэл тусгай үүргийн онгоцоор авчрах, шинжлэх ухаан, соёл урлаг, музей зэрэг бүх арга хэмжээг дөрөвдүгээр сарыг дуустал зогсоохоор болов. Мөн Истанбул хотын зах худалдааны төвүүд дэх хүнснээс бусад төрлийн худалдаанд хязгаарлалт тавьж, нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөлж, такси, автобус, метробус зэрэгт зориулан халдваргүйжүүлэх цэг-буудлыг хот даяар ажиллуулахаар болов.

-Итали Улсын Бергамо хотод нөхцөл байдал хүндэрч, цогцос хадгалах, шатаах газрууд дүүрч эмнэлгийн байгуулагын ажилтнууд дангаараа гүйцэтгэх боломжгүй болсон тул цэргийн хүчийг татан оролцуулж байна. Мөн тус хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон учир бусад хотууд руу өвчтөнүүдээ илгээж эхэлжээ.

-Тусламж үзүүлэхээр очсон Хятадын эмч, мэргэжилтнүүд Ломбарди мужид тогтоосон хяналт хангалттай чанга байж чадахгүй байгааг онцолж байна. Мөн Италид ажиллаж байгаа Хятадын Улаан загалмай байгууллагын дэд Ерөнхийлөгч Сун Шоупэн Милан хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ “Вирусын тархалтыг тогтоон барихын тулд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай, одоогийн энэ нөхцөл байдал хоёр сарын өмнөх Ухань хотынхтой ижил байна, Милан хотод одоо ч нийтийн тээвэр ажиллаж, хүмүүс чөлөөтэй зорчиж, маск зүүхгүй, тэр ч бүү хэл зочид буудалд үдэшлэг, оройн хоолны арга хэмжээ болсоор байна. Эдийн засгийн бүх үйл ажиллагаа болон хүний үйл хөдөлгөөнийг бүрэн зогсоож, гэрт нь байлгах шаардлагатай” гэв. Иймээс Засгийн газраас Ломбарди хотод цэргийн хүчээр хөл хорионы дэглэм тогтоохоор болж, 114 цэргийг баасан гарагаас дайчилсан байна.

-Итали Улсад өвчтөний амь насыг аврахад нэн шаардлагатай техник, багаж хэрэгсэл хангалтгүй байгаа нь тус улсад улмаас нас барж буй иргэдийн тоо өндөр байхад нөлөөлж байна гэж Хятадын эрдэмтэд үзэж байна.

-ОХУ Италийн нөхцөл байдал хүндэрсэн мужууд руу вирус судлаач эмч нараас бүрдсэн цэргийн эмнэлгийн найман бригад, агаар болон хөрс халдваргүйжүүлэх хөдөлгөөнт цогцолбор, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг илгээж эхлэв. Мөн Италийн Батлан хамгаалахын сайд АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эсперт хандан тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг хүч нэмэгдүүлэн туслахыг хүссэн байна.

-ИБУИНВУ-ын Засгийн газар  баар, кафе, дэлгүүр, спорт заал, фитнесс төв, театр зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргав. Түүнчлэн гурван сарын хугацаатай “Коронавирусын тархалтын үед ажлын байрыг хадгалах схем” гаргаснаа танилцуулж, шаардлагатай бол хугацааг сунгахаа мэдэгдэв. Схемд цалингийн дунджийн 80 хувьтай тэнцэх буюу сарын 2.500 паунд хүртэлх хэмжээний мөнгийг 3 сарын хугацаанд ажил олгогч нарт олгохоор болж, түрээслэгчдэд 1 тэрбум паундын дэмжлэг үзүүлэх, 12 сарын хугацаатай хүүгүй зээл олгох, татварыг хойшлуулахаар тусгажээ. Энэ бүх зардал нь 30 тэрбум паунд буюу тус улсын ДНБ-ий 1,3 хувьтай тэнцэж байгааг мэдэгдэв. Түүнчлэн тэтгэврийнхэн, улсын халамжид хамрагдагсад болон иргэдэд бусад төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.

-БНФУ-ын Улсын сенаторууд “Covid-19” цар тахалтай тэмцэхийн тулд Засгийн газарт тусгай эрх олгох тухай хуулийн төслийг баталж, Үндэсний Ассамблейд өргөн барьсан байна. Хуулийн төсөлд иргэний зорчих эрх, эрх чөлөө, бараа үйлчилгээ худалдан авах эрхийг 2 болон түүнээс дээш сараар хязгаарлах, үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх эрхийг Засгийн газарт олгохоор тусгажээ.

-ХБНГУ даяар хөл хорио тогтоох асуудал одоогоор яригдаагүй байгаа ч зарим муж дотооддоо хөл хорио тогтоож эхлэв. Тус улсын хамгийн том Бавари муж иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, ажилд явах, эм, хүнсний зүйл худалдан авах, эмнэлэгт очих, задгай талбайн биеийн тамир дасгал, салхинд алхах зэргийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн, Франц, Люксембургтэй хиллэдэг Саарланд, түүний зэргэлдээ орших Ринеланд-Палатинейт, Франц, Швейцарьтай хиллэдэг Баден-Вүртембэрг, доод Саксон, Хамбург, санхүүгийн гол төв Франкфурт хот байрладаг Хессе зэрэг мужид ресторан, кафе, пиво баарны үйл ажиллагааг зогсоож, нэг дор цуглах хүний тоог 3, 5, 6 зэргээр тус бүрдээ тогтоож, хязгаарлалтыг зөрчвөл 25 мянган еврогийн торгууль ногдуулах, эсвэл шоронд хорих хүртэл ял шийтгэнэ гэж мэдэгдэв.

Испанийн Вант Улс даяар хөл хорио тогтоогоод долоо хонож байгаа ч үхлийн тохиолдол нэмэгдсээр байна. Өндөр эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа архаг хууч өвчтэй хүмүүсийн нас баралтын тоо их байгаа бөгөөд өвчтөний амийг аврах баталгаа өгч чадахгүй гэж албаны эх сурвалж өгүүлэв. Тус улсын Ерөнхий сайд Испани Улс Европын холбооны орнуудтай харьцуулахад хамгийн “хатуу” хөл хорио тогтоосон ч ойрын хоногуудад халдвар авсан болон нас барсан иргэдийн тоо нэмэгдэх тул сэтгэл зүйн хувьд бэлэн байхыг иргэдээсээ хүссэн байна.

ИБНИУ-ын Ерөнхийлөгч Хасан Роухани бүх худалдааны төв, их дэлгүүрийг дөрөвдүгээр сарын 3-ныг  хүртэл хаахыг Дотоод хэргийн яаманд үүрэг болгов. Иранд гуравдугаар сарын 20-ноос 14 хоног Наурызын баярын амралт эхэлсэн бөгөөд амралтаар гэрээсээ гарахгүй, баярын аялал хийхгүй, өөр хоорондоо зочлохгүй байхыг анхааруулсаар байгаа ч иргэд эсэргүүцэж, хөл хөдөлгөөн нэмэгдэж байна.

-Саудын Арабт  улсын хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэр гаргав. Уг шийдвэр нь аюулгүй байдал, эрүүл мэнд, цэвэрлэгээ, үйлчилгээ болон хэвлэлийн салбарынхнаас бусдад нь үйлчлэх аж.

БНЭУ-ын  олон нийтийн тээврийн хэрэгсэл бүрэн зогсож, эмнэлэг, цагдаа зэрэг онц шаардлагатайгаас бусад бүх үйлдвэр, үйлчилгээ зогсох аж. Түүнчлэн мужийн хилийг хааж, олон улсын бүх нислэгийг зогсоохоор болжээ.

БНКазУ-д вирусын халдвар авсан 56 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор онц байдал зарлан, Нур-Султан, Алмата хотуудад хөл хорио тогтоогоод байгаа боловч гуравдугаар сарын 22-нд Лондон хотоос ирсэн гадаадын дипломатаас вирусын халдвар илэрсэн байна.

ОХУ-д ашиглаж буй оношлуурын мэдрэг чанар нь 1 мл литрт 105 плазмид байгаа тохиолдолд өвчнийг оношлох чадвартай бөгөөд вирус хангалттай түвшинд агуулагдаагүй бол илрүүлж чадахгүй байна.

Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 27-ноос жоргүй олгох эмийг онлайнаар худалдаалах шийдвэр гаргав. Тус улсын хэмжээнд 36 мянган хүн хөл хорионд байгаа бөгөөд дэглэм зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар болоод байна. Фитнесс, бассейн, үзвэрийн газруудыг түр хугацаагаар хаах, Москва болон бусад улсын нийслэл хооронд хийгдэх тогтмол нислэг, гадаадын иргэдийг нутаг буцаах, өөрийн иргэдийг авч ирэх тусгай үүргийн нислэгээс бусад нислэгийг зогсоохоор болов.

ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин тус улс зургаан төрлийн вакцин бүтээж байгаа бөгөөд ойрын хугацаанд туршилт дуусна гэж мэдэгдэв. Мөн тус улсын мэргэжилтнүүд дөрөвдүгээр сарын дундуур халдварын тархалт намжина гэж үзэж байгаа аж. ОХУ-д вирусын тархалтын улмаас гурван сая орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч дампуурч, 8,6 сая хүн ажилгүй болох төлөвтэй байна.

ОХУ-ын Боловсролын яам их, дээд сургуулийн хичээлийг зайнаас явуулах тухай шийдвэр гаргасантай холбоотойгоор тус улсад сурдаг Монгол Улсын 2000 гаруй иргэн нутаг буцахаар бэлтгэж байна.

БНХАУ-ын Гуанжоугийн Анагаахын их сургууль болон Хонгконгийн Их сургуулийн судлаачид “Covid-19”-ийн халдвар авсан хүнд өвчний шинж тэмдэг илрэхээс 2,5 өдрийн өмнө бусдад халдвар тараадаг гэх дүгнэлтийг гаргасан байна. Мөн халдвар авсан нийт иргэдийн 44 хувь нь бусдаас энэ үед нь халдвар авсан байх магадлалтай гэсэн байна.

Хубэй мужийн удирдлага Ядуурлыг бууруулах сантай хамтран Ухань хот болон тус мужийн бусад хотын “Covid-19” өвчний халдвар авсан нэн ядуу иргэн бүрт 10.000 юаньтай тэнцэх хэмжээний тусламжийг 03 дугаар сарын 22-ны өдрөөс олгож эхэлжээ. Энэхүү тусламжид гурил, будаа, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, эмнэлгийн тусламж, эмийн бүтээгдэхүүн орж байгаа аж.

Хонконгод “Covid-19”-ийн халдвар авсан тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийн дунд 1 ой 8 сартай хүүхэд байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор 03 дугаар сарын 23-наас иргэдийг гэрээсээ ажлаа хийх дэглэмд шилжүүлж, их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хойшлуулж, спорт цогцолбор, фитнесс төвүүд, 4 музей, 7 номын санг хаахаар болжээ.

Хятад Улс дахь “Covid-19”-ийн судалгаа шинжилгээний үр дүн, өгч буй зөвлөгөө

Тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр Хятадын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол анхаарлыг коронавирусийн судалгаанд хандуулсан бөгөөд вирусийн халдвар авах, хурдан илрүүлэх, эмийн бүтээгдэхүүн, вакцин, загвар бүтээх, хөгжүүлэлт, эсрэг биеийн судалгаа, боловсруулалт зэрэг ажил үр дүнд хүрчээ. Ингэснээр вирусийг 2 цагийн дотор баталгаатай илрүүлэх оношлуурыг амжилттай туршиж, хэд хэдэн вакцин амжилттай гарган авч, клиник туршилт явуулж байгаа аж.

“Covid-19”-ийн халдвар авсан иргэдийн 1/3-д нь өвчний шинж тэмдэг илрэхгүй, эсвэл хожуу илэрдэг байж болзошгүй талаар South china morning post сонинд мэдээллээ. Тодруулбал, 02 дугаар сарын сүүлч гэхэд БНХАУ-д шинжилгээгээр 43.000 хүн “Covid-19”-ийн халдвартай болох нь тогтоогдсон боловч тэдэнд өвчний шинж тэмдэг огт илрээгүй байна. Дээрх иргэдийг тусгаарлан ажигласан боловч албан ёсоор халдвар авсан иргэдийн тоонд бүртгээгүй байна. Энэ мэт халдвар авсан боловч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүс уг вирусийн тархалтад ихээхэн нөлөөтэй тул халдвараас урьдчилан сэргийлэх тактикийг дахин харж үзэх шаардлагатай хэмээн уг сонинд бичжээ. Энэхүү мэдээлэл нь ДЭМБ-аас гаргасан шинж тэмдэггүй халдвар нийт халдварын 1-3 хувийг эзэлнэ гэсэн дүгнэлтийг эрс өөрчлөхөөр байна.

Түүнчлэн Уханиас ирсэн Япон иргэдийн дунд хийсэн тандалтаар “Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн 30.8 хувьд нь шинж тэмдэг илрээгүй байна. Харин БНСУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр тус төвд бүртгэгдсэн халдварын 20 гаруй хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй байна.  Хятадын Үндэсний уламжлалт эмийн удирдлагын газраас гуравдугаар сарын 18-ны өдөр уламжлалт эмчилгээний хоргүйжүүлэх үрлийг эмнэлзүйн туршилтад оруулсны дараа коронавирусын эмчилгээнд зөвшөөрөгдсөн анхны уламжлалт эмээр батламжилсан байна. Тус эм вирус устгах, дархлааг сайжруулах үйлчилгээтэй юм.

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл