Нийгэм


Баар рестораны эзэдтэй уулзалт зохион байгууллаа

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэнтэй холбогдуулан аюулгүй байдал, аливаа осол, гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар ресторан, караокены эзэдтэй уулзалт зохион байгуулж мэдэгдэл хүргүүлж ажиллажээ. Энэ талаар тус дүүргийн чиглэлийн ахлах, цагдаагийн дэд хурандаа Ц.Дунжидаас зарим зүйлийг тодруулав. Сурвалжлагч : Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн зүгээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг хэрхэн журамлаж ажиллаж байна вэ? д/х Ц.Дунжид : Тус дүүргийн 1-9 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 24933 дуудлага мэдээлэл ирсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар буурсан байна. Үүнээс архидан согтуурахтай холбоотой 6427, ахуйн хүрээндээ архидан согтуурч танхайрсан 2689 , гудамж талбайд 3131, диско баар 1639, караоке 175, ресторан 198, зочид буудал 98, дэлгүүр 254 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Арга хэмжээний үеэр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 80 аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 24.470.000 төгрөгөөр, 6.5 дугаар зүйлийн 11 дэх зааснаар 21 насанд хүрээгүй этгээдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсанаар 21 аж ахйн нэгжийг 3.800.000 төгрөгөөр, нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил буюу 5.1 дүгээр зүйлийн 2-т заасан Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан 627 иргэнийг 15.675.000 төгрөгөөр, гудамж талбайд зөрчил гаргасан 215 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 2,850,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Мөн Эмзэг цэг арга хэмжээ зохион байгуулж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түгээр үйлчилдэг газруудад өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл /9.1./ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар /9.1.1./ байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах, Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2. “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газар /хуулийн 7.2.2./ 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.



Сурвалжлагч : Баар ресторанууд хууль журам биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авч байна вэ?

д/х Ц.Дунжид: Нийслэлийн Засаг даргаас баталсан “Архи согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарыг тогтоосон” А/504 тоот захирамжийн дагуу цагийн хязгаарыг баримталж ажиллаж байгаа эсэхэд цагдаагийн байгууллагаас тогтмол хяналт тавин ажиллаж байна. Бие даасан байртай бол 04:00 цаг хүртэл ажиллана, харин нийтийн эзэмшлийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулдаг бол 00:00 цаг хүртэл ажиллах зохицуулалттай байгаа. Мөн цагдаагийн байгууллагын зүгээс 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх үйл ажиллагаанд нь хяналт тавьж байна. Улмаар удаа дараа Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг зөрчиж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа холбогдох хууль хяналтын байгууллагад нь уламжилж ажиллаж байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлж ажиллуулах зөрчил шалгалтын явцад их гардаг. Хэрэв ийм тохиолдолд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт зөрчлийн тухай хуульд байдаг тул цаашид үүндээ анхаарч ажиллахыг зөвлөж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.