Улс төр


У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ?

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал аравдугаар сарын 17-нд буюу Пүрэв гарагт болно. Тиймээс өнөөдөр /2019.10.16/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчийг сонгоно.

Холбооны дүрмийн дагуу ээлжит хурал дөрвөн жилд нэг удаа болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг. Одоо НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байна. Харин дүрмийн дагуу ээлжит хуралдаанаар ерөнхийлөгчид нэр дэвшигчид өрсөлдөж, олон санал авсан нэр дэвшигчийг тодруулна. Мөн дүрмийн дагуу ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох боломжтой ч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Цогзолмаа гишүүн өрсөлдөхгүй гэсэн мэдээлэл байна.

Хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр НАМЭХ-ны ээлжит VI чуулган хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар өрсөлдөж, Ц.Цогзолмаа олонхын санал авч, сонгогдож байжээ. НАМЭХ нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны дарга, ажлын алба, 21 аймаг, есөн дүүрэг, 152 хороо, 331 сумдад салбар зөвлөлтэй байх бөгөөд Хяналтын хорооны гишүүд, дэд дарга, даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл энэ удаагийн ерөнхийлөгчийн сунгаанд хэн хэн өрсөлдөх вэ. Дүрмийн дагуу НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг намын дарга хуралд санал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн даргын нэрийг оруулж ирнэ.

МАН-ын НАМЭХ дотор яригдаж байгаагаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна горилогчид дунд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Сөүл”-ийн Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нарын нэрс ч яригдаж буй. Гэхдээ энэ удаагийн горилогчдоос УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын дунд гол өрсөлдөөн болох болов уу гэсэн таамаг байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ




УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сэтгүүл зүйн салбараас гаралтай хүн. УИХ-ын гишүүн байсан У.Хүрэлсүхийн оронд жагсаалтын эрэмбээр орж ирсэн нэгэн.  У.Хүрэлсүх сайд ар гэрийн гачигдлаар гишүүнээсээ чөлөөлөгдөхөд түүнийг оронд гишүүн болж, хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон бөгөөд одоо мөн У.Хүрэлсүхийн танхимын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй. Эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл, бодлого нь эмэгтэй хүний ухаанаар асуудалд ханддаг гэж намынхан дүгнэдэг. Улстөрчийн хувьд тэр туршлагатай, ажлаа мэддэг нэгэн. Тиймээс ч энэ удаагийн НАМЭХ-ны ерөнхийлөгчид намын дарга У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд яригдаж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд"ММ" агентлагийн захирал
  • 1997-1999 онд"ММ" агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд"ММ" агентлагийн захирал
  • 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА




2016 онд МАН ялалт байгуулсны дараа Засгийн газраа бүрдүүлэхэд хамгийн залуу, боловсролтой, нүдээ олсон томилгоо нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа байсан. Томилогдсоноосоо хойш Монгол Улсын эдийн засгийн уналт, сэргэлт, өсөлтийн тоо бүхний ард Х.Булгантуяа болон түүний баг ажиллаж байсан. Хэдийгээр Засгийн газар унаж, дараагийн Засгийн газар байгуулагдсан ч Х.Булгантуяа дэд сайд ажилдаа үлдсэн. Одоогийн сайдтайгаа ч гар нийлж, мэргэжлийн ажилладаг гэдгийг нь нам дотор ч нийгэмд ч хүлээн зөвшөөрөгддөг нэгэн. Тэрбээр энэ удаад НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд албан ёсоор өрсөлдөх хүсэлтээ өгсөн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ганц хүн. Улс төрийн хувьд тэр шинэ биш ч МАН-д, улс төрд байх ёстой дүр, боловсролтой боловсон хүчний нэг. Тиймээс түүнд намынхан нь аль ч тал, фракц хир халдаахаас илүү хамтрах, дэмжиж ажилладаг гэдгийг намынхан нь хэлэх юм билээ. Тиймээс энэ удаагийн НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж, сонгогдох боломжтой хүнээр түүнийг МАН-ын эмэгтэйчүүд нэрлээд байгаа сурагтай.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • Авсрали Улсын Канберра хотын Лайнем дунд сургуульд бүрэн бус дунд сургууль
  • Монгол, Туркийн хамтарсан сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль
  • МУИС-ийн  Математик комьпютерийн сургуулийн хэрэглээний математикийн анги
  • БНХАУ-ын  Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж,  эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг
  • АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д  олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг  тус тус хамгаалсан.
  • Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч
  • “Оюутолгой” ХК-ийн  Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх
  • 2012 оноос “Петровис”  ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга
  • Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2016 оноос Сангийн дэд сайд



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.