Улс төр


Танхимын сайд нар зөрчилдөж эхлэв

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж байна. Энэхүү шийдвэрээр уул уурхайн  компаниуд АМНАТ төлөхгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ингэснээр Улсын төсөв 2020 онд 1.3 их наяд төгрөгөөр тасалдана хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.  Харин ЕТГ-ын дарга З.Энхболд “Төсөвт хэзээ ч АМНАТ-өөс 1.3 их наяд төвлөрдөггүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар худалч” гэх тайлбар өгсөн. Улмаар ЕТГ-ын дарга З.Энхболдыг өөрийн хамаарал бүхий “Страто” компанийн эрх ашгийг хамгаалж, Цэцэд нөлөөлж ийм шийдвэр гаргуулсан гэх яриа ч байв.  Ийнхүү тэдний дундах маргаан хэд хоног үргэлжиллээ.

Тэгвэл өчигдрөөс эхлэн албан ёсоор  АМНАТ-ийн асуудал Засгийн газрын сайд нарын хооронд маргаан болж хувирав.   Өмнө нь албан бусаар  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар нарыг  АМНАТ дээр эсрэг байр суурьтай гэж яръж л байсан. Тэгвэл өчигдөр Д.Сумъяабазар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын биш  ЕТГ-ын дарга З.Энхболдын “талд” байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Төсвийн орлого тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын маргаан юм шиг болж байна. Монгол төр бол нэгдсэн бодлоготой. Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх УИХ-д байгаа. Тиймээс УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Асуудлыг улстөржүүлээд юм уу, бие биеийгээ буруутай гэж ярих юм ерөөсөө байхгүй. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавьбал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэх асуудал байгаа” гэсэн байна.

Харин түүний өмнөхөн  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ “Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц Их суудлын хуралдаанаараа гаргасан. Тодорхой хэлбэл, Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Олон улсын нэр томъёогоор рояалти Монголд бол AMHAT гэсэн татвартай. Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх нь тодорхойгүй болсон. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь авч хаясан байна. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого дутах эрсдэл үүсч байна. Зарим хүн үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа. Тухайлбал, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 72 ам.доллараар авч байгаа. Дотооддоо худалдаж байгаа учраас АМНАТ-ийг 2.5 хувиар төлдөг. Тэгэхээр энэ хуулийг яаралтай  өөрчлөх хэрэгтэй” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  АМНАТ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн тухай яригдаж байсан.  Гэвч өчигдөр УУХҮ-ийн сайд нь ийм байр суурь илэрхийлснийг бодоход  салбарын сайд нар нь ойлголцоогүй бололтой.


Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.