Нийгэм


Эрсдэлгүй татвар төлөгч татварын хяналт шалгалтад хамрагдахгүй

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, хуульд орсон өөрчлөлтийн талаар ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсых ахлах байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе! Татварын хуулийн шинэчлэлттэй холбоотой татварын хяналт шалгалтын талаарх мэдээлэл өгнө үү?

- Ирэх оноос хэрэгжих татварын багц хуультай холбоотой “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”, “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох” зэрэг нийт 35 журам хэрэгжинэ. Шинээр хэрэгжих хуулинд татвар төлөгчийг эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хяналт шалгалтанд хамруулахаар тусгасан байгаа.

- Эрсдэлтэй татвар төлөгчийг хэрхэн тодорхойлж татварын хяналт шалгалтад хамруулдаг вэ?

- Татварын алба оны эхнээс тайлант жилд хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчийн эрсдэлийн түвшинг тодорхойлох замаар төлөвлөн ажилладаг. ТЕХ-д татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийхээр хуулийн зохицуулалт орсон . Энэ хяналт шалгалт нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн тайлант болон өнгөрсөн үеийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд цахим хэлбэрээр хяналт шалгалт хийнэ гэсэн үг. Тухайлбал: Татвар төлөгч цахимаар НӨАТ-ийн тайлангаа илгээхдээ гаалийн мэдээ эсвэл  борлуулалтын орлогоо дутуу тайлагнасан тохиолдолд татварын алба тайланг залруулах, тайлангийн ногдлыг зөв болгох талаар татвар төлөгчдөд мэдэгдэх замаар цахим хэлбэрээр ажиллахыг хэлж байгаа юм. Энэ хяналт шалгалтын загвар нь цаг үеэ олсон маш чухал хяналт шалгалт байх болно гэж харж байгаа.

- Хялбаршуулсан хяналт шалгалт нь татвар төлөгч талдаа эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

- Болно. Энэ хяналт шалгалт нь татвар төлөгчийн татварын албанд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй татвар төлөгч нарт алдаатай мэдээллийг утас, цахим хаягаар мэдэгдэх замаар татварын ногдлыг залруулах, татвар төлөгчийг эрсдэлгүй байлгах, Улс, орон нутгийн төсөвт төлөх ёстой татварын орлогыг хуулийн дагуу цаг тухай бүр төлүүлэх, эрсдлийг хуримтлуулахгүй байхад чиглэсэн хяналт шалгалтын шинэ бүтээгдэхүүн юм.

- Татварын хяналт шалгалтын хувьд татвар төлөгчдөд ногдуулж байгаа хариуцлагад ямар өөрчлөлт орсон бэ?

- Нилээдгүй өөрчлөлтүүд орсон Үүнд:

1.Төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар;

2.Төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар.

3.Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгох зэрэг өөрчлөлтүүд орсон байгаа.

- Татварын алба эрсдэлтэй татвар төлөгчийг зөвхөн хяналт шалгалтанд хамруулна харин эрсдэлгүй тохиолдолд хэдэн ч жил хяналт шалгалтад хамрагдахгүй байж болох уу?

- Татварын алба зөвхөн эрсдэлтэй буюу татварын хууль, тогтоомжийг зөрчсөн татвар төлөгч нарыг татварын хяналт шалгалтад хамруулна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан бол шинэ хуулиар 4 жил болж буурсан. Эрсдэлгүй хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа татвар төлөгч татварын хяналт шалгалтад хамрагдахгүй.

 - Татвар төлөгчийн хүсэлтэнд үндэслэн хяналт шалгалт хийнэ гэдгийг тодруулаач?

- Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээр татварын албанд хүсэлт гарган хяналт шалгалтад хамрагдахыг хэлнэ. Тухайлбал ААН татан буугдах хүсэлтэй тохиолдолд татварын алба эрсдэлтэй гэж тооцсон тохиолдолд хяналт шалгалтад хамруулна. Эрсдэлгүй гэж үзвэл хяналт шалгалтад хамрагдахгүй, илтгэх хуудас бичигдэнэ. Түүнчлэн ААН нэгдэх, тусгаарлах эсвэл дотоод, гадаадын зах зээл дээр гарч ажиллахад тавигддаг шаардлыг хангах зорилгоор шалгалтад хамрагдах, бусдад эрхээ шилжүүлэх зэргээр өөрийн хүсэлтийн дагуу хяналт шалгалтад хамрагдах боломжтой.

- Бизнес эрхлэгч нарыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх тал дээр хуулийн ямар заалт байгаа вэ?

- ТЕХ-д татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, хожим үүсч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор  татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон эсэхэд хяналт тавих, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, олгох, илгээх, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахаар хуульд тусгагдсан. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад иргэн бүрийн оролцоо нэн чухал болоод байна. Өөрөөр хэлбэл худалдан авалт бүрдээ иргэд, бизнесийн байгууллагууд төлбөрийн баримтаа тогтмол авч хэвших нь далд эдийн засгийг хязгаарлах, арилгахад эерэг нөлөө үзүүлж байна.

- Жишиг үнийн аргыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?

- Хяналт шалгалтын явцад татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд энэ аргыг ашиглана. Тухайлбал татвар төлөгчийн зүгээс санхүү, татварын тайлан, бүртгэл хөтлөөгүй эсвэл дутуу хөтөлсөн, баримтаа алдсан, устсан болон татварын ногдлоо илт буруу тодорхойлсон зэрэг зөрчлүүд практик дээр нийтлэг гардаг. Энэ тохиолдолд татварын алба өөрт байгаа мэдээлэл болон тухайн татвар төлөгчийн үйл ажиллагаатай ижил эсвэл ойролцоо хүчин чадал бүхий татвар төлөгчтэй харьцуулалт хийх, хэд хэдэн татвар төлөгчтэй харьцуулалт хийх зэргээр хяналт шалгалтын ажлыг хийнэ.

- Бичил, жижиг сегментийн татвар төлөгч нарыг татварын хяналт шалгалтанд огт  хамруулахгүй гэсэн энэ үнэн үү?

- Эдгээр сегментэд хамрагдах бизнес эрхлэгч нарын хяналт шалгалтыг эрс багасгана. Бичил, жижиг сегментийн татвар төлөгч нараас эрсэлтэй хэсэгт татварын хяналт шалгалт хийн гарсан нийтлэг зөрчлийг дахин гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлогоор ханган ажиллана. Энэ оны 9, 10-р саруудад найман нэр болон махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийг эрсдэлд суурилан хяналт шалгалтанд хамруулан гарсан нийтлэг зөрчлийг дахин гаргуулахгүй байх үүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг Улсын хэмжээнд зохион байгуулсан. Татварын алба татвар төлөгч нараа гаргасан зөрчил дээр нь хариуцлага тооцох гэхээсээ илүүтэйгээр тухайн зөрчлийг дахин гаргуулахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллана.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.