Нийгэм


Цахим хичээл оюутан, сурагчдад хэрхэн орох вэ?

2 сар TIMES.MN

БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй коронавирусын халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор  Монгол Улсад уг вирусын халдвар тархахаас сэргийлэх, ханиад томуугийн тархалтыг зогсоох үүднээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан мөн МСҮТ, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан билээ. Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээл бэлтгэн хүргэхийг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албаныханд үүрэг болгосон юм.  Үүний дагуу салбарын яамнаас цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж байна.

Энэ талаарх албан ёсны мэдээллийг өнөөдөр зарлана гэдгийг албаныхан дуулгасан юм. Харин МСҮТ, их, дээд сургуулиудын хувьд хичээл сонголт болон даалгавруудаа сургууль тус бүрийн дотоод журмаар зохицуулж, өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулна гэдгийг Сургалтын албаныхан мэдээлж байна. Энэ талаарх мэдээллийг БСШУСЯ, ХААИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-аас тодруулсан юм.

 

ЕБС-ийн цахим хичээлийг  12 телевизээр цаг давхардуулахгүй заана

 

Ханиад, томуугийн өвчлөлийг бууруулах, коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх чиг үүргийн дагуу  ЕБС-ийн сурагчдыг бүтэн сарын хугацаатай, урт хугацаагаар амрааж байгаа билээ. Үүнтэй уялдаад  сурагчдад хичээлийн хоцрогдол үүсгэхгүйн тулд ЕБС-ийн  I-XII ангийн сурагчдад цахим хичээлийг заахаар болсон. Цахим хичээлийн хөтөлбөрийг  БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт,  Боловсролын хүрээлэн  хамтран боловсруулж байгаа аж. Онлайн хичээл хоёрдугаар сарын 3-наас эхлэн цацагдана. Урьдчилсан байдлаар 12 телевизээр, цаг давхардуулахгүй заахаар төлөвлөж байна. Мөн БСШУСЯ-ны албан ёсны сайт дээр цахим хэлбэрээр байршуулна. Тиймээс тухайн цагт телевизээр хичээлээ үзэж амжаагүй хүүхдүүд дээрх сайтаас хичээлээ нөхөж үзэх боломжтой. Цахим  хичээлийг нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль дагаж мөрдөн  цахим хэлбэрээр хичээлдээ хамрагдаад явна гэдгийг БСШУСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. Мөн энэ талаарх албан ёсны мэдээллийг салбарын сайд өнөөдөр нэгдсэн журмаар мэдээлнэ гэв.

 

Оюутнууд зайн сургалтад хамрагдана

 

Энэ удаа бид төрийн өмчийн томоохон сургуулиуд болох ХААИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС хичээлээ хэрхэн явуулах талаар тодруулсан юм. Ихэнх их, дээд сургуулиуд онлайнаар хичээлээ зааж, сургууль дээрх олон нийтийн арга хэмжээгээ цуцалсан гэдгээ хэлж байв.

 

АШУҮИС:  Резидент эмч нар эмнэлгүүдэд ажиллана

 

Засгийн газрын  энэ сарын 26-ны өдрийн хуралдаан, Монгол Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн АШУҮИС-ийн захиргаанаас  АШУҮИС-ийн танхимын сургалтыг  энэ сарын  27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоохоор болжээ.  Энэ хугацаанд орох лекц, семинарын хичээлийг багш нар цахим хэлбэрээр явуулж, холбогдох онлайн эх сурвалжийг суралцагчдад хүргэн, хичээлийн үнэлгээг онлайнаар гүйцэтгэх болно гэдгийг  дуулгав. Мөн энэ хугацаанд их сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг хориглосон.  Резидент эмч нар эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүдэд  дайчилгаанд хамрагдах болно гэжээ.

 

МУИС:  Цахим сургалтаа “СиСи” системээр явуулна

 

Энэ сарын 27-нд  МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргажээ.  МУИС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 3-наас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зайн сургалтын хэлбэрээр явуулахаар болсон байна. Мөн зайн сургалтыг МУИС-ийн сургалтын “СиСи” системийг ашиглан явуулна. Энэ талаарх дэлгэрэнгүй зөвлөмжийг багш, оюутнуудад хүргүүлж байгаа аж. Бусад сургуулийн адил дээр дурдсан хугацаанд багш, ажилтан, суралцагсдыг хамруулсан аливаа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна. МУИС-ийн  хувьд, багш, суралцагсдаас бусад ажилтны хувьд ажил хэвийн үргэлжилнэ. Сургуулийн орчинд амны хаалтыг тогтмол хэрэглэж, өрөө тасалгаандаа ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийхийг анхааруулсан байна.  Мөн багш, ажилтнууд  короновирусын халдварын тархалтаас сэргийлэх зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сайн сахиж ажиллах, ажлын байран дээр биеэр ирэх шаардлагагүй тохиолдолд зайн хэлбэрээр ажиллах, шаардлагагүй тохиолдолд коронавирусын халдварт өвчний эрсдэлтэй орнуудад томилолт болон хувийн ажлаар зорчихгүй байхыг анхааруулжээ.  Түүнчлэн  0-5 насны хүүхэдтэй багш, ажилтнууд хүүхэд нь томуу, томуу төст өвчтэй бол тухайн бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагад мэдэгдэж шаардлагатай тохиолдолд холбогдох материалыг бүрдүүлэн  тав  хүртэлх хоногийн цалинтай чөлөө авахыг сануулсан байна. Коронавирусын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсвэл сэжигтэй тохиолдол гарсан даруйд МУИС-ийн эмнэлэг /77307730 – 1218/, Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай хандахыг анхааруулжээ.

 

СУИС: Оюутнууд хичээл сонголтоо хийж байна

 

СУИС, Ректоратын зөвлөлийн өргөтгөсөн хурлаа мөн энэ  сарын 27-нд  хийж, дараах шийдвэрийг гаргасан байна. Тус сургуулийн хувьд  танхимын сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоож, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Оюутны хичээл сонголтыг энэ  сарын 27-ноос авч эхэлсэн бөгөөд энэ сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна гэдгээ дуулгав. Хичээл сонголт нь баталгаажсан оюутнууд харьяа сургалтын албаны заавар, зөвлөмжийн дагуу цахим программд нэвтрэн, сургалтад хамрагдах, дүгнүүлэх аж. Ингэхдээ сургалтын албанаас профессор багш нарт цахим программ дээр ажиллах гарын авлагыг емэйл хаягаар дахин хүргүүлэх аж. Багш нар хичээлийн төлөвлөгөөний дагуу лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахим сургалтын программд оруулах, оюутанд хүргэх, зөвлөгөө өгөх, шалгалт авах аж. Түүнчлэн бакалаврын болон ахисан түвшний төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг цуцалж, энэ сарын 31-нээс хоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд харьяа сургалтын албанаас төгсөгчдөд дипломыг олгохоор болсон байна. Мөн ахисан түвшний сургалтад элсэгчдийн элсэлтийн шалгалтыг хойшлуулж, шинэчлэгдсэн товыг гуравдугаар сарын 2-ны өдөр мэдээлэхээр болсон гэдгийг  СУИС-ийн Захиргаа, сургалтын бодлого зохицуулалтын газраас мэдээлсэн байна.

 

ХААИС: Хичээл сургалт, дүнгийн үнэлгээг цахимаар явуулна

 

Хөдөө аж ахуйн их сургуулийн Сургалтын алба шуурхай хуралдаан хийж, сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоож, IV улирлын эхний гурван долоо хоногийн хичээлийг зайн сургалтаар явуулахаар болжээ. Нэмэлт улирал буюу III улиралд батлагдсан хуваарийн дагуу орж байгаа хичээлүүдийг зайн сургалтаар үргэлжлүүлэн явуулж, хичээлийн дүнг хоёрдугаар сарын 7 гэхэд багшийн программд оруулах аж. Мөн хичээл сонголт, хичээлийн хуваарийг хоёрдугаар сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулна. Дурдсан хугацаанд урлаг спортын зааланд олныг хамарсан арга хэмжээ явуулахгүй гэдгийг ХААИС-ийн, Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам болон Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

 

ШУТИС: Бүх багш нар лекц семинаараа зайн сургалтаар явуулна

 

БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн танхимын сургалтын үйл ажиллагааг мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг нийт  профессор багш, ажилтнууд, оюутнууддаа мэдээлжээ.  Энэ хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч  зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон гэдгийг ШУТИС-ийн Захиргаа, сургалтын бодлого зохицуулалтын газар, тус сургуулийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Б.ТУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.