2019,10-Р Сар,15


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




TIMES Ярилцлага


С.Урансувдмаа: Голомт банк намайг 240 сая төгрөгөөр хохироосон

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Голомт банк нь харилцагчийнхаа данснаас мѳнгийг нь авч эд хѳрѳнгѳ, орон байрыг нь булаасан асуудлаар хохирогч С.Урансувдмаа мэдээлэл хийлээ. 


Голомт банкны харилцагч иргэн С.Урансувдмаа: "Миний бие Голомт банкнаас үйлчилгээ авсныхаа улмаас зургаан жил хохирсон. Голомт банктай холбогдсон түүхээ товч дурдъя. 2013 оны долдугаар сарын 1-нд супермаркетаа түрээслүүлье гэдэг зар өгсөн байгаа. Зарын дагуу О.Уламбаяр гэдэг залуу холбогдож эхний ээлжинд нэг жилийн түрээсийн гэрээ хийе. Түрээсийн гэрээ хийснийхээ дараа төлбөрөө авах хугацаанд худалдаж авахаар болж, худалдах худалдан авахын гэрээ тохиролцоод өөрийгөө нилээд олон компаний үйл ажиллагаа явуулдаг гэж танилцуулсан. Энэ бүх үйл явдлын дараа гэнэт тэр залуу ирээд манай эхнэр Голомт банкинд зээл авах боломжтой байна. Зээлийг эхнэрийнхээ нэр дээр авах боломж байна гэсэн. Тухайн үед ямар төрлийн зээл гэдгийг би мэдээгүй. Банкны эдийн засагч дээр очиход ипотекийн зээл гэж хэлсэн. О.Уламбаяр гэх залуугийн эхнэр нь ипотекийн зээлийн 30 хувийг Голомт банкинд байршуулсан гэх гүйлгээ надад үзүүлсэн. Ингээд худалдах, худалдан авах гэрээгээ утга дээр нь урьдчилгаа 45 саяыг байршуулсан учраас Голомт банк 100 хувь санхүүжүүлнэ. Иймд н.Энхзулын нэр дээр шилжүүлж болно гэсэн утгатай гэрээ хийсэн юм. Ингээд би Голомт банкаар дамжуулж үл хөдлөх хөрөнгөө зарах үйл ажиллагаа эхэлсэн.


Үүний дараа Голомт банкны Тэнгис тооцооны салбарт менежерээр ажилладаг К.Аделбек гэдэг залуу та манай дансанд төгрөгийн данс байхгүй, зөвхөн еврогийн данстай байна. Тиймээс та дахин төгрөгийн данс нээх хэрэгтэй гэсний дагуу би Голомт банкинд төгрөгийн данс нээлгэсэн. Миний хувьд банкнаас тэр бүр зээл авдаггүй, банкаар дамжуулж янз бүрийн үйлчилгээ авч байсан. Голомт банкны эдийн засагт К.Аделбек гэх залуу ямар луйвар хийснийг би сүүлд ойлгосон. Ипотекийн зээл бол орон сууцанд зориулагдсан зээл. Гэтэл миний үйл ажиллагаа бол хоёр орон сууцны ордертэй боловч 111 мкв супермаркет байгаа. Ямар учраас эдийн засагт ипотекийн зээл өгөх боломжтой гэж харсан гэдгийг би нарийн сайн мэдэхгүй байна. Ипотекийн зээлийн журам уншиж байхад эксроу данс нээх ёстой гэж байгаа юм. Эксроу данс гэдэг нь ямар нэг зээл гарахад банк, банкны харилцагч нарын зээлийн харилцааны данс юм билээ. Гэтэл эдийн засагч залуу мөнгөн хадгаламжийн данс нээсэн байсан. Тус мөнгөн хадгаламжийн дансанд миний обьектоо зарсан тэр эмэгтэйн хууль ёсны нөхөр О.Уламбаяр гэж хүн хуурамч бичиг баримтаар ороод үлдэгдэл 78 саяыг ороход тэр зээлийг аваад өөрийнхөө Хаан банкинд хугацаа хэтэрсэн зээлээ тэр өдөртөө төлсөн байсан. Надад Голомт банкнаас зээл орсон эсвэл таны дансны нууц код гэж ямар ч мэдээлэл ирээгүй. Би өөрөө банкнаас очиж асуухад таны зээл аль хэдийн олгогдчихсон гэж байгаа юм. Үүнийг сонсоод би үнэхээр цочролд орсон. Тухайн үед тус салбарын захирал Б.Цэнгэлмаа миний дансанд орсон мөнгийг обьект худалдаж авсан эмэгтэйн хууль ёсны нөхөр аваад зээлээ төлчихсөн байна гэсэн эдийн засагч К.Аделбекийг дуудаад юу болсон талаар асуусан. Гэтэл К.Аделбек гэх залуу юу болоогүй юм шиг н.Энхзул бол нөхөргүй гэж Голомт банкинд мэдүүлсэн гэж ярьсан. Эдийн засагч К.Аделбек н.Энхзулийн нөхөр О.Уламбаяр гэдгийг хамгийн сайн мэдэж байсан хүн.  Ингээд энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүссэн. 


Банкинд хүний өмчид халддаг бүлэглэл байдаг гэдгийг миний өнгөрсөн зургаан жилийн амьдрал харуулллаа. Энэ бүлэглэл яаж ажилладаг гэхээр цагдаагийн мөрдөгчтэй, прокурортойгоо хамтарч ажилладаг юм байна. Шалгалт үргэлжилсээр ямар байдалд хүрсэн гэхээр Голомт банкны зээлийн үйл ажиллагааг Монголбанкны улсын байцаагч Ж.Однаран гэдэг шинжээчээр шалгуулахад Голомт банкны зээл олголт нь банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж огт зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Надад энэ асуудал дээр ямар хардалж байна гэхээр Голомт банкны харилцагч хохирсон энэ асуудлын цаана Голомт банк байна. Шинжээч нар Голомт банкыг хамгаалаад шүүх дээр очихоос өмнө хаах гэж оролдож байгаа" гэв. 


- 2013 оноос өнөөдрийг хүртэл хохирч байна гэж байна. Бодит хохирол хичнээн төгрөг болсон бэ?


- Миний хувьд сарын 2 сая 600 мянгаар супермаркетаа түрээсэлж амьдардаг байсан. Гэтэл 2013 оны наймдугаар сараас хойш өнөөг хүртэл бизнесийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулж байсан бол бодит хохирол бол 200 орчим сая байна. Үл хөдлөхөө өөр хүний нэр дээр алдсны улмаас би захиран зарцуулах, түрээслэх эрхгүй болсон учраас тухайн үед худалдааны компаниудаас авсан зээлүүд нэмэгдээд миний бодит хохирол 240 сая болоод байна. Надтай адилхан хохирогчид байгаа. Тэднийг ил гарч ирэхийг би хүсч байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.