Эдийн засаг


Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг  хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг  орчуулан уншигч танаа хүргэж байна.

Хятадын удирдагчид эдийн засгийн талаар илүүтэй санаа зовох боллоо.  Чингэхдээ тэд санхүүгийн тогтвортой байдлыг тэргүүн зэргийн зорилт гэж үзэж байна.  Өдгөө эдийн засгийн өсөлт  уруудах төлөвтэй  болж,  бүтцийн, институцийн, мөчлөгийн шинжтэй олон олон асуудлууд тулгарч  байгаа талаар  Хятадын төрийн мэдээллийн агентлаг  саяхан цохон тэмдэглэжээ. Энэхүү байдлыг газар дээр нь судлуулахаар  банк, санхүүгийн тэргүүлэх/топ/ ажилтнуудыг орон нутагт илгээж, өрийн асуудлыг хэлэлцэж, АНУ-тай үүссэн худалдааны зөрчлийг хязгаарлагдмал хэмжээнд шийдэх “эхний шатны” хэлцлийн үр дүн, Хятадын талаас хийсэн буулт зэргийг тайлбарлаж ойлголтод хүрэх ажээ. Энэ бүхний цаана шийдэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт ажлын байр гэдгийг Хятадын коммунист намын эдийн засгийн бодлого тодорхойлогчид мэдэж байгаа. Намын зүгээс эдийн засгийн өсөлт буурах хандлагыг 2020 оны эхээр саармагжуулж чадаж байгааг нийгэмд хүргэж, түүхэн шинжтэй дараах 2 том  зорилтыг энэ онд хангасан тухайн тунхаглан мэдээлэх явдал ажээ.  Нэгдэх нь ядуурлыг үгүй болгосон тухай бол хоёрдахь нь арван жилийн өмнө амласанчлан нэг хүнд ногдох орлогыг хоёр дахин өсгөх зорилт 2020 онд бүрэн хэрэгжиж ,  Хятад улс дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд орсныг зарлах явдал ажээ. Энэхүү хэмжээ өдгөө 2019 оны байдлаар 10000 ам доллар даваад байгаа юм. Ирэх 10 жилийн тухайд эдийн засгийн өсөлтийн сааралтыг зөв удирдах үндсэн зорилт тавигдаж буй бөгөөд , санхүүгийн тогтвортой байдлыг хангах, түргэсэж буй насжилтыг тойрсон асуудлыг шийдэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг шинэ шатанд гаргаж эрс нэмэгдүүлэх зэрэг томоохон сорилтууд тулгарна. Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэд байхыг ирэх 3 гуравдугаар сард болох Ардын Их Хурлын чуулганы шийдэл гартал нийтэд зарлахгүй нь ойлгомжтой ч зарим тайлан мэдээллээс үзэхэд  эдийн засгийн өсөлт 6 хувьд арай ч хүрэхгүй байхыг Хятадын засгийн газар зөвшөөрч, мөнгө, төсвийн “оновчтой” бодлогоо хадгалах ажээ. Төрөөс эдийн засгийг мөнгөний нийлүүлэлт, зээллэгийг нэмэгдүүлэх замаар  дэмжих бодолгүй гэж байгаа боловч Төв банк нь бодлогын хүүгээ бууруулж, банкуудаас төв банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг багасгаж, жижиг пүүс компаниудад хүрдэг зээлийн шугамыг нэмэгдүүлж, хүндрэлд орсон 3 банкыг батлан даалаа.    Байдал ийнхүү төвөгтэй байгаа ч эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд 6 хувьд арай  хүрдүггүй юм аа гэхэд өсдөгөөрөө өснө өө. Хөрөнгө оруулалт, экспорт, үл хөдлөх хөрөнгийн зах зээл илүү хурдацтай өсөх боломж бий.  Санхүүгийн салбарт үймээн гаргах эрсдэлтэй,  хөрөнгийн эх үүсвэр нь  найдвар муутай олон зуун жижиг банкууд, хөрөнгө мөнгөний гачигдалтай, өр зээлэнд баригдсан орон нутгийн засаг захиргаадыг тойрсон хүндрэл эрсдлүүд байгааг санхүүгийн болон зохицуулах үүрэг бүхий  төрийн байгууллагууд сайтар мэдэрч ажиллаж байгаа.   Туг дарцаг болсон, бас өр, зээлийн дарамтад орсон хувийн хэвшлийг дэмжин ажиллах тухай гоёмсог яриа байдаг ч  бодлого, үйл ажиллагаа нь хэлсэнтэйгээ нийцэхгүй урьдын адил үр ашиг муутай, алдагдалтай ажилладаг улсын үйлдвэрийн газруудыг дэмжих талдаа хэвээр байгаа. Өргөн хэрэглээ өсөж буй ч өр нэмэгдэж, зээлийн үйлчилгээ(үндсэн өр, хүү)-ний төлбөр хурдтай өсөж, амьдралын зөрүү тэгш бус байдал ихтэй, ажлын байр санаа зовоодог зэрэг нь хэрэглээг хязгаарлаж байна. Хот суурин газрын ажил эрхлэлтийн өсөлт  2012 он хүртэлх арван жилд жилдээ  4 гаржй хувиар буурч байсан бол сүүлийн жилүүдэд 2.5 хувиар буурчээ.  Үндэсний Статистикийн Товчооны мэдээгээр 2014 оноос хойш үйлдвэр, барилгын салбарт бараг  17 сая ажлын байр үгүй болж, сүүлийн хоёр жилд жил бүр  6 хувиар буурчээ. Үйлчилгээний салбарт ажлын байр жил бүр 3 орчим хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлийг  өнөөг хүртэл тогтвортой байлгаж байна.  Энэ салбарт ч бас ажлын байрны өсөлт саарч, бага цалинтай, бүтээмж муутай ажлын байр хорогдож байна. Ажиллах хүчний өрсөлдөх чадвар  дутмаг байгаагаас боломжоо алдаж,  мэргэжлийн ур чадвар нь  ажлын шаардлагатай нийцэхгүй болж байна. Ажиллах хүчний 40-өөс доош хувь нь дунд сургууль төгссөн, 20 хүрэхгүй хувь нь мэргэжлийн коллежийн боловсролтой байна.  Худалдааны дайн сөргөлдөөн хятадын ажил эрхлэлтэд шинэ аюул занал учруулж байна. Учир нь зарим компаниуд худалдааны маргааны сөрөг дагавраас зайлхийхийн тулд хятадын зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээнээс гарах асуудлыг авч үзэх боллоо.  Худалдааны гаалийн тарифын асуудал нь технологийн албадан  шилжүүлэлт, оюуны өмчийн сул хамгаалалт, кибер хулгай, худалдааны нууцийн аюулгүй байдал, дотоодын бизнест давуу эрх олгодог аж үйлдвэрийн  бодлого, хувийн компанийн удирдлагад намын зүгээс оролцох явдал зэрэг тарифын бус саад тотгоруудыг нэмэгдүүллээ.  Америкийн  болон Европын Холбооны Худалдааны танхимын хоёулангийнх нь мэдээгээр тэдний олон гишүүд бизнесийн сүлжээнийхээ хэсгийг Азийн бусад орнууд болон Мексик руу Хятадаас шилжүүлсэн буюу шилжүүлэхээр хэлэлцэж буй ажээ.  Худалдааны дайн сөргөлдөөн нэг хэсэгтээ үргэлжлэх төлөвтэй байгаа хийгээд нийлүүлэлтийн сүлжээний төлөвлөлт хэрэгжилт удаан хугацааны бас өртөг зардал ихтэй үйл явц учраас ажлын байр яваандаа багасаж, ирэх жилүүдэд магадгүй  сая саяар хорогдох хүлээлт байна. Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал 2019 оны Засгийн газрын болон намын голлох хэлэлцүүлэг бүрийн хамгийн тэргүүн ээлжийн асуудал болсон бөгөөд цаашдаа энэ асуудал төр засаг, намын анхаарлын төвд хэвээр оршиж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх зорилтой уялдаж явна гэдгийг бид хүлээж байна. Гэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтыг эхлэн хэрэгжүүлэнэ гэж нийтлэлийн эхэнд яригдсан бодлого  нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажил эрхлэлийг өсгөхөд нөлөөтөй арга биш юм.  Бүтцийн болон мөчлөгийн шинжтэй арга хэмжээ авч, нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл дэх тэгш бус байдал үргэлжлэн нэмэгдвэл ажил эрхлэлт  улам бүр тодорхой бус нөхцөлтэй тулгарна. Нэг талаас зээллэгийг хязгаарлах, нөгөө талаас  эдийн засгийн хурдтай өсөлтийг хангах хоёрын  тэнцвэрийг олох гэсэн Бээжингийн нарийн ухаан явуургүй байж болох юм.  Мэдээж засгийн газар өсөлтийг эрчимжүүлэхийг хичээнэ. Байдлыг зөв чиглэлд оруулах оновчтой бодлогын тухайд ярина гэвэл зээллэгийг хязгаарлах явдлыг дэс дараатай аажим  хэрэгжүүлж, зах зээлийн илүү их баримжаатай шинэчлэл хийж, өнгөрсөн хэдэн арван жил хэрэгжүүлж ирсэн нээлттэй хаалганы бодлогыг үргэлжлүүлэхийг шаардахын зэрэгцээ өнөөгийн засаглалын бүрдээд буй шинэ тогтолцоог бүрэн шинэчлэх эсвэл бүхэлд нь эсрэгээр болгох  явдал болно. Өөрөөр хэлбэл тогтвортой байдлыг хангах тухай хэт ихэдсэн хүсэл яг эсрэг үр дүн авчрах эрсдэлтэйг анхаарвал зохино.  


Олон улсын харилцааны эдийн засагч, судлаач Д.Даваасамбуу

2020 оны 1 дүгээр сар 8




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.