Сонголт


Халдвар авсан сувилагчийн “Өөрийгөө эдгээсэн” тэмдэглэл

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

Коронавирусын халдвар ноцтой ч гэлээ зарим өвчтөн гэрийн нөхцөлд өөрийгөө эдгээсэн тохиолдлууд бий. Үхань их сургуулийн Ардын эмнэлгийн түргэн тусламжийн хэсгийн сувилагч золгүй тохиолдлоор коронавирусын халдвар авсан ч эмчийн зааврын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гэртээ өөрийгөө хянан эмчилж бүрэн эдгэрсэн юм. Тэрбээр өөрийнхөө туулж өнгөрүүлсэн энэхүү бодит явдлаа сошиалд хуваалцаж 300 мянга орчим лайк авсан нь олон нийтийн анхаарлыг татлаа.

Түүнийг Жа На гэдэг. Үхань хотын Ардын эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн сувилагч. Тэрбээр “Сайн байцгаана уу. Би коронавирусын халдварт өртсөн өвчтөн байна. Би өөрийгөө өөрөө эмчилж эдгэрүүлсэн бөгөөд миний энэхүү тэмдэглэл танд бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна” гэж бичжээ. Халдварт өртсөн тухайгаа ярихдаа “Би ажил үүргээ гүйцэтгэж явахдаа халдвар авсан. Миний хамт ажиллагсад ч халдварт өртсөн юм. Нэгдүгээр сарын 23-нд хийлгэсэн CT-ийн дүнгээр вирусын чанартай уушгины хатгалгаа буюу ерөнхийдөө нөгөө “Хэцүү нэртэд” зайлшгүй өртсөн нь ойлгомжтой болсон билээ. Дараа өглөө нь хоолойны шинжилгээний дүн гарч, коронавирусын халдвар мөн болох нь бүрэн нотлогдсон. Маргааш нь эмч миний шинжилгээний дүнг үзээд өвчний илрэл арай хөнгөн байгаа учраас гэртээ хөл хорио тогтоож эм уухыг зөвлөөд халдвар дамжуулахаас зайлсхийхийг анхааруулав. “Би өөрийгөө гэртээ ганцаарчлан хорих нь бусдад халдаахгүй ганц арга байх нь тодорхой. Яг тэр цагаас вирусийн эсрэг тэмцэл маань эхэлсэн юм” гэжээ.

Жа На дархлаагаа дэмжихийн тулд гэртээ тогтмол цагаар унтаж амрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх гэхчилэн онцгой хувийн дэглэм барьж эхэлжээ. Хамт ажиллагсад нь өдөр бүр түүнд мах, хүнсний ногоо зэргийг дөхүүлдэг байв. Тэрбээр гэрээ сайн цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ цонхоо онгойлгож агаар нэвтрүүлэх, гараа угаахыг ихэд анхаарч байсан гэнэ. Мөн эмчийн зөвлөсөн ёсоор эмээ цаг алдалгүй уусан юм.

11 хоног гэртээ хөл хорио тогтоож, өөрийгөө хатуу хяналтад байлгасаны дүнд хоёрдугаар сарын 4-нд хийсэн давтан шинжилгээгээр түүний бие эрүүлжих хандлагатай нь тогтоогдсон бөгөөд CT шинжилгээгээр уушиг нь хэвийн болсныг оношилжээ.

Жа На сошиалд нийтэлсэн тэмдэглэлдээ “Хэрэв та өөрийгөө коронавирусын халдвар авсан байх магадлалтай гэж бодож байгаа бол юуны түрүүнд гэртээ хөл хорио тогтоохыг анхаарах нь зүйтэй. Энэ нь бусдыг болон өөрийгөө хамгаалж буй хэрэг юм. Та биедээ илэрсэн өөрчлөлтийг ажиглаж, шалтгааныг олж, тохирсон арга хэмжээ авахыг хичээгээрэй. Хэрэв ходоод чинь таагүй байвал даарсан байх магадлалтай. Тиймээс халуун ус уу. Толгой өвдөж бие чинь сульдан тамирдаж байвал гар утсаа удаан ашигласан, эсвэл орондоо чилтэл хэвтсэнийх байж ч болзошгүй. Энэ нь коронавирусын халдвар биш байж мэднэ. Өөрийгөө хэт сэжиглэх хэрэггүй” гэжээ.

“Өвлийн улирал удалгүй өнгөрч урин хавар айлчлан ирнэ. Тэр үед Үхань мөн л Үхань хэвээрээ, харин бид улам эвтэй хүчтэй байх болно” гэж Жа На өөдрөг баяртайгаар тэмдэглэлээ төгсгөжээ.

Эх сурвалж: http://mongol.cri.cn/news/hot/256/20200214/421306.html?fbclid=IwAR086Pdd8xpWusr7xITzHrmSM7ylwu9b2MJpjHicD9UrtQnMFcQBUnv73U8




Холбоотой мэдээлэл