Эдийн засаг


Бичил уурхайчид “нинжа” биш

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд зориулан сургалт явууллаа. Сургалтаар уул уурхайн салбарыг дагасан олон асуудлыг шийдвэрлэж, байгаль орчныг нөхөн сэргээж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад бичил уурхай томоохон үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн гол нь амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, хууль бусаар газар ухаж, эмх замбараагүй “нинжа” гэж нэрлэгдсэн иргэдийг хууль ёсны үйл ажиллагаатай, “Хариуцлагатай бичил уурхайчин” болгож байна. Дэлхийн жишгээр томоохон уул уурхайн олборлолт явуулдаг улс орон бүрт хүмүүс их бага хэмжээгээр хувиараа алт, жонш зэргийг олборлох ажлыг хийж байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Үүнийг үгүйсгэж, хүчээр хорьж, хязгаарлахаас илүүтэй нэгдсэн зохион байгуулалтад оруулж, албажуулж, хууль журмын дагуу хариуцлагатай үйл ажиллагаа явуулах боломжийг олгох нь чухал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.



Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим иргэн бичил уурхайгаас амьжиргаагаа залгуулж байна. Бичил уурхайн салбар хэдэн зуун жилийн түүхтэй. Уул уурхайн томоохон ордыг сүүдэр мэт даган хөгждөг энэ салбарыг дэлхийн улс орнууд зөв замаар нь хөгжүүлж албажуулсан байдаг. Бичил уурхайчдыг албажуулна гэдэг нь албан ёсны гэрээт газруудтай, Монгол банкинд алтаа тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг, тогтсон ажлын цагийн хуваарьтай, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхийг хэлдэг. Монгол орны хувьд өнөөдрийн байдлаар 60 мянга орчим иргэн хувиараа ашигт малтмал олборлон амьжиргаагаа залгуулж байгаа бол 10 мянга орчим иргэн албажин, нэгдсэн зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу хариуцлагатай  бичил уурхайчид болон ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд “Шударга олборлолтын алт”, “Эко алт” гэдэг ойлголт бий болсон. Энэ нь тухайн олборлосон алтыг байгаль орчинд ээлтэй хоргүй технологиор гарган авсан, гарал үүсэл нь баталгаажсан, нөхөн сэргээлт хийсэн зэргийг харгалзан үздэг болсон гэсэн үг. 2019 оны РИО-гийн олимпын алтан медалийг Монголын “Хариуцлагатай бичил уурхай” эрхлэгчдийн олборлосон алтаар хийсэн гэдгийг бидэнд мэдэгдсэн. Энэ бол маш том хариуцлага бас нэр хүнд. Өнөөдөр манай холбоо10 гаруй аймгийн 30 гаруй сумтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Манай холбооны гол зорилго бол нинжа буюу ашигт малтмал олборлохдоо амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хариуцлагатай  болгох юм. Дараа нь тэднийг Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлсэн төлөвшсөн иргэн болгоход чиглэсэн ажлуудыг хийж байна. Энэ зорилгынхоо хүрээнд бичил уурхай эрхлэгчдээ мэргэжил олгох сургалтад хамруулж байна. Мөн 2019 оноос Трафигура Олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээний хүрээнд бичил уурхай бүхий аймгуудад эмэгтэйчүүд хүүхдийн хөгжилд чиглэсэн “Эх үрс-Хөгжлийн хөтөч” аян, бичил уурхайчдын хүүхдүүдийг сургах зуны гэр цэцэрлэгийн болон байгаль орчны нөхөн сэргээлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна

Үе үеийн Засгийн газар бичил уурхайн салбарт тогтвортой зөв бодлого баримталж ирсний үр дүнд өнөөдөр бичил уурхайчид маш сайн үр дүнд хүрээд байна. Монгол Улс Азидаа цорын ганцаар бичил уурхайн стандартыг олон улсын төвшинд хангасан гэж үнэлэгдсэн бөгөөд хууль бус олборлолтыг эсэргүүцдэг. Бид 2013 оноос хойш 450 га талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн. Бичил уурхайчдын ашиглалтын талбай одоогийн байдлаар 350 гаруй га талбай байдаг. Манай нэгдсэн холбооны гишүүн байгууллага 15 аймгийн 55 суманд үүсгэн байгуулагдаад байна. Нийт 87 ТББ-ын 420 гаруй нөхөрлөл орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ. 

Хэнтий аймгийн Бичил уурхай холбооны тэргүүн Н.Нацагмаа хэлэхдээ “Хэнтий аймгийн 9 сумын 60 нөхөрлөл 500 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бичил уурхайчид тус бүр албан ёсны кодтой, үүрэг хариуцлагатай,  ТББ болон төр засагтайгаа хамтран ажилладаг. Аймагтаа нэгдсэн холбоо байгуулан Хэнтий аймгийн Бичил уурхайн дэд зөвлөлд орж,  2018 оноос хамтран ажиллаж байна. Нэг суманд бичил уурхай эрхлэх 50 га газар байдаг. Хэнтий аймгийн 9 суманд 175 га газрыг л бичил уурхай эрхлэгчид ашиглаж байгаа. Бид орон нутагтаа татвараа төлж, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж, + 30 хэмд ч, - 30 хэмд ч ажиллаж, амьдралын хэрэгцээгээ хангах гэж, үр хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарах гэж хичээж ирсэн. Манай аймгийн хувьд Батноров, Норовлин, Дархан суманд А лицензтэй компани, Сумын захиргаа, бичил уурхай эрхлэгчидтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.    


Төв аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбооны тэргүүн Н.Наранцогт “Миний хувьд 20-иод жил ашигт малтмал олборлох ажлыг хийж байна. Муу нэртэй нинжа гэж хэлэгдэж, хэзээ үхэхээ мэдэхгүй амь нас эрсдэлтэй орчинд ажиллаж амьдарч байсан. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалж, төрд дуу хоолойгоо хүргэж, шаардлагатай журам батлуулж, эрсдэлгүй аюулгүй ажиллах боломжийг бүрдүүлэхээр 2008 оноос ТББ байгуулан ажиллаж байна. Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны тэргүүнээр 6 жил ажилласан. Тиймээс “Хариуцлагатай бичил уурхайчид бол нинжа биш” гэдгийг дахин хэлмээр байна. Алтыг ялган авахын тулд мөнгөн ус ашигладаг. Тэгвэл манай Төв аймгийн Борнуур сумын хувьд хоргүй технологийг хамгийн түрүүнд нэвтрүүлж “Борнуур мөнгөн усгүй амьдрал” төсөл хэрэгжүүлж байна. Үнэндээ бичил уурхайгаар нинжа нарын эрх дураараа аашилдаг байдлыг хянаж, амь нас нь эрсдэлтэй нөхцөлд ажиллаж амьдарч байгааг нь аюулгүй болгох боломжтой. Бичил уурхайчдад ажиллах газрыг нь өгч, үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгочихвол гэрээний дагуу хариуцлагатайгаар олборлолт хийж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийнэ. Учир нь бид нутаг орныхоо буян хишгийг хүртэж байгаа, эзний ёсоор хайрлан хамгаалж чаддаг. Бичил уурхайчид бид гадаад яваагүй, хот руу нүүгээгүй, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа нутгаа сахисан эзэд” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шижир хишиг нөхөрлөлийн бичил уурхайчин н.Нармандах хэлэхдээ “ Миний хувьд СУИС-ийн жүжигчний ангийн оюутан байсан. Төлбөрийн шалтгаанаар сургуулиа орхиж нутаг орондоо очоод ажлын байргүй, гэр бүл зохиосон зэрэг олон шалтгаанаар “нинжа” болох замыг сонгосон. Амь нас эрсдэлтэй орчинд ажиллаж, гэмтэл бэртэл, амь насаа алдаж байгаа олон жишээг харсан ч амьдралын төлөө ажилласаар л байсан. Харин одоо бичил уурхайчин болсноор аюулгүй эрсдэлгүй ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж, төрийн үйлчилгээг тэгш хүртэж байна. Мөн бичил уурхай эрхлэх нь эрсдэлгүй ирээдүй мөн гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлж нэгдэж, хоршиж ажиллахыг ухуулан таниулах ажил хийж байна” гэлээ.

Ховд аймгийн Алтай сумын Гоолингоо оёдлын цехийн захирал П.Мөнхзаяа хэлэхдээ “Дөрвөн жилийн өмнө гэр бүлийн маань хүн гэнэтийн тохиолдлоор нас барж, би гурван хүүхдийн хамт өрх толгойлсон эмэгтэй болон үлдсэн. Өрх толгойлсон 600 эмэгтэй хувиараа ашигт малтмал олборлож, нинжа болон амьдралаа авч явдаг. Миний амьдралд тохиолдсон гэнэтийн зүйл, мөн нөхөр маань өндөр зээлтэй байж би хамтран зээлдэгчийн хувиар өр төлбөр төлөх үүрэг хүлээж, үр хүүхдээ өсгөхийн тулд энэ замыг сонгосон. Хувиараа ашигт малтмал олборлох энэ ажил амар хялбар биш амь насанд эрсдэлтэй, аюултай. Харин бичил уурхайчин болон ажилласанаар эрсдлээс айх аюулгүй болсон. Одоо би орон нутагтаа бичил уурхай эрхлэгчдэд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн зөвөлгөө өгөх, сургалт явуулах ажлыг Ховд аймагтаа хариуцан явуулдаг болсон. Өнгөрсөн оноос Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн Дээвэр холбоо Канад сантай хамтран “Уурхайчнаас Үйлчин” төслийг 7 аймгийн 21 суманд хэрэгжүүлж байгаа. Манай суманд энэ төсөл хэрэгжин би сумынхаа бичил уурхай эрхлэгч хоёр эмэгтэйтэй хамтран “Гоолингоо” оёдлын цех байгуулан ажиллаж байна. Оёдлын бүх төрлийн үйлчилгээ эрхэлж, бичил уурхай эрхлэгчиддээ ажлын хувцас урлах ажлыг хийдэг болсон" гэсэн юм.

П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.