Нийгэм


Б.Энхтүвшин: Судалгааныхаа ажлаар Монгол Улсын гал түймрийн эрсдэлийн түвшинг тодорхойлсон

1 сар TIMES.MN

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, хошууч Байгалмаагийн Энхтүвшин ОХУ-ын Гал эсэргүүцэх академид эрдмийн зэрэг горилж буй эрдэмтэн, судлаач. Залуу докторантын эрдэм мэдлэгийн охиос нь хуваалцсанаа уншигч таны мэлмийд өргөж байна. 

 Сүрдэж байна шүү. Эрдэмтэн, судлаач хүмүүстэй ярилцах бүрт шалгалтад орж байгаа аятай мэдрэмж төрдөг юм?

– Санаа зоволтгүй ээ. Би ч бас таныг юу асуух бол гэж түгшиж байна.

 Таниас хамгийн эхэнд гэр бүлийн тань тухай асуумаар байна. Залуу гэр бүл гэхэд өнөр өтгөн сайхан гэр бүл юм?

– Баярлалаа. Б.Энхтүвшингийнх гэдэг айл ам бүл зургуулаа. Эхнэрийг маань Ч.Оюунжаргал гэдэг. Төрийн бус байгууллагад нягтлангаар ажилладаг. Манайх 2-10 насны дөрвөн хүүхэдтэй. Бага маань Москвад төрсөн юм.

– Б.Энхтүвшин гэж хэн бэ. Та өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

– Анх арван жилийн дунд сургуулиа алтан медальтай төгсөөд Монгол Улсын их сургуульд хуваарь авчихаад ургуульдаа оръё гэтэл амьдралын боломж тааруу, төлбөр мөнгөний асуудал хүнд үе байлаа. Тэр үед ээж маань “цэрэгт яв, эсвэл ажил хий” гэж хэлсэн юм. Тэгсэн төв гал командад ажилладаг хажуу айлын ах “юу гэсэн үг вэ Түвшөөгөө ажилд оруулна” гээд намайг дагуулж явлаа.

Тэгээд хуучнаар төв гал унтраах 10 дугаар ангид дадлагын ажилтнаар явж байгаад курс нь нээгдэнгүүт орж суралцсан. Түүнээс хойш энэ албатай амьдралаа холбоод 17 дахь өвөлтэйгөө золгож байна. 2013 онд Гал түймэртэй тэмцэх газрын 63 дугаар ангид /хуучнаар/ гал сөнөөгчөөр ажилд ороод, 45 хоногийн дамжаанд суралцаж төгссөн. Гал сөнөөгчөөс эхлээд сонсогч, салаан захирагч, эрдэм шинжилгээний ажилтан, докторант гээд удахгүй бас эрдмийн зэргээ хамгаалах гээд ийм шат дараатайгаар л явж байна.

 Мундаг байна. Суралцангаа гэр бүлдээ ч цаг зав гаргаж  чаджээ?  

– Гэр бүлээрээ байсны хүчинд энэ бүхнийг амжуулсан. Докторын сургалт их хэцүү. Жил болгон аттестатчилагддаг. Тухайн түвшиндээ л суралцах ёстой. Хэрэв тэр түвшинд хүрэхгүй л бол чөлөө олгох юм уу хасагддаг. Хатуу. Яг тэр үед гэр бүл маань л их түлхэц болсон. Сэтгэлээр унаад ороод ирэхэд хүүхдүүд өөдөөс аав аа гээд тосоод ирэхэд хамаг бухимдал ард хоцорно. “Би л хийхгүй бол болохгүй” гэдэг зорилготой болдог юм билээ. Гамшиг судлалын хүрээлэнд ажиллаж байгаад хамт олноороо үдүүлээд явсан хүн нэрээ бодож шөнө, өдөргүй сууж ард нь гарч чадсан. 2016 онд ОХУ-ын Москва хотод Гал эсэргүүцэх академид докторантад суралцаад өнгөрөгч долоодугаар сарын 11-нд урьдчилсан хамгаалалтаа хийгээд, наймдугаар сард багш-судлаач гэсэн мэргэжилээр сургуулиа төгсөөд ирсэн.

 Түр азнаарай. Та сая докторантурд суралцаж төгссөн бол  өмнө нь мэдээж магистр байж таараа?

– /Инээв/. Тэгэлгүй яахав. Магистраа галын аюулгүй байдлын чиглэлээр мөн 2011-2014 онд Гал эсэргүүцэх академид онц дүнтэйгээр суралцаад төгссөн. Төгсч ирээд Гамшиг судлалын хүрээлэндээ ажилласан. Энд би маш их зүйлийг сурсан. Өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Магистрийн зэрэг хангалтгүй санагдсан. Ингээд  2016 онд ОХУ-Монгол Улс хоорондын гэрээнд доктор сурах боломжтой гэсэн мэдээллийг сонсоод энэ бол надад том боломж, боломжийг ашиглах ёстой гэж шууд шалгалтаа өгч тэнцэн докторантурд суралцсан.

 Тийм байна. Боломжийг алдалгүйгээр ашиглах хэрэгтэй гэсэн таны үг их таалагдлаа.  Боломж бүхэн нөгөө талаас даваа байдаг?

– Хүн бүрт боломж бий. Тэр боломж бүрийг л алдалгүй атгах нь хамгийн чухал. Хүнд, хэцүү мэт санагдана, тийм ч байх болно. Гэвч даваад гарчихсан хойно амттай байдаг шүү дээ. Миний үндсэн зарчим бол “эзэн хичээвэл, заяа хичээнэ”. Монгол хүн оюуны потенциал өндөртэй. Гэвч бид сэтгэлийн хатгүй, тэвчээр муутай юм шиг санагддаг. Дахиад хэлэхэд зүгээр л хий. Бага ч болов зорьсон зүйлийнхээ ард заавал гарах нь чухал.

 Манай алба хаагчид хойд хөршид суралцан мэргэжлээ дээшлүүлэн эх орныхоо хөрсөнд нутагшуулж байгаа нь сайхан байна?

– Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжөөд монгол суралцагсдын тоо эрс нэмэгдэж байгаа. Жишээлбэл таван жилээр сурч байгаа 20 сонсогч байна. Түүн дотор  зургаан эмэгтэй байна.

– Хүссэн сургуульдаа элсэн орж чадаагүй ч онцгой байдлын албыг сонгосон нь эсрэгээрээ таны амьдралд илүү их боломжийг олгосон юм биш үү?  

– Яг тийм. Би багаасаа их хөдөлгөөнтэй, техник спортоор их  хичээллэдэг байсан. Энэ спортоор хичээллэж байхад Цагдаагийн академид шалгалт өгвөл офицер болдог гэж сонсоод шалгалтанд хоёр сар бэлдсэн. Үнэнийг хэлэхэд тухайн үед хамт ажилладаг нөхөд маань “чи тэнцэхгүй ээ зүгээр л ажлаа хий” гэж шоглодог байлаа. Харин нагац ах маань хуучин ЗХУ-ын Ленинградад галын чиглэлээр төгсөж байсан. Ах маань яагаад сурч болохгүй гэж, яваад суралцаад ир гэж зөвлөж байсан. Одоо бол надад ухрах зам гэж үгүй.

 Би саяхан уншиж байлаа. Ажилтай бөгөөд найзтай, ажилтай бөгөөд ар гэртэй, найзтай бөгөөд ажилгүй гэдэг ч юм уу заавал “ажил+ар гэр+найз нөхөд” гэсэн энэ гурвыг зэрэгцүүлэн авч явна гэдэг хэцүү. Аль нэг нь орхигдох гээд байдаг талтай гэж. Та  энэ бүхнийг яаж авч явж байна?  

– 2016-2019 он миний амьдралын ачаалалтай он жил байлаа. Суралцаж байх хугацаанд гурав дахь охин маань мэндэлсэн. Хичээлийн хажуугаар ар гэртээ зарцуулах цаг зав үнэхээр бага байсан. Одоо бид гэр бүлээрээ эх орондоо ирсэн. Хүүхдүүдийнхээ төлөвшиж байгаа насан дээр би өөрийнхөө сургалт, эрдмийн зэрэгт л анхаарч байсан.

Тухайн үед манай профессорууд “чи шинэ хүнтэй боллоо. сурч амжих уу, эсвэл чөлөө авах уу” гэж асуусан. Орой нь хүүхдийнхээ даавууг угаагаад, шөнө нь сууж хичээлээ  хийгээд. Нялх биетэй эхнэрээ хүйтэн зүйлд гар хүргэхгүй тулд хоол хийх бүх материалыг  хэрчиж бэлтгэн хөлдөөгөөд бэлэн болгоно. Хоногт 2-3 цаг л унтдаг байлаа. Энэ бол  миний үүрэг. Гэсэн ч үндсэндээ суралцах хугацаандаа гэр бүл, хүүхдүүдээ их орхисон. Одоо цаг хугацаагаа нөхнө дөө.

 Гал сөнөөгчөөс эхэлсэн залуу эрдэмтэн, докторант. Хэр олон бэ. Тань шиг эрдмийн зэрэг хөөсөн алба хаагч?

– Байлгүй яахав. Гал сөнөөгчөөс л эхэлсэн. Г.Эрдэнэбат хошууч байна. Манай доод курст н.Ууганбаяр гээд залуу байна. Маш хичээмтгий олон залуу байна.

 Үндсэн мэргэжил тань юу вэ?  

– Техникийн аюулгүй байдлын мэргэжилтэн.

 Ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл юу байна вэ?

– Манай сургуулийн  процедур байдаг. Докторын зэргийн дипломын урьдчилсан хамгаалалтаа хийсэн бол дипломын ажил шалгагдаад шалгуурт тэнцэх. Энэ шалгуурт тэнцээнд сургуулиас дуудсан тул он гаргаад эрдмийн зэргээ хамгаалахаар явна. Тэгэхээр эхний төлөвлөгөө зэргээ хамгаалах. Өнгөрөгч наймдугаар сард манай хүрээлэнгээс олон улсын хуралд оролцооч гэхээр нь оролцсон.  Хуралд би танилцуулга илтгэлээ орос-монгол хэл дээр бэлтгэсэн. Гэтэл англи хэл дээр бэлтгэх шаардлага тавьсан. Тэр үед англи хэл сурахгүй бол болохгүй юм байна гэж бодсон.Тэгэхээр дараагийн төлөвлөгөө бол англи хэл сурах болоод байна даа.

 Тэгвэл хэтийн зорилго руу тань өнгийж болох уу?

– Хүн насан туршдаа суралцдаг гэж. Албатайгаа амьдралаа холбоод 17 жил болсноос 10 жилд нь суралцсан байна. Цаашид онцгой байдлын албаны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргахад өөрийн хувь нэмрээ оруулна. Одоо очиж байгаа албан тушаалд очоод суралцагч алба хаагч нарт хэрэгтэй гарын авлага, арга зүй боловсруулна гэж бодож байна.

Өнөөгийн чиг хандлага бол эрсдэлд суурилсан хандлага руу чиглэж байна. Эрдмийн зэргээ ч “Гал түймрийн эрсдэлийг бууруулах загварчлал” гэсэн сэдвээр бэлтгэсэн. Тийм учраас энэ чиглэлээр нилээн олон товхимол гаргана гэж төлөвлөж байна.

Миний хувьд гарын шөрмөс тасарсан, хүнд гэмтэлтэй юм. Ангийн захирагч, гал сөнөөгч хийгээд явах чадамжгүй болсон. Хэдий тийм ч оюуны чиглэлээр ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулья гэж шийдсэн.

 Эрдмийн зэргийн ажлаа жаахан тодруулж болох уу?

– Судалгааны ажлаа 2016-2019 онд хийж дуусгасан. Ажлын маань сэдэв урьд өмнө нь судалгаа хийгдэж байгаагүй шинэ сэдэв. Орос улс өөрөө техник технологийн асар өндөр хөгжилтэй гүрэн. Япон улс гэхэд техник технологийн орон гэж байгаа боловч Орос өөрөө цэрэг зэвсгийн эх орон. Манай сургуулийн эрдэмтэн докторууд сансрын хөлөг, пуужингуудын галын аюулгүй байдлыг хангадаг. Энэ хүрээнд маш их судалгаа хийгддэг. Зэвсэг өөрөө галын аюултай. Тэдгээрийн галын аюулгүй байдлыг хангуулдаг. Мөн ОХУ-ын хэмжээнд галын аюулгүй байдлыг хангуулдаг байгууллага байдаг. Тэр байгууллага ч доктор хамгаалж байгаа бол Орост байхгүй шинжлэх ухааны шинэ арга зүй гаргаж тавих ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Англи, Нидерланд, Чех, Орос гэсэн дөрвөн улсад эрсдэлийн түвшин гэж байдаг. Тэгвэл миний судалгааны ажил Монгол улсын эрсдэлийн түвшинг тодорхойлсон нь давуу тал гэж бодож байна. Мөн “гал түймрийн нийгэм эдийн засгийн эрсдэлийн үзүүлэлт” гэсэн арга зүйг сая олон улсын хурал дээр шинээр гаргаж тавьсан. Үүний хүрээнд Монгол Улсад гал унтраах ангийг нэмж байгуулснаар гал түймрийн эрсдэлийг ямар хэмжээнд бууруулах талаар судалгааны ажил хийсэн.

 Яг энэ сэдвийг сонгоход удирдагч багш нар тань хэрхэн хүлээж авсан бэ? 

– Чадах уу? гэж асуусан. Удирдагч багш маань ОХУ-ын их дээд сургуулийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор профессор хүн байдаг Николай Аденик Пресножук гээд. Энэ хүний удирдлаган дор олон улсын дөрвөн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн.

Эдгээр сэтгүүл дээр хэвлүүлсэн өгүүллийн чанараас шалтгаалаад тухайн хүний диссертацыг хамгаалах эсэхийг шийддэг юм билээ. Энэ сэтгүүл дээр гарч байж бас докторын ажлаа бичих эрх нээгддэг. Орос, Герман, Польш, Казакстан гээд дөрвөн оронд хэвлэгдэж гардаг олон улсын хэвлэлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн.

– Монголд ач холбогдол нь?

– Эрсдэлийг удирдана. Ямар онол арга зүйгээр эрсдэлийг удирдаж болох, эрсдэлийн аюул буюу эрсдэлийн түвшинг нь тогтоочихлоо. Тухайлбал эрсдэлийн түвшин  Монгол Улсад 2,3 буюу гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо саяд 20 байна.

Тэгвэл энэ үзүүлэлтийг саяд 2-3 болгох шаардлагатай. Доод тал нь гурав болж байж хүлцэх эрсдэлийн түвшиндээ хүрч байна гэсэн ойлголт байдаг. Тухайлбал гал түймрийн эрсдэлийг монгол орны онцлогт нийцүүлэн үнэлж гал түймрийн зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоосон үнэлгээний ажил судалгааны ажилд  маань багтсан. 

 Гадаад хэл сурахад хэр хэцүү вэ. Хэл сурахад оройтсон. Төрөлхийн авъяасгүй гэх мэт олон шалтаг байна. Та Орос хэлийг яаж өөрийн болгов?

– Хамгийн чухал нь өөрөө дурлах. Хэн ч намайг хүчлээгүй. Би өөрөө дурлаж суудаг байсан. Орос хэлтэй болоход хөгжүүлсэн зүйл бол номын орчуулга. Салаан захирагч байхдаа шөнө оройн цагаар их сууна. Энэ үедээ ном их орчуулдаг байсан нь үгийн баялагтай болгосон. Ээж маань ОРТ сувгийг байнга үзнэ. Тэр хэвшлээр би нэг л мэдэхэд үздэг болчихсон. Тиймээс хэл сурахад орчин бүрдүүлэх, уншдаг, хардаг, цээжилдэг давтамж хэрэгтэй болов уу.

– Сонирхоод асууя. Сошиал ертөнц таныхаар? Хэрэглэгч үү эсвэл  хамаарагч,  эсвэл бүр донтогч уу?

– Фэйсбүүк хэрэглэгч. Яг үүнийг манай эхнэр зохицуулдаг. Анх 2016 онд би маш их хамааралтай байсан. Хүн ер нь мэддэггүй юм билээ. Хамааралтай, донтогч болсоноо ч анзаардаггүй. Эхнэр маань “чи ингээд байнга фэйсбүүк, ютубд ороод байвал чиний тавьсан зорилгоос, цагаас хулгайлж байна” гэсэн. Ёстой л ёнк хийсэн бодол орж ирсэн. Одоо бол өглөө, оройдоо цахим шуудангаа шалгана хариу бичнэ ийм л зарчмаар явж байна. 

 Залуучууд мэдлэг боловсролын хувьд цар хүрээ нь улам тэлсээр байна. Гэвч “зөв хандлага” гээч шалгуур гэх үү, нийгмийн захиалга гэх үү хэлж мэдэхгүй юм. Тийм зүйлийг их ярих боллоо. Та энэ талаар юу гэж бодож байна?

– Санал нэгтэй байна. Олон жил сурлаа. Зарим тохиолдолд сурсан зүйлээс илүү хандлага чухал юм байна гэж санагддаг. Мэдлэг бол хуримтлуулж болно. Хандлага бол эцэг эхээс генээр дамждаг юм болов уу гэж боддог. Зарим хүнд хандлага дутуу байх жишээтэй. Эцэстээ хандлага зөв л байх хэрэгтэй. Хандлага зөв байж зөв амьдрах болов уу.

 Хүн бүр ийм эерэг бодолтой, залуу хүн бүр зорилготой, түүнийхээ төлөө цуцахгүй тэмцдэг байгаасай гэдэг үгийг хэлмээр байна. Танд маш их баярлалаа.

–  Та бүхэнд их баярлалаа.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.