2020,2-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Аналитик


Эмэгтэйчүүд эерэг өөрчлөлтийг авчрах уу

1 сар, 1 долоо хоног TIMES.MN


   Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан ууч нинжин сэтгэл, гоо зүйн ухаан нь  эрчүүдийн тэр бүр олж хардаггүй,  жижиг хэмээн үздэг зүйлийг нарийн ухаанаар хардаг мэдрэмж нь бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчрах бөгөөд энэ чиглэлээр тогтвортой дэмжлэг үзүүлэн ажиллах нь Монгол төрийн бодлого, үйл хэрэг, төлөвшилд эерэг нөлөөлөл авчирна гэдэгт эргэлздэггүй. 




Эмэгтэй гишүүд орхигдож гээгдсэн нийгмийн асуудлуудад түлхүү анхаардаг. Хүн амын тэн хагасаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тул тэдний оролцоо  шийдвэр гаргах түвшинд нэмэгдэх зүй ёсны шардлага урган гарч буй. Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй гэдэгт ч би итгэдэг гэх үү дээ.


 Ингээд хэд хэдэн бодит жишээг авч үзье.


Өнөөдөр дэлхийн таван тив 42 улсад хурдацтай тархаж буй шинэ төрлийн Коронавирус буюу Covid-19 аюулт халдварт тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын төр, Эрүүл мэндийн яам авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Улсын Онцгой комисс өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр  хуралдаж монголчуудын уламжлалт баярыг гэр бүлийн хүрээндээ цомхон  тэмдэглэхийг зөвлөсөн бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг  гаргаснаар дэмжигдсэн. Д.Сарангэрэл сайдын энэхүү шийдвэр нь өнөөдөр улс үндэстэн, ард түмнээ аюулт тахлаас хамгаалах нэн тэргүүний оновчтой шийдвэр байсныг бид харж байна. У.Хүрэлсүхийн танхим эмэгтэй сайдтай байгаагийн бас нэг ололт. Эрчүүдийн болчих байх гэсэн ерөнхийлөн харах  асуудлыг илүү томруулдаг шилээр тольдсны л илрэл шүү дээ.


Парламент дахь эмэгтэй гишүүдийн нарийн мяндсан ухаанаар хандаж гаргасан бодлого шийдвэрүүд цөөнгүй бий.  Тухайлбал, БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа  сүүлийн 20 –иод жил тус салбарт хийгдээгүй төсвийн бүтцийн шинэчлэл хийх эхлэлийг тавьсан гэдэгт хэн ч маргахгүй.  Тэрээр энэ  салбарын сайдаар ажиллаж  байхдаа боловсролд хөрөнгө оруулахыг зоригтойгоор уриалж, төсөв хэлэлцэх үед дуу хоолойгоо өргөж, хэрвээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын онцлох ажил болж  олны талархлыг хүлээнэ  хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Тэрээр гэр хорооллын хүүхдүүд гуравдугаар ээлжинд хичээллэж тараад өвлийн улиралд харанхуй нөмөрсөн орой  зүрх нь дагжин чичирч, айдаст автан, бутны ард шигдсэн туулай мэт бөнжигнөн гэртээ орж байна. Үдэш гэрэлгүй гудамжаар явж хүчирхийллийн золиос болж буй ч тохиолдол бий. Тиймээс Монголын төр ирээдүй болсон бяцхан “зүрхнүүдээсээ” харамлаж болохгүй хэмээн дуугарч байлаа. Бас номын тендер нэрээр төрийн дунд шатны албан хаагчид дунд  мөнгө хүүлэх сүлжээ бий болгосныг ч байнгын хорооны хурал дээр шулуухан дэлгэж бөөн шуугиан тарьж байсныг уншигчид санаж байгаа нь лавтай. Нээрээ л тэр жил  парламент анх удаа боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг огцом нэмэгдүүлэн төсөв батлаж,  шийдэмгий  алхамыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгжүүлсэн  билээ.


Тухайлбал 2012 онд7сургуулийн 1761 сурагч гурван ээлжээр хичээллэдэг  байсан  бол 2019-2020 оны хичээлийн жилд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулсанаар улсын хэмжээнд шинээр болон он дамжсан 82 сургуулийн барилгыг барьж ашиглалтанд оруулж гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиуд  хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж чадсан  юм. Түүнчлэн “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барихаас эхний ээлжинд Улаанбаатар хотын огт цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэгийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр иж бүрнээр шийдвэрлэж байлаа.


 Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл, БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг барьж ашиглалтад оруулах замаар боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг ч тун давгүй  хэрэгжүүлсэн юм. Энэ бүхний үр дүнд өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж толгойны өвчин болж, сугалаанд азаа үздэг байдал эрх биш дээрдэж байна. Тийм ээ, бид энэ мэтчилэн эмэгтэй улс төрчдийн улс, нийгмийнхээ төлөө бодитой бодлого  шийдвэр гаргасан олон жишээг дурьдаж болно. 


Хууль тогтоогчид 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа   нам, эвслээс нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг тусгасан юм. Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдсон  түүхтэй. Энэ нь өмнөх парламентад байсан гурван эмэгтэй гишүүнтэй харьцуулвал том дэвшил байлаа. Гишүүдийн хэн ч авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож иргэд, сонгогчдынхоо өмнө нэрээ сэвтүүлээгүй. Харин ч УИХ-д эмэгтэйчүүдийн албан бус бүлэг байгуулан, нам харгалзалгүй эв нэгдэлтэй ажиллаж чадсаны хүчинд хууль тогтоох, бодлого тодорхойлох,  шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо зоримог хүргэж, нийгэмд тулгамдаж байсан асуудлуудыг шийдвэрлэхэд чамлахааргүй оролцож, тэр 11 хууль тогтоогч бүсгүйчүүд өөрсдийн гэсэн зам мөрөө үлдээж чадсан юм. Тэд 2012 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийгэмд илүүтэйгээр гаргаж тавин, онцгой анхаарал хандуулж, НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран, нийтийн анхаарлыг татан, батлагдсанаасаа хойш хэрэгжээгүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Ганц энэ хичээл зүтгэл нь л тэднийг магтах хангалттай шалтаг билээ.


Өмнөх парламентын эмэгтэй гишүүдийн үйл хэргийг цааш дурьдвал 2012-2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг нилээдгүй олон хууль, тогтоолын төсөлд хамтран ажиллажээ.


Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгийг нэг дор шийдэх боломжгүй учраас асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулсан нь олон ч хүүхэд, гэр бүлд буянаа өгсөн.


Мөн шийдвэр гаргах түвшний  эмэгтэй гишүүд нэгдэж, ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр тэдний  нэрийн өмнөөс  дуу хоолой болж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол санаачлагчаар нь ажиллан батлуулж байлаа. Санаачлан батлуулсан хуулиуд нь элдэв шалтгааны улмаас алдаг оног хэрэгжиж буй ч тэдний хийсэн ажил үлгэр жишээ болж үлдсэн юм. Тухайлбал, экс гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Тамхины хяналтын хууль бол нийгэмд маш хүчтэй нөлөөлсний үр дүнд өнөөдөр үйлчилгээний газар хүмүүс тамхи татахаа хэдийнээ больсон. Энэ бол эрчүүдийн анзаардаггүй том асуудлыг шийдвэрлэсэн нийгмийн эрүүл мэндийн төлөөх  үйлс билээ.


 Хүүхэд хамгааллын тухай хуультай болсноор хүүхдийг хамгаалахад  2017 онд гэхэд 1.2 тэрбум төгрөг тусгасан байдаг. УИХ-ын гишүүн З.Нарантуяа  2017 онд 1.2 тэрбум төгрөг байсан хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг  тав дахин нэмэгдүүлэхэд гол санаачлагыг гаргаж 2018 онд 6.4 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж байв.


НҮБ-ийн Хүүхдийн сангаас Монголд хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд боломжийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад 22 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гаргасан. Гэхдээ ийм хэмжээний эдийн засгийн нөөц боломжгүй учраас ядаж 11 тэрбум болгож байж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үздэг.


Гэтэл 2019 оны төсвийн төсөлд Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг 2018 оныхоос  дөрвөн тэрбумаар бууруулж 2.4 тэрбум төгрөгөөр төсөвлөж оруулж ирсэн юмдаг. Яг юунд хэрхэн зарцуулж, 2.4 тэрбум төгрөгөөр 1.2 сая хүүхдээ хэрхэн хамгаалахыг мэдэхгүй.

Тиймээс З.Нарантуяа, Д.Оюунхорол нарын эмэгтэй гишүүд санаачлан хөөцөлдөж ажлын хэсгийн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр  шуугиан дэгдээж, нийтийн  сонсгол энэ тэр хийж байж арай гэж  5.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 8 тэрбум төгрөг болгосон. Монгол Улс анх удаа 10 их наядаас давсан зарлагатай төсөв батлах гэж байхдаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2019 онд зарцуулах хөрөнгийг  ердөө 2.4 тэрбум төгрөг зарцуулна хэмээн  бууруулан  оруулж ирсэн гээд боддоо. Хэрвээ дан эрэгтэй гишүүдтэй бол Хүүхэд хамгаалах чиглэлд нэг ч төгрөг төсөвлөхгүй тэглэж мэдэхээр гэдгийг энэ үйл явдал тод томруунаар харуулсан юм.  Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь зөвхөн нэг жил хийгээд дуусах ажил биш ээ. Харин ч төсөвт хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд хэчнээн төгрөг төсөвлөх ёстой, одоогийн мөнгө нь үнэхээр хүрэлцээтэй эсэх, цаашдаа хүүхэд хамгаалалд хэчнээн төгрөг зарцуулах вэ гэдэг асуудлыг нарийвчлан үзэх  шаардлагатай байна.


УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороог даргалж байгаагийнхаа хувьд нэг ноцтой мэдэгдэл хийсэн анхаарал татдаг юм. Тэрээр “100 айл амьдардаг сум руу 50, 60 тэрбумын зам тавьчихсан жишээ ч байгаа юм. Мөн ижил төрлийн бүтээн байгуулалт, барилга байшингууд маш их зөрүүтэй үнэ ханшаар боссон байна. Миний хувьд өнгөрсөн жил төлөөлж төсөв дээр ийм зөрүүтэй санхүүжигдсэн зарцуулалтуудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. Ижил түвшний барилгыг нэг газар нь 800 сая төгрөгөөр, нөгөө газар 1.2 тэрбум төгрөгөөр, бүр өөр газар нь хоёр тэрбум төгрөгөөр барьсан байх жишээтэй. Гэтэл хүүхэд хамгаалах, хүчирхийллийг бууруулахад  ингэж харамлаж байгааг хараад зүрх зүсэгдэх нь ээ” хэмээн уулга алдсан удаатай.


Үнэндээ хүүхэд хамгаалах чиглэлээр хуультай болж,  хөрөнгийг өсгөсний хүчинд  хүүхдийн тусламжийн 108 дугаарт 108 тусгай утасны үйлчилгээ гаргаж, яаралтай тусламжийн машинтай, түр хамгаалах байртай, удаан хугацаагаар тэнэсэн хүүхдүүдийг байрлуулах “Нарт хангай” төвтэй болсон. Уг санхүүжилтээр 24 зуслангийн хөтөлбөрийг тусгайлан хэрэгжүүлээд зогсохгүй, зусланд хамрагдаж буй хүүхдүүдийн тоог 37 хувиар нэмэгдүүлсэн. Хүүхдийн ордон, аймгуудын хүүхдийн төлөө газраар дамжин өнгөрч байгаа хүүхдүүдийн тоо мөн 30 орчим хувиар нэмэгдсэн гэсэн статистик мэдээ байна. 2019 онд гэхэд  17483 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Тэр дундаа аюулгүй байдлыг хамгаалж, түр хамгаалах байранд 939 хүүхэд авч, шуурхай үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслээр хамгаалах байранд 480 хүүхэд хүргэгдэж ирсэн байна. Хэрвээ тэр мөнгийг хасчихсан бол хүүхдийн төлөө юу хийх байсан бол, хэдэн хүүхэд хүчирхийллийн буулганд сөхөрч, хэчнээн эхийг нулимс урсч байхыг бүү мэд. Бид хойч үедээ зарцуулах мөнгөнөөсөө  хумслан лоббиныхоо төсөл хөтөлбөрт шингээсээр байвал байдал дээрдэх биш улам л дордох нь гарцаагүй шүү дээ.


 Манай улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насныхан, нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.Тэгэхээр дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу бүтэцтэй улс гэсэн үг юм. Залуучууд бол улсынхаа нүүр царай төдийгүй бүтээгч томоохон хүч. Тодотгож хэлбэл, ажиллах хүчний гол нөөц, соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж, цаашид дамжуулагчид шүү дээ. Гэтэл өнөөг хүртэл манай улс залуучуудад зориулсан хуульгүй явж ирсэн. Тэгвэл Монголд анх удаа залуучуудаа хөгжүүлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьсон хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ахалсан байдаг. Энэ хуулийн төслийг салбарын  яамнаас олон талт судалгаа, дэлхий нийтийн чиг хандлага, Монголын залууст тулгарч байгаа түгээмэл асуудлууд гэх мэт зайлшгүй харгалзан үзэх олон хүчин зүйлүүдийг судлаж боловсруулж хууль тогтоох дээд байгууллагад өргөн барьсан юм.  Зайлшгүй цогц бодлого гаргах, хууль эрх зүйн тодорхой зохицуулалттай болох нийгмийн шаардлага бий болж байлаа. Хэдий залуучуудын гэх нэршилтэй боловч улс орны хөгжлийн зангилаа асуудлууд багтаж байгаа нь энэ хуулийн амин сүнс.  Тиймээс аль болохоор л залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлж, тэднийгээ хөгжүүлж, боловсролтой, ажилсаг, эх оронч, бүтээлч болгох тусам хөгжлийн хурдад хүч нэмэгдэх нь гарцаагүй. Бас манай улсын хувьд “Хүн ам зүйн цонх”-ны үе тохиож байгаа цаг. Тодруулбал хөдөлмөрийн насныхан хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ онцлогийг түшиглэсэн, тэр дундаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, “цонх үе”-ийг зохистой ашиглаж чадвал бүтээмж нэмэгдэж, хуримтал зузаарч, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд авчирч чадна. Энэ л  үгүйлэгдэж байсан асуудлыг МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад олон жил ажилласан туршлагатай, залуучуудад тулгарч байгаа асуудлыг сайтар  мэдэх хүнийхээ хувьд дэд сайд С.Мөнгөнчимэгийн ахалсан баг Монголын залуусыг дэмжих хуультай болгож чадсан билээ. Одоо харин хуулийг  хэрэгжүүлэх нь чухал байна.


Энэ мэтчилэн гэр бүл, хүүхэд, эрчүүдийн эрүүл мэнд, тусгай хэрэгцээт хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, ажлын байрны ялгавартай хандлага, бэлгийн дарамт гээд олон нарийн ээдрээтэй, шинэчлэл хийх асуудлууд манай улсад их байна. Тэгэхээр л шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Бид энэ асуудлыг арай өөр өнцгөөр хармаар байна. Тухайлбал, төрийн бодлого, шийдвэр гаргахад  эмэгтэйчүүдийн оролцоо өсснөөр  улс орны хөгжил, нийгмийн байдалд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг өнцгөөс дүн шинжилгээ хиймээр санагддаг. Ер нь олон улсын жишгийг судлахад  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор нийгмийн асуудал сайжирч, авлига буурч байна.  Монголд яагаад болохгүй гэж...


Сэтгүүлч Б.Сарнай

Эх сурвалж: www.times.mn




Холбоотой мэдээлэл


Яагаад бүсгүйчүүд гэж...
Яагаад бүсгүйчүүд гэж...
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног [202.9.46.151]


Гэрэлсүрэн, Мөнхөө гээд мунпаг хүүхнүүд байсаан


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Эмэгтэй хүний ухаан илүү


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Цогзолмаа тийм зүйл хийсэн шүү


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Эмэгтэй хүний ухаан илүү


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Ganz Narantuya gishyyn l zov hyn busad ni bytehgui ee


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Narantuya gishuuniig demjinee. Busdiin bol ugui . Sarangerel avgai bol biye daaj shiidver gargah hemjeenii medlegtei hun bish eruul mendiin salbar.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


эмэгтэй гэдгээр нь сэнтийд залвал ямар гай тарьдгийг одоогийн их хурлын гишүүн хэдэн хүүхнүүдийн ихэнх нь бүрэн харууллаа даа.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Харин ч бүсгүйчүүд хэрэгтэй.асудлыг өргөн хүрээтэйгээр хөр


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Сарнай чи сайн бичжээ,агаа нар уурлаж бхгүй юу


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Харин ч бүсгүйчүүд хэрэгтэй.асудлыг өргөн хүрээтэйгээр хөр


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Шааалдааа бас хэдэн авигачдын тоог нэмэх гэж бнуууу


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Шааалдааа бас хэдэн авигачдын тоог нэмэх гэж бнуууу


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Odoogiin ih hurliin gishuun emegteichuud ch harin esregeeree avahiin don shuglesen yum bish uu. Bolovsroliin salbart ajilladag hunii huvid Tsogzolmaa said baihdaa Anagaahiin surguuliin tenderiin asuudliig huuli busaar yaj shiidseniig medeh yum baina. Bas tuunii tomilson Tsolmon gegch Anagaahiig yaj nuraaj bas idej baigaag medne. Naad zah ni l bosgo onoo hureegui elsegchdiig munguur elsuulsen, surguuliin uudend hushuu geh uu neg zuiliig heden zuun sayar tavisan, circle K gegchees avilga avch surguuliin bairand oruulsan geed tsuvarna daa. Emegteichuud harin ch iluu uvaigui, shunaltai baidag gedgiig amidral haruulaad baina. Bi emegtei hun ch gesen Minii ergen toiron muu jishee l baina, uneheer haramsmaar.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Ichij uhetsgeegeesei! uhsen atsnii olon boloh


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Үнэхээр зөв асуудлыг хөнджээ


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Дэмжиж ба


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Ёстйо зөв санаа ба шүү


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Больж үз битгий үлгэр ярь бич.Хэдэн бор юм авчихаа юу.Сарангэрэл сайд бол яг энэ үед ажил үүргээ гүйцэтгэж байнаа.Энэ Цогзолмаа гэдэг авгай ер нь юу ярьж юу хийдэгийг нь мэдэхгүй бнаа.Оюунхорол эргүү жүжгийн авгай одоо болноо больж үз.


зочин    1 сар, 1 долоо хоног [49.0.147.33]


авах идэхийн агаар нэгэн буй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Hudal ug irgediig tuurugduulj sandal shiree gorilj yah gesen ym dee