Нийгэм


Монгол улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болсон

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Иргэдийн газар өмчлөлийн тухай хуулийн мэдлэг, сул байгаатай холбогдуулан Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлууд шат дарааллан явагдаж байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, орлогч дарга Г.Баярсайхан нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн билээ. 2019 оны 10 сарын байдлаар нийт 199196 иргэнд газар өмчлүүлээд байнна. Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг, сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй.

У.Сувдсүрэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0,07 га буюу 700м2 хүртэл, аймгийн төвд 0,35 га буюу 3500м2, сумын төвд 0,5 га буюу 5000м2 хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөр эрхтэй гэж заасан. Иргэд эзэмшиж буй газраа өмчилж авснаар өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах давуу талуудтай бөгөөд дээр нь хууль тогтоомжинд заасан бусад эрхүүдийг ч мөн эдлэх боломжтой” гэлээ.

Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулинд 2008 онд нэмэлт өөрчлөлт орж Монгол улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болсон. Иймд иргэн та 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломж бүрдэж байгаа юм. 2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны аравдугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг  эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажил зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн тус арга хэмжээнд идэвхитэй оролцож, харъяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газрын харилцаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхийг уриаллаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.